Ш.Баатар: НАХЯ-ны архив дахь Дилов хутагттай холбоотой материал зохиомол ч байж мэднэ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Засгийн газар дөрөвдүгээр сарын 27-нд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын хөмрөгт хадгалагдаж буй Дилов хутагт Б.Жамсранжавт холбогдох 1133 хуудас баримтаас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан мэдээлэлд хамаарахаас бусад 1039 хуудас баримтыг төрийн нууцаас ил болгохоор шийдвэрлэсэн. Эдгээр баримтууд нь он цагийн хувьд 1928-1962 оныг хүртэлх хугацааг хамарч байгаа юм. Бид энэ удаа Дилов хутагтын итгэлт шавь нарын нэг Дашийн Лувсанхайдавын ойрын хүн, мөн түүний тухай “Хайрхаан!” хэмээх номыг бичихдээ “Дилов хутагтын мэргэн ухаан” гэсэн нэгэн бүлэгт тун сонирхолтой түүхийн баримтуудыг тэмдэглэн оруулсан, өдгөө АНУ-д амьдарч буй судлаач Ширчингийн Баатартай  ярилцлаа.


-Дилов хутагтын тухай судалгаа 1990 оноос эрчимжиж, 1991 онд тагнуулын ахмад ажилтан Г.Дүйнхэржав “Наян дөрвөн шидтэний нэг Дилов хутагт” ном гаргаж, түүнээс хойш Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын судлаачид олон нийтэд мэдээлэл хүргэж ирсэн. Саяхан таны “Хайрхаан!” ном хэвлэгдсэний дараахан Засгийн газрын шийдвэр гарлаа. Цаг үе нь ингэж тохиов уу, болох ёстой түүхэн нөхцөл  бүрэлдсэн хэрэг үү. Та юу гэж бодож байна?

-Давхацсан тохиолдол боллоо. Аливаа юм өөр өөрийн жам ёстой байдаг хойно Дилов хутагттай холбоотой олон сайхан зүйл  олны хүртээл болж буйд миний хувьд  нэн  баяртай байна.

-Та бол Дилов хутагтын  итгэлт шавьтай ойр байгаа хүн. Тэр эх сурвалжаас мэдээлэл аваад зогсохгүй харьцуулсан судалгаа хийж номдоо оруулав уу. Өмнө нь тэр талаар хэр судалгаатай байв?

-“Хайрхаан!” номын гол баатар, эдүгээ 92 насыг зооглож буй Д.Лувсанхайдав гуай бол Өвөр Монголын Шилийн голын чуулганы Сөнөд зүүн гарын хошууны Цагаан овооны хийдийн  Да лам Намжилдорж хувилгааны гарын шавь явсан юм. Да лам Намжилдорж хувилгаан бол Өвөр Монголоос Төвдөд гарах гэсэн оролдлого хийхдээ Дилов хутагтын дагуулж явсан гурван шавийнх нь нэг. Улмаар 1965 онд Дилов хутагт таалал болохынхоо өмнө тэргүүн дээрээ хонхны дуу сонсохын тул Энэтхэгээс АНУ руу  Ла лам Намжилдорж шавиа яаралтай дууджээ. Д.Лувсанхайдав гуайн хувь заяа ийнхүү багшаараа дамжин Дилов хутагттай холбогдсон тул намтрыг нь судлах явцад Дилов хутагтын элдэв мэдээллүүдийг лавшруулан үзэх шаардлага гарсан юм.

Дилов хутагтын намтрыг тухайлан судалсан Л.Чойжилсүрэн гуайтай холбоотой явж ирсэн болохоор  зохиолчийн олж мэдсэнийг гүнзгийрүүлэх боломжийг олон жилийн турш эрэлхийлсэн гэдгээ энэ ташрамд хэлье. Мөн Да лам Намжилдорж хувилгааны гар бичмэл намтар, Оуэн Латиморын дурсамж, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хенри Уэлсийн дурсамж, тухай үеийн Японы хэвлэлд гарсан эрээвэр хураавар мэдээллүүд зэргээс Дилов хутагттай холбогдол бүхий зүйлүүдийг түүж, нэгийг нь нөгөөтэй залгаж холбох оролдлого хийсэн болохоос харьцуулах хэмжээний арвин материал надад байсангүй. Зохиолч Л.Чойжилсүрэн гуай л урд өмнө Дилов хутагтын талаар тусгайлан дорвитой судалгаа хийсэн хэмээн бодож байна.

