Монголчууд ХАА-н түүхий эдээ боловсруулж чадвал уул уурхайн салбараас илүү ашиг олох тухай эдийн засагчид ярьдаг. Хонины арьс бохины үнэд хүрэхгүй болсон тухай цөөнгүй мэдээлэл гарсаар хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт нэг үхрийн арьс 25 мянган төгрөгт хүрсэн байна. Малын арьс үнэгүйдэх шалтгаан нь малын арьсыг хуулахдаа гэмтээдэг, арьсыг гуур, хачигнаас хамгаалдаггүй учраас үйлдвэрлэлийн стандартыг хангадаггүй аж. Энэ талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.
-Малын арьс шир үнэгүйдээд удаж байна. Үнэд орох болов уу?
-Арьс шир үнэгүйдээгүй л дээ. Хэдэн мянган жилийн өмнө монголчууд арьс ширийг хэрэглэж байсан баримт болох археологийн олдвор ихээр гардаг шүү дээ. Манай улс мал аж ахуйтай байсан цагт арьс шир гарсаар байх болно. Арьс шир 1990 оны дунд үе хүртэл нэр хүндтэй, эрэлттэй түүхий эд байсан. Тэр үед бид ОХУ-д 200 мянган нэхий дээл, Швейцарь, Франц, Герман руу зуу зуун мянган бүтээгдэхүүн, Итали руу гутлын дээд хэсэг гаргаж байсан. Энэ салбарт 13 мянган хүн ажиллаж байсан.
-Тухайн үед манай технологи гологддоггүй байсан юм уу?
-Гологдоогүй, одоо ч гологдохгүй. Арьс үнэгүйдээд байгаа нь бэлтгэлийн үедээ гэмтээгээд байгаа учраас л үнэгүйдээд байгаа юм. Өнөөдөр технологи хаа сайгүй чөлөөтэй болсон. Арьс шир боловсруулах бодис шинээр гарлаа гэхэд хэрэглэх арга нь хамт ирж байна. Монголын уламжлалт технологи нь өөрөө идээлдэггүй байсан технологи юм байна. Өнөөгийн технологиос өөр. Тэр үедээ хэрэглээг хангаж байсан боловч өнөөдөр хэрэглээ хангахгүй болчихсон. Гэхдээ энэ технологийг одоо хэрэглэж байгаа л даа. Хөхүүр, хазаар, чөдөр гээд олон зүйл хийж л байна.
-Дотооддоо хэр хэмжээний арьс, шир гарч байна?
-Бид нэг удаа малаа тоолох хэрэгтэй байна л даа.
-Жил бүр тоолж байгаа шүү дээ.
-Энэ тооллогод би итгэхгүй байгаа юм. Өмнө нь бид малаа нүдээр тоолдог байсан. Харин өнөөгийн тооллого гар утсаар явж байна. Тийм ч учраас би өнөөгийн мал тооллогод итгэхгүй байгаа юм. Эдийн засгийн тулгуур тоог утсаар амаар аваад байна шүү дээ. Утсаар авч байгаа тоог л албан ёсны баримт болгоод байна. Өмнө нь бэлчээрт, хашаанд нь тоолдог байсан. Энэ аргаар нэг удаа боловч тоолох хэрэгтэй байна л даа. Дэлхий аж үйлдвэрийн VI үе гээд байхад бид малаа багцаагаар тоолоод байна. Цөлжилт, мал ихдээд байна гээд шуугиад байна. Үнэхээр тийм юм болоод байна уу.
-Тоо худлаа гэдгийг баталж чадах уу?
-2020 оны статистикийг харвал 27 сая мал нядалсан гэдэг мэдээ гарсан. Дараа нь 23 сая болсон. Удалгүй 17 сая болсон. Арван саяаар зөрнө гэж байх уу. Энэ зөрүү чинь өөрөө статистикт итгэх аргагүй болчихоод байна. Бидэн дээр ердөө найман сая л арьс орж ирж байна. Нэг сая арьс хаялаа гэж тооцоход есөн сая арьс л гарч байна шүү дээ. Дулааны аргаар хятад руу гарч байгаа. Энэ нь арьсыг нь зумлаж байгаад гаргаж байгаа юм. Энэ нь 4-6 сая байх шиг байна. Ингээд тооцохоор дээд тал нь 15 сая шир л болно. Тийм учраас хорио сая мал нядалж байгаа гэдэг тоо чинь худлаа байхгүй юу.
