Л.Энх-Амгалан: Өнөөдрөөс хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өнөөдөр "E-Mongolia"-д шинээр нэвтрүүлж буй мэдэгдэл хүргэх системийн талаар мэдээлэл хүргэлээ. (2022.04.19)


Өнөөдрөөс эхлэн хувь хүний мэдээллийг төр болон бусад бүх байгууллага зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй ба хэрэв тухайн иргэний мэдээллийг ашигласан тохиолдолд гар утсанд нь мэдээлэл хүргэж, зөвшөөрөл авдаг болж байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээллээ.   

Тэрбээр "E-Mongolia гэх цахим системийг хэрэглээнд нэвтрүүлээд хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох, цахим засаглалыг хөгжүүлэх чиглэл рүү томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэн бүгд мэдэж байгаа. УИХ-д Цахим бодлогын байнгын хороо байгуулагдсан. Цахим хөгжил, харилцаа холбооны яам шинээр байгуулагдсан. Мөн "E-Mongolia" системийг бий болгож, төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэх томоохон ажлууд хийж байна. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн 650 үйлчилгээг цахимжуулснаар Монголын эдийн засагт нэлээд их хэмнэлт гарсан. Урьдчилсан судалгаагаар 70 орчим тэрбум төгрөгийн хэмнэсэн гэх тооцоо байна.

Өнөөдөр E-Mongolia платформ дээр бас нэгэн шинэ үйлчилгээ нээгдэж байна.

Энэ нь "Мэдэгдэл хүргэх систем". Иргэн бүрийн мэдээлэл төрд хадгалагддаг. Өнөөдрөөс эхлэн төр өөрт байгаа мэдээллээ давхар шаарддаг хүнд суртлыг халж байна. Иргэдийн мэдээллийг төрийн болон бусад ямар нэгэн байгууллага өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй. Яг ийм байдлаар тухайн иргэн өөрөө мэдэхгүйгээр мэдээллийг нь ашигласан тохиолдол Монголд олон гардаг. Ингэснээр олон хүний эрх зөрчигдөж, улмаар цахим гэмт хэрэг гарах эрсдэл бий болдог. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлж байгаа "Мэдэгдэл хүргэх систем" бол төр өөрт байгаа иргэдийн мэдээллийг ашигласан тохиолдолд тухайн иргэнд мэдэгдэж, зөвшөөрөл авдаг болж байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.107) 2022 оны 04 сарын 19

Талархая

0  |  0
Top