-Та Дилов хутагтын 1931-1949 оны хоорондох Хятадад байсан амьдралыг судалсан гэсэн. Тэр нь ямар учир зорилготойг тодруулна  уу?

-Да Лам Намжилдорж хувилгааны намтарт Дилов хутагтын тухай гарч ирснээр цааш нь тодруулж үзэх эрмэлзэл төрсөн. 1931 онд Дилов хутагт Хятадад дүрвэн гарснаас хойш Бээжинд сууж, байр сууриа маш хурдан бэхжүүлсэн байдаг. Миний ойлгож байгаагаар Хятадын Гоминданы Засгийн газар монголчуудын асуудлаар хожим хэрэг болж магад хэмээн үзсэн тул Дилов хутагтыг Чан Кайши Ерөнхийлөгч ивээлдээ авсан болов уу. Үүнийг нотлох баримтууд мэр сэр бий. Тухайлбал, Хятадын Гоминданы Засгийн газартай хамтран ажиллаж байсан, хожим Чан Кайши Ерөнхийлөгчийн Америкийн талын зөвлөх болсон Оуэн Латтимор нь Дилов хутагтын чийчаан машиныг жолоочийн хамт авч, Бээжингээс түүний хөдөө гэр байсан Дөрвөн хүүхдийн хошуунд очсон гэх мэт сонирхолтой зүйл гарна.

Дилов хутагт Бээжинд сууж байхдаа хожим Японы банкны төлөөлөгч болсон хорчины Сайнбаяртай дотно танилцсан нь Халхын IX Богдыг тодруулах асуудлаар Төвдөд өөрийн биеэр зорьчиход япончуудыг ятгах ажилд тус болсон. Япончууд Далай ламаар Халхын IX Богдыг тодруулах үйл ажиллагаа удаа дараа явуулж бүтэлгүйтсэн тул Дилов хутагт өөрөө морилж тус ажлыг бүтээхээр туслах Гэндэн, шавь Да лам Намжилдорж, шавь Жамбалдорж нарын хамт 1939 оны есдүгээр сард Бээжингээс галт тэргээр гарч, Шанхайд хүрээд, тэндээсээ усан онгоцоор аялж, Шанган (Хонг Конг) орсон. Хаалган дахь Дэ вангийн Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсээс хэн нэгэн нь гоминданы талд Дилов хутагтын аяллын тухай мэдээ хүргэснээс болж, Гоминданы Засгийн газар Шанган дахь Английн тагнуулын газарт мэдэгдэж, Дилов хутагтыг саатуулахыг хүссэн байна. Английн тагнуулын газар Дилов хутагтыг саатуулж, шавь нар нь цаашилж, Энэтхэгийн хилийн боомт хот Калимпоноор дамжиж, Төвдөд нэвтэрсэн байна. Энэ тухай Да лам Намжилдорж хувилгааны намтарт тодорхой гардаг.

1940 оны эхээр Английн тагнуул албаныхан Дилов хутагтыг Чунчинь дахь Гоминданы Засгийн газарт хүргэж, 1946 оны хүртэл үндсэндээ гэрийн хоринд суусан. Тухай үед Дилов хутагт Гоминданы Засгийн газрын дэргэдэх Төвд Монголын хорооны Жанжаа хутагтын Лам тамгад харьяалагдаж, цалин пүнлүү эдэлж байжээ. Тэр цагт Дилов хутагт Чан Кайшигийн зөвлөх Оуэн Латимортой ойр дотно болж, заримдаа нэг гэрт амьдарч байжээ. Тэр үеийн хэд хэдэн баримт буйгаас хамгийн онцлох нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хенри Уэлс Монгол руу явах замдаа Дилов хутагттай нэг удаа уулзсан байдаг. 1944 оны зургаадугаар сарын 30-нд Ланжоу хотын захирагч оройн зоогт урьж, Жанжаа хутагт болоод Дилов хутагтыг Хенри Уэлстэй уулзуулсан ажээ.

