Т.Баярсайхан: Хэдхэн хоногийн өмнө нэг залуу үйлдвэрт үхрийн ширийг 25 мянгаар зарсан

2022 оны 05 сарын 27

 

Монголчууд ХАА-н түүхий эдээ боловсруулж чадвал уул уурхайн салбараас илүү ашиг олох тухай эдийн засагчид ярьдаг. Хонины арьс бохины үнэд хүрэхгүй болсон тухай цөөнгүй мэдээлэл гарсаар хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нэг үхрийн шир 25 мянган төгрөгт хүрсэн байна. Малын арьс үнэгүйдэх шалтгаан нь малын арьсыг хуулахдаа гэмтээдэг, арьсыг гуур, хачигнаас хамгаалдаггүй учраас үйлдвэрлэлийн стандартыг хангадаггүй. Дээр нь арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх төрийн шийдвэр гарсан ч, өнөөг хүртэл хэрэгжээгүй аж. Энэ талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.


-Арваад жил яригдсан арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх ажил яагаад өнөөг хүртэл таг болов?

-Дээрээ шийдвэр гаргаад, доошоо үүрэг өгөөд хэрэгжээгүй л байна. Манайхан шийдвэр гаргачихаад, хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахгүй хаядаг жишээнүүдийн нэг л дээ. Бадамжунай сайдын үед эрдэмтэд арваад газрыг судлаад хамгийн боломжтой нь Эмээлт гэж дүгнэсэн байдаг юм. 2014 онд Засгийн газар Эмээлтэд байрлуулах шийдвэр гаргасан. Гэтэл 2016 онд хэсэг УИХ-ын гишүүн судалгаа хийгээд арьс ширний үйлдвэрүүд Туул голыг бохирдуулж байна гээд өмнөх шийдвэр зогссон юм шиг байгаа юм.

-Судалгаагаар Туул голыг бохирдуулсан нь батлагдсан юм уу?

-Тухайн үедээ гишүүд л тэгж тайлбарласан болохоос арьс, ширний үйлдвэрүүдийг ад үзсэн арван жилийн хугацаанд нэг ч мэргэжилтэн арьс, ширний үйлдвэрүүд Туул голыг бохирдуулж байгаа тухай баримт гаргаж тавиагүй. Тэр битгий хэл БОАЖЯ-ны захиалгаар Чехийн нэг компани судалгаа хийгээд, арьс ширний үйлдвэрүүдээс Туул голд учруулсан хохирол байхгүй гээд дүгнэчихсэн байдаг. Энэ талаар би Чехэд явж байхдаа мэдсэн. Судалгаагаа өгөхийг хүсэхэд "Судалгааг БОАЖЯ захиалсан тул тэдэнд өгнө. Та тэндээс авах боломжтой” гэсэн. Мэргэжлийн хяналтын зарим бай­цаагч нар үйлдвэрийн бохир газар доогуур урсаад Туул голыг бохирдуулсан тухай мэдэмхийрч л байсан.

-Арьс ширний үйлдвэрүүдээс бохир гардаггүй юм уу?

-Би тэгж яриагүй. Мэдээж үйлдвэрүүд химийн боловсруулалт хийдэг учраас үнэрээс эхлээд юм бий. Арьс ширний үйлдвэрээс гаралтай өвчин гараад байгаа тухай иргэд ярьдаг л даа. Би тэнд 40 жил ажиллаж, амьдарсан. Надад мэдэгдсэн хөнөөл алга л байна. Мэдээж боловсруулалтад химийн бодис ашигладаг учраас хүнд сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй.

-Нүүхгүй л гэх гээд байна уу?

-Үгүй, үгүй. Харин ч эсрэгээрээ. Үнэн хэрэгтээ нүүх санаачилгыг үйлдвэрүүд гаргасан тухай би танд хэлсэн шүү дээ. 2012 онд бид яамандаа хандаж хүсэлт гаргас­наар УИХ-ын тогтоол гарсан юм.

-Яагаад та нар нүүх санаачилга гаргасан юм бэ?