-Худлаа тоо хэнд хэрэгтэй юм байна?
-ХААН банкнаас зээл авахад хэрэгтэй байх. Банк дансны тоогоор л зээл өгдөг. Суманд ажилладаг төрийн албан хаагчид, ажилгүй иргэд зээл авах зорилгоор байхгүй мал бүртгүүлдэг болов уу гэж би хардаад байгаа юм. Ийм учраас л би манай улс малаа нэг удаа нүдээр тоолох хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Гарал үүсэл гэдэг юмыг маш тодорхой болгох хэрэгтэй байна.
-Таны үгнээс болоод ХААН банк зээлээ зогсоочихгүй болов уу?
-Зогсоохгүй ээ. Яагаад гэвэл энэ төрлийн зээл хамгийн сайн төлөлттэй байдаг байхгүй юу. Хамгийн найдвартай зээлдэгчид орон нутгийнхан л даа.
-Та нар найман сая ширээ бүрэн боловсруулж чадаж байна уу?
-Хангалттай боловсруулж байгаа. Гэхдээ 2012 оноос эхлээд үхрийн шир гууртай болсон НҮБ-ийн аж үйлдвэрийн мэргэжилтнээр 100 арьсыг үзүүлэхэд хоёрхон ширхэг нь тэнцэж байна. Хоёр хувь нь л үйлдвэрийн стандарт хангаж байна. Адууг өвчихдөө л арьсыг нь гэмтээчихээд үнэгүйдүүлж байна. Тэмээ бүр их зүсэлттэй байна. Ингээд л малчид өөрсдийнхөө маш их орлогыг өөрсдөө үгүй хийчихээд байгаа юм.
-Тэмээний арьс хэр их гардаг вэ, хэрэглэх үү?
-Жилд 15-30 мянган арьс гарч байгаа юм. Цагаан ултай гутлын ул хийдэг жинхэнэ чухал бүтээгдэхүүн шүү дээ.
-Богийн арьс ямар байдалтай байна?
-Богийн арьс маш их хувалзтай, зүүн болон төвийн бүсийн богийн арьс маш их шивээтэй. Дээр нь хонины ноос бүдүүрч байгаа.
-Юунаас болов?
-Мал эмнэлэг нь үржлийн бодлогоо алдчихсан гэсэн үг. Ямаа бол бөөн хамуу. Арьс нь үнэ ордог үе бий л дээ. Тэр нь ноолуурынхаа агууламжаас хамаарч байгаа юм. Жилдээ дөрвөн сая орчим ямаа нядалж байна. Адуу 200-250 мянга байгаа юм. Миний бодлоор үхэр хогдоод байгаа. Харин статистикаар бол өсөөд байгаа юм. 2000 онд 700 мянгад үхрийн шир ирдэг байсан. Одоо сарлагтай нийлээд л 500 мянган шир ирж байна.
-Та нарын шаардлагатай тоо хэмжээг арьс шир хангаж чадахгүй байна уу?
-Чанарын хувьд чадахгүй байгаа. Ирсэн арьс ширний тал хувийг л бид авч байна.
-Одоо юу хийх ёстой вэ?