Хенри Уэлсийн тэмдэглэлд энэ тухай тун бүдэг мэдээлэл үлдсэн байна. Чан Кайши 1948 оны эхээр хуралдах Гоминданы II их хуралд буцаж ирэх болзолтойгоор Дилов хутагтыг Төвдөд явахыг зөвшөөрчээ. Ингээд Дилов хутагт 1946 оны хавар Калимпонд ирэхэд нь Да лам Намжилдорж тэргүүтэй шавь нар нь тосож аваад, жил хагас Төвдийн хийдүүдээр хамтдаа аялсан байна. Дилов хутагтыг буцсаны дараа Хятадын Гоминданы Засгийн газар Чунчиниас Нанжин хотод шилжсэн бөгөөд тэр их үймээний цагт Оуэн Латимортой холбоо барьж, 1949 оны хавар Дилов хутагт АНУ-д ирсэн түүхтэй. ЗХУ-ын НАХЯ-наас “Манай сөрөг тагнуул танайд нэвтэрлээ” гэсэн утгатай мэдээлэл өгсний улмаас Дилов хутагтыг АНУ-ын хилээр орж ирэхэд хамаг юмыг нь нарийвчлан шалгахаар хурааж авснаас нэлээд олон гэрэл зургийн хальс эргэж олдоогүй тухай Оуэн Латиморын номд гардаг.

-Номд “Диловын аймаг” гэсэн нэр томьёо олон таарсан. Түүний учир юу вэ?

-Зүүнтний нугалааны нэг гол алдаа нь гаднын шахалтаар 1928 оноос эхлэн алтан ургийн язгууртнуудыг барьж устгаж эхэлсэн эмгэнэлт явдал болдог. Тэдгээр тайж язгууртнууд амь гарахын тулд ах дүү, төрөл төрөгсөд, албат ардуудаа дагуулан урд хил рүү дүрвэх хөдөлгөөн эхэлсэн. Зөвхөн хилийн ойр нутгийнхан түлхүү гарсан болохоос энэ хөдөлгөөн Монголын ихэнх нутгийг хамарсан юм билээ. Баримжаагаар хэлбэл 50-иад мянган хүн хил даван нүүж, янз бүрийн аргаар тэдний 30 мянгыг  нь буцаан авчирсан боловч 10 мянга гаруй нь Алшаагаас Шинжааны Тэнгэр уул хүртэл тарсан, мөн 10-аад мянга нь Улаан цавын чуулган, Шилийн голын чуулганаар тарсан байна.

Тэдний нарийн тоог 1934 онд Дилов хутагт Японы сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. 1941 онд Улаан цав болон Шилийн голын чуулганы ноёд, Японы цэргийн эрхтнүүд зөвлөлдөж  Шилийн голын чуулганы Сөнөд баруун гарын хошууны яамны ойролцоо Гашууны хонгор гэдэг газар Халхын хурлыг байгуулж, Диловын хошуу буюу Диловын аймаг хэмээн нэрлэсэн байна. Тухай үед Дилов хутагт Чунчиньд гоминданы гэрийн хорионд байжээ. 1945 оны чөлөөлөх дайны дараа Диловын аймгийг хүнтэй, малтай нь улаан тоос татуулан тууж, өнчин ишиг ч үлдээлгүй Монгол Улсад авчирсан юм билээ.

-Япончууд Дилов хутагтыг хараандаа байлгаж байсан гэж таны номд дурджээ. Энэ баримтууд  ямар эх сурвалжид байдаг вэ?

-Да лам Намжилдорж хувилгааны намтар, Оуэн Латиморын дурсамж, Японы сонины нийтлэлүүд, Хорчины Сайнбаярын хүү Үнэнсэчин профессорын дурсамж, зохиолч Л.Чойжилсүрэн гуай цутгуулсан материалуудаас хайж зүйгээд үзэхэд тийм байна.

-Таны олж нээснээр Дилов хутагтын мэргэн ухааны гол  амин сүнс чухам юу байв?

-Аливааг гярхай ажиглаж,  тухайн нөхцөл байдалд нь зохицуулан аль болох олон монголчуудын замыг заах явдал байжээ хэмээн бодож байна. Тэднийг яаж уснаас хуурай гаргах вэ гэсэн ухааныг Дилов хутагт сүвэгчилж явжээ хэмээн ойлгосон.

-Тэр үед Говийн догшин ноён хутагтыг тодруулсан нь улс төрийн ямар нэгэн зорилготой байв уу. Та номдоо ямар баримтыг эх сурвалж болгож авсан бэ?