-Олон хүн үйлдвэрүүд Хан-Уул дүүргийн XII хороог бохирдуулчихаад нүүх гээд байна гэж бодоод байх шиг байгаа юм. Үнэн хэрэгтээ арьс ширний үйлдвэр онцлогтой салбар л даа. Арьс ширийг махны үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн тэр бүү хэл хаягдал ч гэж үзэж болохоор байгаа юм. Арьснаас чив, сүүл, ноос, ноолуур, тос гарна. Маш олон хоёрдогч түүхий эд гарна. Тэднийг боловсруулаад нохой, муурны хоолноос эхлээд олон бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Загасны хоол, саван гээд маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Манайд энэ хоёрдогч түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрүүд байхгүй. Сүүлийн үед завод ноос, сүүл гээд жаахан боловсруулалт хийж байна. Тэднийг боловсруулж чадвал манай арьсны өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Бидний өвөг дээдэс энэ бүхнийг боловсруулдаг байсан. Одоо бид энэ бүхнийг байгуулах гэхээр барилга байгууламж байхгүй. Үйлдвэрүүдийн барилгыг хувьчилж авсан компаниуд өөр зориулалтаар ашиглаж байгаа. Тэгэхээр бид өнөөдөр иж бүрэн цогцолбортой болж байж л арьс ширний салбарыг сэргээж чадна. Тийм учраас л бид нүүх санал гаргасан. Харамсалтай хэрэгжихгүй удаж байна. Энэ хэрээр нийгэмд буруу ойлголт түгж байна.

 

АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮД НИЙСЛЭЛЭЭС 100 КМ-ЭЭС ХОЛДОЖ БОЛОХГҮЙ

 

-Засгийн газар маргааш шийдвэр гаргаад газар өгчихвөл та нар өөрсдийн хүчээр нүүх үү эсвэл Засгаас бас мөнгө гаргах хэрэгтэй болох уу?

-Засаг дэд бүтцийг байгуулаад өгчихвөл бид үйлдвэрийн нүүдлийг өөрсдөө хариуцаж чадна. Тийм учраас нүүх санлаа өөрсдөө гаргаж байгаа юм л даа. Гэхдээ Улаанбаатар хотын 100 км-ын бүсэд байгуулах шаардлагатай. Мэдээж бид голынхоо эхээд нүүх хүсэлт гаргахгүй.

-Яагаад 100 км гэж?

-Улаанбаатар маань хүн амын суурьшлаарааа улсын төв цэг болчихсон. Монгол махны хамгийн том хэрэглээ Улаан­баатарт байна. Тэр хэрээр нийлүүлэлт нийслэлд л төвлөрнө. Арьс, ширний үйлдвэр нь махаа дагаж, түүхий эдээр хангагддаг байхгүй юу. Мах нь нийслэлдээ ирнэ. Бид Говь-Алтайд үйлдвэрээ байгуулчих юм бол нэг ч арьс шир боловсруулах боломжгүй болно. Тийм учраас Улаанбаатарт ойртох гээд байгаа юм биш. Махны зах зээлдээ ойрхон байж түүхий эдээр хангагдана шүү дээ. Хөдөө орон нутгаас түүхий эдээ ачаад ирсэн машинууд шаардлагатай бараагаа Улаанбаатараас л авдаг. Бид аль нэгэн аймагт үйлдвэрээ байгуулчихвал нэг ч машин арьс ширээ ачаад тийшээ зүглэхгүй. Яагаад гэвэл ямар ч аймаг Улаанбаатар шиг бараа нийлүүлж чадахгүй. Улаанбаатараас бараа татах машин л арьс ширээ ачиж ирнэ. Ийм тээврийн сүлжээ өнөөдөр хөлөө олчихсон үүнд тулгуурлаж үйлдвэрийн байршлыг тогтоох хэрэгтэй байгаа юм. Орон нутгийн тээврийн урсгал нийслэл рүү л чиглэдэг. Нийслэлд ирчихээд Дархан руу арьсаа зөөнө гэж байхгүй. Тиймээс хүссэн хүсээгүй байршил Улаанбаатарыг заагаад байна л даа.

-Үйлдвэр нүүхэд хугацаа, хөрөнгө шаардана даа.

-Тэгнэ. Нүүлгэлт арван жил үргэлжлэх байх. Гэхдээ энэ нь арван жил үйлдвэр зогсоно гэсэн үг биш. Хөрөнгийн хувьд гадна, дотны байгууллагуудтай харилцахаас эхлээд их ажил орно л доо. Гэхдээ шийдэх хэрэгтэй л асуудал байхгүй юу.

-Танай салбарт боловсон хүчин хангалттай юу?

-Аль ч салбарт боловсон хүчний асуудал яригдаж байгаа. Гэхдээ манай салбарт сүүлийн үед маш нааштай хандлага үзэгдэж байна. Үйлдвэрийн эзэд үр хүүхдүүдээ энэ салбарын мэргэжлээр сургах нь нэмэгдэж байна. Үйлдвэрийн эзэд хүүхдүүддээ үйлдвэрээ өвлүүлэхийн тулд салбарын нарийн мэргэжлээр сургадаг болсон. Зөвхөн үйлдвэрийн эзэд биш энэ салбар ажиллаж байгаа жишээ нь цүнх зардаг эмэгтэй хүүхдээ энэ салбарын мэргэжлээр сургаж байна.