-Мал аж ахуйн бодлогоо зөв болгох хэрэгтэй байна. Аймгийн мал өсөлтөөр Засаг даргын ажлыг дүгнэхээ болих хэрэгтэй. Мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтаар дүгнэх хэрэгтэй. Баг, сумын даргын ажлыг малын тоогоор дүгнээд байна. Тэрний оронд бүтээгдэхүүний боловсруулалтаар дүгнээд ирвэл нөгөөдүүл чинь малын чанар бүтээгдэхүүний орлогыг анхаарч эхэлнэ биз дээ. Малын таваарлаг чанарт анхаарлаа хандуулж чадвал малчдад ч, эдийн засагт ч өгөөжөө өгнө. Сүүлийн 30 жилд үүн дээр анхаараагүй учраас энэ том салбараас олох асар их ашиг алдагдаад байгаа байхгүй юу. Үнэхээр бодлого хэрэгжүүлж чадвал энэ салбараас олох ашиг нэмэгдээд зогсохгүй хот руу шигэх үзэгдэл эсрэгээрээ явагдана шүү дээ. Бид уул уурхай шүтээд байна. Гэтэл уул уурхай чинь ажлын байр ихээр бий болгодоггүй. Бас нөхөн сэргээгдэхгүй шүү дээ. Одоо малчдын орлого мах, ноолуур л болчихоод байна. Гэтэл бусад түүхий эдийг борлуулж чадвал малчдын орлого багаар тооцоход хоёр дахин нэмэгдэнэ. Энэ хэрээр аж үйлдвэр өснө.
-Танай холбооны зүгээс арьс, ширийг чанаржуулах талаар юу хийдэг вэ?
-Төв аймгийн Батсүмбэр сумаас малчдыг ирүүлээд малын арьсыг үзүүлсэн. Ийм арьс зүсэгдсэн учраас үнэд орохгүй, энэ арьс зүсэгдээгүй учраас үйлдвэрийн стандартыг хангаад өндөр үнэ хүрнэ гээд үзүүлсэн. Ингэснээр дараа жил нь бидэнд тушаах арьсны чанар сайжраад ирж байна. Дээр нь манайд 700 гаруй арьс шир нийлүүлэгчд байдаг. Тэд цөм манай холбооны гишүүд. Тэд сайн чанарын арьс нийлүүлдэг.
-Яагаад нийтээрээ арьсны чанарт анхаарал хандуулахгүй байна?
-Хоёр эдийн засаг үйлчлээд байна. Түүхий эдээ үйлдвэрт тушаахаар албан ёсны эдийн засагт тусгагдаад байгаа юм. Нэг хэсэг нь үндэсний үйлдвэрт түүхий эдээ тушааж байна. Нөгөө хэсгийн түүхий эдийг хятадууд ченжүүдээр дамжуулж муу, сайн гэлгүйгээр бүхнийг худалдаж аваад байна. Энэ нь эдийн засагт хамааралгүй байна. Хагас боловсруулсан хэлбэрээр хилээр гаргачихаж байгаа юм. Бид дотооддоо татвартай арьс, шир худалдаж авч байхад хятадууд ямар ч татваргүй арьс, шир цуглуулж аваад хилээр гаргачихаж байгаа байхгүй юу. Бид чанар харгалзаж худалдаж авахаар хятадууд чанар харгалзахгүй худалдаж авахаар бидэнд хүндрэл үүсдэг. Гаалийн татвар байхгүй болохоор хятадууд илүү давамгай байдалтай байна шүү дээ. Эндээс эдийн засгийн асар их боломж алдаж байна. Хилээр гаргахад зуучилсан компани жишээ тооцоход тэрбум төгрөгийн арьс, шир гаргалаа гэж тооцоход сая төгрөгийн зардал л гаргаж байгаа. Тэгээд тэрбум төгрөгийн биш, сая төгрөгийн тайлан л гаргана. Ингэхээр бид хятадын худалдаачдад дэндүү их давуу тал олгоод байгаа байхгүй юу. Энэ чинь манай салбарын үйлдвэрлэлд хүн цохилт болоод байгаа юм.
-Өөр ямар зовлон байна?
-Байна. Бид худалдаж авсан бүтээгдэхүүнээ боловсруулаад үйлдвэрүүдэд өгөхөөр НӨАТ-ын татвар төлнө. Гэтэл гадагшаа гарч байгаа нь ямар ч татваргүй.
-Арьс, ширийг гүн боловсруулах нь хятад руу гаргахаас илүү хүндрэлтэй гэсэн үг үү?
-Манай салбарт хэрэгжүүлж байгаа бодлого буруу байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Энэ нь чанараас хамааралтай үнийн бодлого хэрэгжихэд саад учруулаад байгаа юм. Хохирогч нь арьс, ширний үйлдвэрүүд болоод байна л даа.