-Мэдээж улс төрийн гол шалтгаантай гэж би үзэж байна. Энэ тухай “Хайрхаан!” номдоо нэлээд тодорхой бичсэн тул энэ талаар дэлгэрэнгүй уншиж судлах, мэдэж авахыг хүсвэл тус номыг уншихыг санал болгоё. Японы цэргийн эрхтнүүдийн явуулсан гол бодлого нь БНМАУ-аас аль болох хурдан хугацаанд монголчуудыг олноороо дүрвэн гаргах явдлыг дэвэргэх, IX Богдыг тодруулах ажлын урьдчилгаа болгож ар, өвөргүй алдар цуутай Ноён хутагтыг ширээнд залсан  байна. Д.Лувсанхайдав гуай өөрөө Ноён гэгээний шадар шавь явсан тул түүний яриаг голлон тус номд оруулсан. Мөн Японы сонинд гарсан нийтлэлүүдийг баримт болгож хэсэгчлэн ашигласан.

-1939, 1945 оны дайн цаг хугацааны хувьд  таны судалсан үетэй таарч байна. Энэ үед Дилов хутагт хаана хэрхэн амьдарч, ямар үүрэг гүйцэтгэж байсан талаар хамгийн сонирхолтой баримт юу вэ?

-Дээр дурдсанчлан Дилов хутагт тэр үед  Гоминданы гэрийн хорионд байсан. Чан Кайши Ерөнхийлөгч дайн дууссаны дараа монголчуудын асуудлыг нэг тийш болгоход Жанжаа хутагт болон Дилов хутагт зэрэг өндөр хэргэм, мяндагтай лам нар хэрэг болно хэмээн үзсэнээс Засгийн газрынхаа дэргэдэх Төвд Монголын хороонд Лам тамгыг зориуд байгуулсан. Тэрхүү Лам тамгад харьяалагдах үедээ Дилов хутагт улс төрийн идэвхгүй байсан боловч 1944 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хенри Уэлс БНМАУ-д айлчлахын  өмнө улс төрийн идэвх нь сэргэж, санаа сэтгэл нь тун тавгүй болж, “Чойбалсанг би сайн мэднэ. Тэр бол итгэл даах, найдвартай хүн” хэмээн ятган хэлж байсан нь Оуэн Латиморын дурсамжид үлдсэн байна. Тэгэхээр үүнээс үүдээд, “Дилов хутагт Монгол Улсын тусгаар тогтнолд нэн их санаа зовж байжээ” гэж дүгнэж  болно.

-Дилов хутагтыг “нууц даалгавартай гаргасан” гэх бүрхэг мэдээлэл явж ирсэн. Та болохоор тухайн үед хэн нэгэн санаатайгаар зохиож үлдээсэн байх магадлалтай гэж бичжээ. Одоо Тагнуулын ерөнхий газар зарим материалыг нууцаас гаргасан тул тэр мэдээллийг олон талаас батлах боломж нээгдсэн байх. Та судалгаагаа үргэлжлүүлэх үү, эсвэл?

-Дилов хутагт нэн ам чангатай хувилгаан байжээ. Хэзээ ч би ийм, тийм байсан, ингэж тэгж явсан гэсэн үг амнаасаа унагаагүй байгаа юм. Хамт байсан шавь нар нь юу ч мэдээгүй байна. Түүнийг АНУ-д авчирсан Оуэн Латимор ч энэ талаар нэг ч үг дурсаагүй өнгөрчээ. 1970-аад онд тагнуулын юм уу, НАХЯ /Нийгмийг аюулаас хамгаалах яам/-ны мэдээлэгчийн ч юм уу нэг хуудас матаас маягтай, бичгийн машинаар цохисон  бичгийг би олж үзсэн.

Түүнд  Дилов хутагтыг илт гүтгэсэн байв. Үүнээс үүдээд манай НАХЯ-ны архивт байгаа  Дилов хутагттай холбоотой материалууд зохиомол ч байж болох юм гэсэн хар төрсөн. Одоо ил болгосон  тэдгээр материалыг үзээгүй байж юу хэлэх билээ, би. Үзэж танилцвал бас нэг санаа төрөх л байх. Би одоо Да лам Намжилдорж хувилгааны намтрыг хэвлэлд бэлдэж байна. Түүнд холбогдох юм гарч ирвэл хөөж судална. Түүнээс  дан ганц Дилов хутагтын талаар судалгаа хийх бодолгүй байна. Тийм боломж ч надад мөн олдохгүй биз дээ.