-Цүнх зардаг хүнд энэ салбарын мэргэжил тийм чухал хэрэгтэй юу?

-Тэр хүн салбарын ирээдүйг мэдэрч байна. Түүхий эд нь бэлэн энэ салбарт ажилласан хэн ч өнөөдөр ирээдүйхээ баталгааг харж чадсан учраас энэ салбарт илүү бүтээмж гаргах сонирхол нэмэгдэж байна. Манайхан ярьдаг. Зөвхөн арьс ширний салбар биш ХАА-н салбараас бүхэлд нь их хэмжээний ашиг олох боломжтой. Өнөөдөр асуудал байгаа ч ирээдүй гэрэлтэй байгаа байх. Их хэмжээний мөнгө, нарийн технологи шаардахгүйгээр ХАА-гаас ашиг олох боломж их бий. Украины дайн гэхэд л үр тарианы үнийг огцом өсгөж байна. Бид тариалалтаа нэмэгдүүлээд НҮБ-ээс захиалга авах боломж гараад ирж байна шүү дээ. Хоёр тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэх түгшүүрт мэдээг НҮБ зарлаад байна. Дэлхий зээлд мах гаргах боломж улам л нэмэгдэж байна. Хамгийн бага хөрөнгө оруулалтаар хамгийн их ашиг олох боломж Монголын ХАА-н салбарт л байна шүү дээ.

-Тэр их ашгаа тэгээд яагаад хүртэхгүй байгаа юм?

-Удахгүй хүртэнэ л гэж бодож байна. Өнөөдөр манай салбарт шинэ үе орж байна. Тэд баталгаатай үсрэнгүй хөгжлийг авчирна. Урлах эрдмийн дээд сургууль гэж байна. Энэ сургууль маш өндөр мэргэжилтэн бэлдэж байна. Энэ сургууль төгссөн мэргэжилтнүүд гутлыг маш өндөр түвшинд хийж чадаж байна. Гаднын ямарч гуталтай өрсөлдөж чадна. Тэр хүүхдүүд дизайн, загвараар төгсөөд жинхэнэ үйлдвэрлэгч болж байна. Ингэснээр манайд үйлдвэрлэсэн гутал, арьс ширэн бүтээгдэхүүн гадныхантай өрсөлдөөд зогсохгүй, анхаарлыг нь татаж эхэлж байгаа. Энэ нь гутлын салбарт том үйлдвэрлэл явуулах боломжийг нээчихэж байгаа юм.

-Тэднийг танай холбооноос яаж дэмжиж байна?

-Саяхан бид гутал, цүнх урлаач­дын тэмцээнийг зохион байгуулсан. Энэ уралдаанд орол­цогч­дын 80-90 хувь тус сур­гуулийн төгсөгчид байна. Баялаг бүтээгчид гэдэг чинь ингэж л төрдөг.

 

ҮЙЛДВЭРҮҮД ТЕХНИКИЙНХЭЭ 80 ГАРУЙ ХУВИЙГ ШИНЭЧИЛСЭН

 

-Ур чадвартай байх нэг хэрэг. Технологи, ажлын байрны хангамж ямар байгаа бол?

-Технологийн хувьд сүүлийн 20-иод жил арьс, ширний салбар Монголын төрийн дэмжлэгийн гадна байсан гэж үздэг. 2012 онд л үйлдвэрүүдийг нүүлгэх, бонд гаргах тухай шийдвэр гарсан нь төрөөс энэ салбарт анхаарлаа хандуулсан хэрэг л дээ.

-Энэ шийдвэрүүд хэрэгжээгүй биз дээ?

-Нүүдэл нь хэрэгжээгүй. Харин бонд гаргах нь хэрэгжсэн. Үүнээс манай салбар 90 гаруй тэрбум төгрөг авсан.

-Тэр мөнгө сураггүй болсон гэдэг?

