Эмч, эмнэлгийн ажилтны харилцаатай холбоотой 5005 гомдол иржээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр харьяа эмнэлгүүдийн дарга нарыг хүлээн авч уулзаж дараах үүрэг чиглэлийг өглөө.

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилтны харилцаа хандлагатай холбоотой 5005 санал гомдол 2022 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өнөөдрийг хүртэл иржээ. Энэ нь тус төвд ирж буй санал хүсэлтийн гуравдугаарт жагсаж байна.

Дээрх гомдол тус бүрийг хүлээн авч холбогдох газруудад нь дамжуулан шийдвэрлүүлсэн байна. Тус санал гомдлыг хугацаагаар нь авч үзвэл 3-5 хоногт шийдвэрлэсэн 1900, 6-10 хоногт шийдвэрлэсэн 577, 10-30 хоногт шийдвэрлэсэн 281 байна. Иргэдээс ирж байгаа санал гомдлыг хурдан хугацаанд шийдвэрлэх, ажлын сахилга бат алдсан эмч эмнэлгийн ажилчдад хууль, дүрэм журмын дагуу зохих хариуцлагыг тооцохыг сайд эмнэлгийн дарга нарт анхааруулав.  

Мөн УНТЭ-т ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэл үүссэн байсан тул АТГ-аас зөвлөмж хүргүүлсэн. Сайдын зүгээс тус зөвлөмжийн хүрээнд авлигын гэмт хэрэг бусад эрүүл мэндийн байгууллагуудад гарахаас урьдчилан сэргийлж эмнэлгийн удирдлагуудад хатуу сануулав.

 

 

Ажлын цагаар ажлаа хийхгүй иргэдийг бухимдуулдаг алдаа дутагдал гаргаж буй цөөн хүмүүсээс болж салбарын нэр хүнд унах эрсдэлтэй гэдгийг дор бүрнээ анхаарч, асуудалд хариуцлагатай байх ёстой. Ажлаа чин сэтгэлээсээ хийж, хүнд хэцүү цагт ажлаа хариуцлагатай гүйцэтгэдэг эмч, эмнэлгийн ажилчдын ажлын нэр хүндийг цөөн хүний алдаа дутагдлаар унагахгүй байхын төлөө дор бүрнээ хариуцлагатай байх ёстой. Нэг хүн алдахад нийтээрээ зэмлүүлдэг гэдгийг санаж дор бүрнээ хариуцлагатай ажиллаарай гэдгийг энэ үеэр санууллаа.  

Түүнчлэн эрүүл мэндийн салбар 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан. Энэ хүрээнд эмч, ажилчдад чиглэсэн ажлыг зохион байгуулахаас гадна иргэдэд эмнэлгээр зөв боловсон үйлчлүүлэх соёл дадалд суралцуулах чиглэлд эмнэлгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болгов.

2022 оны тавдугаар сарын нэгнээс орон даяар "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношилгоог зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд эмнэлгийн удирдлагууд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн зохион байгуулалтад анхаарч, эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, эмч, үйлчлүүлэгч хоёроо бодсон зохион байгуулалт хийж  ажиллахыг үүрэг болголоо.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххххххххххх(192.82.66.172) 2022 оны 04 сарын 28

ёс зүйгээ эмч нараасаа эхлээчээ

0  |  0
Top