-Эцэст нь асуухад “Хайрхаан!” номыг монгол хүн бүр уншаасай, үр хүүхдүүддээ уншуулаасай гэж олон түүхч, судлаач сэтгэгдлээ илэрхийлсэн байна лээ. Номын зохиогчийн хувьд таны үгийг уншигчдадаа хүргэе, та монголчууддаа болон  уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Монгол хүн гал усны гашуун зовлон туулахад ёс зүйтэй, бие биеэ гэсэн тусч сэтгэлтэй явсан нь их хань болжээ гэдгийг тус номоор уншигч олонд хэлэхийг хичээсэн. Өвөр монголчуудынхаа өнгөрсөн гуниг түүхийг бүгдээрээ сайн мэдэж аваасай, бид чинь нэг л монгол юм шүү  гэсэн сэтгэгдлийг уншигчдад төрүүлэхийг зорьсон. Монгол хүн бүр эх түүхийнхээ хэсэгхэнийг ч  гэсэн олж мэдээсэй, төрөлх хэлээ хайрлаж, цаг ямагт ариун нандин байлгаасай, монгол хэл маань яруу агаад агуу юм шүү гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зангидаж тус номыг бичлээ. 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатарцогтын нагац(107.77.231.203) 2023 оны 05 сарын 22

Ширчин гийн баатар бол Хоцрогдол.\nТовчхондоо.\nОвилгогуй,даржин суржин ходооний ork.\nСульфат модернист Ши-Ба гэдэг болсон бгм суулийн уед

0  |  0
(103.10.23.123) 2022 оны 06 сарын 10

boolin ezen yargachin gaj donton baisan gesen

0  |  1
Ш.Баатар(202.126.88.212) 2022 оны 06 сарын 06

Ш.Баатар хятад руу төмөр зам тавьж болохгүй гэж их өвчигнөсөн дөө. 20 жилийн өмнө гарсан хүн.

0  |  0
Чо(202.21.107.233) 2023 оны 05 сарын 07

Ширчин Баатар улсын архивын материал баримтыг үгүйсгэдэг бас нэг тэжээвэр золбин бууны нохойны гөлөг.

1  |  0
l(59.153.114.125) 2022 оны 06 сарын 05

мазушир хутагт цаазлуулсан санагдах. ханд вангийн өргөөнд өөр хүмүүс амьдарч байсан юмуу даа. их хүйтэн шд.

0  |  0
г(59.153.114.125) 2022 оны 06 сарын 05

8р богд өөрөө баахан орон руу захидал бичээд дуудахыг нь дуудчихсан юм бишүү. барон унгерныг хойд дүр гэж панаалдаж авчирсан байх. манж гүнжтэй гэрлэсэн.

0  |  0
Зочин үргэлжлэл(202.126.88.222) 2022 оны 06 сарын 05

Зээ охин нь ахмад депломатч агсаны гэргий одоо амьд сэрүүн үр удмууд нь байна.

0  |  0
Зочин(202.126.88.222) 2022 оны 06 сарын 05

Хутагтуудын хэргийг шүүхэд Дилов хутагтыг ялаас мултлахын тулд Мандшир хутагтыг хамтруулан сулалж тэр чигт нь урагшаа гарагсан. Ганц охиныг нь Дорнодруу төөрүүлж, хожим нь Лосолтой суулагсан. Одоогийн орос илчинггийн урд сүм хэлбэрт ордонд амьдарч байсан. Лосол хэлмэгдэж баригдахад хамт баригдаж, дээд хэмээгээр шийтгэгдсэн боловч амь хэлтрүүлж сулалсан бөгөөд өөрийнхөө тухай хэнд ч, хэзээ ч ам бүү ангайгаарай гэж хатуу чандлан захисан. Энэ бүхнийг Х.Чойбалсан дээд зэргээр нууцлаж зохион байгуулсан. Дилав хутагт Жамсранжавын зээ хүү урлагийн гаьят зүтгэлтэн, МТ ийн анханы зураглаачдын нэг, зээ

0  |  0
м(59.153.114.125) 2022 оны 06 сарын 07

та өөрөө хэллээ шд. япон аль болох олон ард иргэдийг монголоос гаргах. уснаас хуурай гарна гэдэг гэмтэн хүн гэмгүй өнгөрөхийг хэлдэг биз дээ. японы ятгаасаар гарсан, японы тал руу явсан. зүүнтэн бараг ангайгаад 50 мянг хүн гаргачихаад сууж байсын байна. ер сайд а тайван амгалан байгаач гэж байгаад балардаг.