-Үгүй яахав, хоёр жил сураггүй байж байгаад 90 гаруй тэрбум төгрөг авсан л даа. Энэ мөнгөөр Монголын арьс, ширний салбар маш том өөрчлөлт хийсэн юм шүү. Бас бүхнийг төр засгаас болсон гэж үзэж болохгүй. Тоног төхөөрөмжийнхөө 80 гаруй хувийг шинэчилсэн гэдэг чинь маш том өөрчлөлт. Хугацаа алдсаны улмаас бид ханшийн хайчинд орсон. Шийдвэр гарах үед төслөө хийсэн болохоор хэрэгжих үедээ долларын ханш өсчихсөн. Төсөл танагдаж байгаа юм л даа. Гэхдээ бидэнд алдагдал үүссэн ч манай салбарт энэ мөнгө маш чухал амжилт авсан. 2021 онд яам бас 25 тэрбум төгрөг тавьж өгсөн. Энэ бас маш том дэм болсон. Цар тахлаас болж хүндхэн байдалтай байхад энэ мөнгө аминд орсон. Одоо манай салбарт 15 тэрбум төгрөг байна. Төр олон салбарт ийм хэмжээний дэмжлэг үзүүлж чадахгүй. Тэгэхээр манай салбар стратегийн чухал салбар гэдгийг төр ойлгож байгаад баярлаад байгаа.

-Яагаад танай салбар төрөөс томоохон хишиг хүртдэг болов?

-Хишиг юу байх вэ дээ. Төрийн дэмжлэг л гэж үзэж байна. Бид өгсөн мөнгийг үр дүнтэй зарцуулж чадсан гэж боддог. Тэр хэрээр төрийн итгэлийг олсон. Дээр нь төрөөс гарсан мөнгө үр дүнгээ өгөөгүй тохиолдол ч байдаг байх. Харин манай салбарынхан авсан мөнгөндөө эзэн болж үр дүнд хүрсэн.

-Танай салбарын ирээдүй малчдаас л хамаарна. Үнэ, төлбөрийн хэлбэр гээд нэг үеэ бодвол малчдад таатай санал нэмэгдэж байна гэж дуулсан?

-2012 оны тогтоолд малчдад бидэнд ч сайнаар нөлөөлөх заалт орсон. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн малчдад урамшуулал олгох болсон юм. Хонь, ямааны арьсанд тус бүр гурван мянган төгрөг, үхэр, адууны ширэнд тус бүр 15 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Олгосон. Сүүлийн хоёр жил цар тахлаас болоод тасраад байгаа. Гэхдээ энэ мөнгө малдаа стандартын дагуу цаг хугацаандаа халдваргүйжүүлэлт хийсэн малчдад очих заалттай.

-Энэ заалтын хэрэгжилтэд хэн хяналт тавих вэ?

-Тухайн сумын малын мэргэ­жилтэн хяналт тавина. Бүртгэл­жүүлэлт хийнэ. Урам­шууллын баримт ороод ирэхээр шалгаад танай мал угаалга, халдваргүйжүүлэлт хийгээгүй байна гээд хасна шүү дээ.

-Ингээд үр дүн гарсан уу?

-Тэдэнд эрх нь байгаа боловч ажлаа муу хийсэн. Одоо бид бүх арьсанд биш нэг, хоёрдугаар зэргийн арьсанд л урамшуулал олгох нь зөв гэж харж байгаа. Хавтгайруулах хэрэггүй. Хэрэв зөвхөн нэг хоёрдугаар зэргийн арьсанд урамшуулал өгдөг болчихвол өнөөдөр малчид урамшууллаа авахын тулд үйлдвэрийн стандартыг хангасан нэг, хоёрдугаар зэргийн арьс бэлдэнэ биз дээ. Энэ нь үйлдвэрт ч, малчдад ч маш ашигтай тусна.

-Өнөөдөр би танд нэгдүгээр зэргийн хонины арьс өглөө гэхэд урамшууллаас гадна үйлдвэр хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ?

-2008 онд хонины нэхий 10-12 мянган төгрөгт хүрч байсан санагдаж байна. Тэр үед хятадууд л өндөр үнээр авч байсан л даа. Хятадууд үрчгэр технологи ашиглаад үрчгэр гутлын түрий ихээр үйлдвэрлэсэн. Үүнтэй холбоотой арьс үнэд орсон. Одоо бид өндөр үнээр аваад ашиггүй байгаа. Гэхдээ сайн арьсыг бол ямарч тохиолдолд үйлдвэрүүд таван мянган төгрөгөөр авна. Үхрийн шир таван мянган төгрөг гэж байна. Саяхан би цахимаар сургалт явуулсан. Тэгэхэд нэг залуу “Маш сайн үхрийн шир аваад очвол хэдэн төгрөгөөр авах вэ” гэж асуусан. Би түүнд “Одоо үхрийн шир таван мянган төгрөг байна. Шинэ, чанартай үхрийн шир аваад ирвэл, 25 мянган төгрөгөөр авах үйлдвэр байна” гэж хэлсэн. Гэтэл хэд хоногийн өмнө нэг залуу утасдаад миний хүссэн, чанартай арваад ширийг авчирсанаа дуулгасан. Би компанийн захирал руу ярьсан чинь ус нь хаагдаад, үйлдвэр нь зогсчихсон байсан. Өөр компани руу ярьтал “Үнэхээр чанартай бол 23-25 мянган төгрөгөөр авна. Над руу явуулчих” гэсэн.

