Монгол хэлний ангийн оюутнууд ЭСЯ-нд зочиллоо

2022 оны 04 сарын 18

Францад монгол хэлний хичээлийг бакалавр, магистрын түвшинд зааж буй Дорно дахины хэл, соёл иргэншлийн үндэсний дээд сургууль (ИНАЛКО)-ийн багш, оюутнууд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Элчин сайдын яаманд зочилж нээлттэй хичээл явууллаа.

Уг арга хэмжээнд Монгол хэл болон Монголын түүх, соёл уламжлал, иргэншлийн асуудлыг судалж суралцаж буй тус сургуулийн магистр, бакалавр, бэлтгэл ангийн 15 оюутан, Шарлот Маркина, Ш.Номиндарь, Ч.Баттулга багш нарын хамт хүрэлцэн ирсэн юм.
 

Энэ үеэр Элчин сайд У.Нямхүү хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ЭСЯ-ны зөвлөх С.Уянга ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын өвүүд, тэдгээрийн хадгалалт хамгаалалтын асуудлаар, 3 дугаар нарийн бичгийн дарга Т.Баяржаргал Монгол-Францын харилцааны түүх, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар тус тус танилцуулж оюутнуудтай харилцан ярилцав.

Монгол хэл болон манай улсын түүх, өв соёлыг судалж буй оюутан залуусыг ЭСЯ-нд урьж, сонирхолтой хичээл арга хэмжээ зохион байгуулсанд тус сургуулийн багш, оюутнууд талархаж буйгаа илэрхийлэв.

Дорно дахины хэл, иргэншлийн үндэсний дээд сургууль нь 1669 оноос эхлэлтэй бөгөөд эдүгээ 120 орчим орны 9000 гаруй оюутан, 3000 гаруй багштай үйл ажиллагаа явуулж байна. Монгол хэлийг 1967 оноос зааж сургаж эхэлсэн ба эдүгээ монгол хэл, иргэншлийн хичээлийн хөтөлбөрийг бакалаврын түвшинд, 2021 оноос магистрын түвшинд явуулахаас гадна анхан шатны мэдлэг олгох бэлтгэл ангийг мөн энэ жилээс хичээллүүлж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top