1  |  0
мгл(59.153.114.125) 2022 оны 06 сарын 09

жижиг гараар хойтхоо, хонхны дуу сонсно ч гэх шиг. эд хогшлоо л цэгцлүүлэх гэсэн байлгүй дээ. энэ баатарт ямар ч ойлгол алга. яг дэргэд нь байсан туслахын яриа кассетаар бий. номын өмсгөл, үсний хэсгээс ганданд өгсөн гэх. кассетыг сонссон. ил ярих зүйл биш. үлдсэн мөнгө долюраас тэр нөгөө халимаг хүүд тэр сойвон нь өгсөн гэсэн. хүүд ном зааж чадаагүй гэнэ.

1  |  0
Бат(103.26.194.206) 2022 оны 06 сарын 09

Баттай баримт үгүй, сургаар л юм бичээд байгаа хүн байна даа. Тэгээд бас архивын материалд итгэдэггүй. Дилав хутагтыг нас барахад дэргэд нь бараг хүн байгаагүй гэж тухайн үеийн Америкийн сонинд бичиж байсан. Лувсанхайдав гэх хүнийг Энэтхэгээс дуудаж Америкт ирүүлсэн гэдэг бол тун эргэлзээтэй. г.м. олон пантааз юм их байна. Уран зохиол гэж ойлголоо.

3  |  4
Үнэн(66.181.191.209) 2022 оны 06 сарын 09

Энэ Ш.Баатар гэгч хүн АНУ-д амьдарч байж бас л соц үеийн хуучны дарангуйллын сэтгэлгээтэй хүн байна лээ. Цахим өртөө сайтад шүүмжлэл бичсэн хүнийг шууд хаадаг, боомилдог мэдрэл муутай юм билээ. Ийм хүн Дилав хутагтын талаар үнэн зүйл бичихгүй.

5  |  2
I(174.198.2.105) 2022 оны 06 сарын 05

Bi bas unshij bsiin gekhdee uuriin chini yarianaas bas uur bsiim daa . Unen l baigaa daa zarim neg yaria chini!!!!!!!!! Tuukhiig uuriin bodloor guivuulj bolokhgui shuu

1  |  3
Зочин(66.181.160.11) 2022 оны 06 сарын 10

Шашин том мяндагтан алтан ургийн ноёдууд ихэнхи нь Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг хувийн эрх ашиг, ямба ашиг орлогын төлөө бууны нохой гадны гар хөл болж байсан.Энэ ламын үг үйлдэл эх орноосоо урваж гоминданы гар хөл болоод урвагчын замаар үйлийн үр дууссан.Тухайн үеийн До яам зарим ажиллагаа мэргэжлийн түвшинд хийдэг бсан.Бүгдийг харлуулж хэрэггүй Ширчингийн тэнэмэл хүү.

2  |  8
Нямаа(150.129.143.60) 2022 оны 06 сарын 10

Үнэхээр, цаг үе ямар байлаа, энэ суут хүн Монгол улсын НҮБ-д элсэхэд тугны өмнө ирээд уйлж байсан гэсэн, түүхэнд нэрээ зөв үлдээх суут хүмүүсийн нэг дээ, Дилав Хутагт

8  |  0
М(122.201.31.246) 2022 оны 06 сарын 04

Энэ ном хаагуур байгаа бол?

2  |  0
ламбугай нь нулсмис(124.158.66.63) 2022 оны 06 сарын 10

энэ лам ерөөсөө л тагнуул байсан бусуу.. аль ч нийгэмд таарамжгүй хүн байж

0  |  10
Кса(202.126.89.247) 2022 оны 06 сарын 03

Америк руу явахаасаа өмнө онгоцоор төрсөн гэрийн бууриа эргэсэн гэсэн яриа сонсож байсан. Үнэн болов уу?

1  |  0
Уншигч (202.21.124.3) 2024 оны 04 сарын 21

Сонирхолтой ярилцлага байна.

4  |  1
Чимэд(124.158.68.58) 2022 оны 06 сарын 09

Хаа нэгтээ ийм айхтар мундаг хүмүүс яваад л байдаг,бид мунхаг мулгуу байдалтай,элдэв хувьсгал гэж дэрвэж сэвээд амьтны идэш болж явдаг.Хувьв тавилан гэж цайруулах юм биздээ.Ардчилал гэж сагсайж дарвайтлаа харайгаад юунд хүрэв хамаг үйлдвэрээ устгаад,”Элгээрээ мөлх” гэхэд нь мөлхөөд гуйлгачин боллоо шүүдээ.Одооноос хонгилын үзүүрт гэрэл харагдаад байна уудаа.

9  |  3
Top