-Дээр нь төрөөс 15 төгрөгийн урамшууллаа авна биз дээ.

-Авах л байсан. Гэхдээ одоохондоо урамшуулал өгөхгүй байгаа. Захирал өөрөө л худадан авах үнээ төлнө. Тэр залуу найман шир авчирсан. Гурван шир гологдоод бусдыг нь ширхэг бүрийг 25 мянган төгрөгөөр зарсан.

-Ингэж худалдан авч чадах компани хэр олон бол?

-Байгаа л даа. Ер нь компаниудад чанартай түүхий эдийг өндөр үнээр авах боломж бий. Арьс, ширний чанар нь л үнээ унагаад байгаа болохоос, үйлдвэрүүд мөнгөгүйдээд байгаа юм биш. Чанартай түүхий эдээр чанартай бүтээгдэхүүн үйлд­вэрлэнэ. Манайхан нэг үеэ бодвол чанартай бүтээгдэхүүнийг үнэтэй ч гэсэн хэрэглэж дадаж байна.

-Нууц биш бол нэг ширхэг сайн үхрийн ширээс хэр их олж болох вэ?

-Нуух юм байхгүй. Үнэхээрийн сайн ширнээс сая төгрөг олох боломжтой.

-Арай их биш үү?

-Биш. 25 мянган төгрөгөөр ширээ худалдаж аваад 150 мянга орчим төгрөгөөр боловсруулна. Маш сайн арьс учраас 3-4 сайн цүнх гарна. Ийм цүнхийг 300 орчим мянган төгрөгөөр өлхөн зарчихна. Арьсны тоо хэмжээнээс нь биш, чанраас нь өндөр ашиг олдог. Бид чанаргүй түүхий эдээс болоод ийм их боломжийг олон жил алдаад байна.

-Малчдыг түүхий эдээ чанар­жуулахад та нар тусалж болохгүй юу?

-Бид аймгууд руу боломжийнхоо хэрээр сургалтын гарын авлага явуулж байна. Бид орон нутгаас сургалт зохион байгуулж өгөх хүсэлтийг бүрэн биелүүлдэг.

-Салбарын ойрын ирээдүй ямар байна?

-2012 онд тооцоо хийж байхад хонины арьс 3-4 мянган төгрөг байсан. Тэр үед арваад сая арьс, шир гарна гэж тооцоод 150 тэрбум төгрөгийн түүхий эд гарч байсан. Энэ хэмжээний түүхий эдийг гүн боловсруулаад 1,1 их наяд төгрөг олох тооцоо хийж байсан. Төрд манай салбар 200 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлнө. Одоо гутлын салбарт залуучууд орж ирээд эрчимтэй хөгжүүлж байгаа. Бид жилдээ дотооддоо нэг сая ширхэг гутал үйлдвэрлэж байна. Уг нь гурван саяыг хийдэг болмоор байгаа юм.

-Дотоодод тийм хэмжээний зах зээл байгаа юу?

-Байна. Монголчууд 6-9 сая гутлын зах зээлтэй. Бид хятадаас 100 мянган төгрөгөөр хиймэл савхин гутал авч өмсөөд байна. Дээр нь дотоодод хүүхдийн гутал ховор. Залуучуудын загвар, амьсгалдаг гутлууд хиймээр байна. Манай залуучууд баталгаатай хийж чадна.

-Тэгээд хийгээч дээ.

-Үйлдвэрлэл, түүхий эдийн чанар хаагаад байна л даа. Уг нь япон, америк руу хүүхдийн гутал гаргах гээд оролдож байгаа компаниуд бий. Өвөр монголчууд манай барааны чанарт итгэдэг. Цар тахлын дараа бид Өвөр Монголын зах зээлд нэлээд идэвхтэй ажиллахаар бэлдэж байгаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.45) 2022 оны 05 сарын 29

Урамшууллын падааны ченж

0  |  0
Зөв(66.181.182.251) 2022 оны 05 сарын 28

Энэ хүн ер нь зөв, бодит юмыг яриад байгаа шүү. Би энэ хүнийг танихгүй ч тэнгэрийн биш бодит юм яриад байгаа\n

0  |  0
Уншигч(103.212.119.42) 2022 оны 05 сарын 28

Маш сайн байна, та бүгдэд амжилт хүсье.

0  |  0
Top