-Орон нутагт сургалт явуулаад үр дүн гарахгүй юу?
-Бид нэлээд олон газарт сургалт явуулсан. Дарханд сургалт явуулсаны дараа арьс, ширний гэмтэл 40 хувиар буурч байсан тохиолдол бий. Гэхдээ манайхны нядалж байгаа малын 90 хувь нь стандартын бус газарт болж байна. Стандартад нийцсэн газарт нядалбал стандартын нэг, хоёрдугаар зэрэглэлд бүрэн тэнцэнэ шүү дээ. Ингэж чадвал арьс, шир чулуу болно л доо.
-Хятадууд муу сайн гэлтгүй худалдаж аваад байхад манайханд гологдоод байгаа нь ямар учиртай юм бэ?
-Тэнд арьс иддэг, надад бичлэг нь ч бий. Хятад том зах зээл. Хятадууд ямар ч муу арьснаас зүсэн зүйлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Наад зах нь арьснаас эмийн болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Техникийн болон хүнсний желатин гаргаж байгаа. Гэтэл манайд био технологи хөгжөөгүй учраас технологи алга. Нано технологи ч хөгжөөгүй учраас бид гэмтэлтэй арьсаа ашиглаж чадахгүй байна. Үйлдвэрт гэмтэлтэй арьс, шир хэрэггүй. Харин технологитой газар бол гэмтэл хамаарахгүй арьс, ширийг боловсруулаад байна л даа. Тийм учраас бид био технологийн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр бид хоёр хүүхэд био технологийн чиглэлээр Туркэд сургаж байна.
-Танай холбоонд яг хэн хамрагддаг юм бэ?
-Манай холбооны нэг хэсэг нь арьс шир боловсруулж байгаа. Нөгөө хэсэг нь боловсруулсан арьс ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Дээр нь бэлтгэн нийлүүлэгчид орно. Нийтдээ 4000 орчим хүн хамрагддаг.
-Танай салбар орон нутгийг хамарч чаддаг уу?
-21 аймагт бий. Хөдөө орон нутагт арав шахам үйлдвэр Хан-Уул дүүрэгт 20-иод үйлдвэр байна. Үүнээс арваад нь том үйлдвэрт тооцогдоно. Өдөрт 10-20 орчим мянган арьс боловсруулна.
-Суурилагдсан хүчин чадлаараа ажиллаж байна уу?
-Чадахгүй байна. Ердөө 50 хувиа л ашиглаж байна.
-Үйлдвэрүүдийг хотоос хөөх тухай шийдвэр гараад арваад жил боллоо. Яагаад чимээгүй болчихов?
-Хүмүүст ийм буруу ойлголт байдаг юм. Төрөөс 2012 онд үйлдвэрүүдийг нүүлгэх тухай шийдвэр гарсан юм. Үнэн хэрэгтээ бид хүсэлт гаргасны улмаас ийм шийдвэр гаргасан юм шүү дээ. 2017 он хүртэл шийдвэр гарсан. 2014 онд Засгийн газар газрыг зааж өгсөн байдаг. Бид нүүхэд бэлэн. Шийдвэрийн хэрэгжилтийг л хүлээж байна. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, яамны сайд олон солигдсоноос болоод асуудал шийдэгдэхгүй өнөөг хүрлээ. Сайд гарч ирээд л өөр өөр болгоод явчихдаг. Түвдэндорж сайд Завхан аймгийн Тэлмэн нуурын дэргэд парк байгуулна гэсэн шийдвэр гаргаж байсан гээд бод доо. Дараа нь Дарханд болсон. Уг нь УИХ шинээр парк байгуулах биш, одоогийн үйлдвэрүүдийг нүүлгэх тухай шийдвэр гаргасан байхгүй юу.
Х.БАТТӨГС
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Учир нь тэд чадаж бид үйлдвэрлэж чадахгүй байна. Бид санаа байвч сачий хүрэхгүй. Хий л барьцаж жөтөөрхөхөөс өөр хийх юм алга. Ядаж ичих ч үгүй юм.