Л.Цогтсайхан: Эерэг хандлага нь алба хаагчдыг тэвчээртэй, сахилга баттай болгодог

2022 оны 06 сарын 05

Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид “Ажлын байранд эерэг хандлага түгээе” аяныг санаачлан эхлүүлжээ. Тус дүүргийн Цагдаагийн газрын төлөвлөлт, дотоод ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Цогтсайхантай ярилцлаа.


-Танай байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Ажлын байранд эерэг хандлага түгээе” аяны хүрээнд ямар зорилго тавьсан бэ?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд “Хүний эрхийг дээдлэн, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоо, эрхийг дээдлэн, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоо, дэвшилтэт технологийн ашиглалтыг нэмэгдүүлнэ”, “Албан хаагчдын эрүүл мэнд, хууль ёсны эрх, ашгийг хамгаалж, хүний нөөцийн тогтвортой байдлыг бүрдүүлж ажиллана” гэсэн хоёр зорилт дэвшүүлсэн байдаг.

Энэ зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд олон зүйл хамаарна. Юуны өмнө алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, алба хаагчдын эрүүл мэнд, хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг хангахаас эхэлнэ. Үүний дараа сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлэх, сахилга ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, албандаа хандах хандлага, шинэ санал санаачилгыг дэмжих, сурган дадлагажуулах, соён гэгээрүүлэх, алба хаагчид, тэдний ар гэр рүү чиглэх юм. Ийм зорилго бүхий “Ажлын байранд эерэг хандлага түгээе” зорилтот аяныг  гуравдугаар сарын 23-наас эхлэн Баянгол дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батсайханы баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.

Аянаар дамжуулан тасгийн дарга нар алба хаагчдадаа манлайлал үзүүлж, багийн зохион байгуулалтыг сайжруулах чиглэлд анхаарсан. Ингэхдээ алба хаагчдын ар гэр гэхээр зөвхөн эхнэр, нөхөр гэж хязгаарлалгүй төрсөн аав, ээж, ах дүү, өвөө, эмээ, төрөл садан гээд гэр бүлийн бүхий л хүрээг хамруулснаараа онцлог.

-Тус аяныг зохион байгуулснаар ямар үр дүнд хүрэх вэ?

-Олон талд эерэг үр дүн гарна гэж харж байгаа. “Ажлын байранд эерэг хандлага түгээе” зорилтот аяны хүрээнд тасаг бүрд шилжин явах дарцаг аялуулж байна. Түүнийг хүлээн авсан тасаг уриалга гарган оролцож, удирдамжид заасан ажил, арга хэмжээг долоо хоногийн хугацаанд идэвх санаачилга, үр дүнтэй зохион байгуулна. Тэр нь нийт алба хаагчдыг хамруулсан давхардахгүй бүтээлч ажил байх, цагдаагийн анги, байгууллагад тэргүүн туршлага болохуйц байх, алба хаагчдад чиглэсэн соён гэгээрүүлэх зорилготой байх, байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд мэдээлэх, сурталчлах чиглэлээр үр дүнтэй ажил зохиох, аяны хүрээнд алба хаагчдаас сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй, албаны дүрэмт хувцас, агсамж, тусгай хэрэгслийг дүрмийн дагуу цэвэр үзэмжтэй өмсөж хэвшүүлэх, цагдаагийн газар, хэлтэс, тасгийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан сургалт, соён гэгээрүүлэх ажил болон спортын тэмцээн уралдаан зохион байгуулахгүй байгаагаараа онцлог юм.

Бид зорилтод аяныг зохион байгуулснаар алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах, тэдний гэр бүлд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн харилцаа хандлага шинэ түвшинд хүрч, албандаа хандах хандлага, итгэл үнэмшил, сэтгэлгээ төлөвшиж, сахилга ёс зүй, ажлын хариуцлага дээшилсэн, алба хаагчдын шинэлэг ажлыг дэмжин хэрэгжүүлж, шинэ залуу алба хаагчид богино хугацаанд дадлагажих ажилд ахиц, эерэг өөрчлөлт гарсан байх болно гэж харж байна. Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн газрын II хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг “Хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжье” гэсэн уриалга дэвшүүлэн аяныг зохион байгуулж, I хэлтсийн Мөрдөн байцаах тасагт дарцгийг шилжүүлээд байна.

-Алба хаагчдын сайн туршлага, багийн манлайлал, шинэ санаачилгуудыг солилцох аян гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Эерэг хандлагатай болсноор бид тэвчээртэй, сахилга баттай, бүтээлч байх зөв зан төлөвийг бий болгоно. Зөв хандлага, зорилгыг тодорхойлж, аливаа боломжуудад сэргэг байх гэх мэт зүйлд анхаарлаа хандуулна. Түүнчлэн ирээдүйд зорилгоо  амжилттай биелүүлж, үр дүнд хүрэх  боломжийг олгоно.

-Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөх ажиллагааны дүн гарсан байх.Ямар үзүүлэлттэй байгааг асуумаар байна?

-Энэ оны эхний улирлын дүн мэдээ гарсан. Хагас жилийн мэдээ энэ сарын 25-наар тасалбар болж гарна. I улиралд иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 9585 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Өмнөх оныхтой  харьцуулбал 4555 нэгжээр буюу 90.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь өнгөрсөн онд цар тахлын улаан түвшинд  байсантай холбоотой. Зөрчлийн шинжтэй дуулдлага мэдээлэл 31149–ийг хүлээж авч шийдвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 20847 буюу бараг хоёр дахин өссөн байна.

Насны байдлыг авч үзвэл зөрчлийн улмаас  хохирсон иргэдийн 36.5 хувь нь эмэгтэй, 63.5 хувь нь эрэгтэй байгаа бол 30-34 насныхан зөрчилд илүүтэй хохирсон. Зөрчил үйлдсэн иргэдээс 22.6 хувь нь эмэгтэй, 74.4 хувь нь эрэгтэй гэсэн статистик байна. Гэмт хэргийн улмаас 1750 иргэн хохирсны 947 буюу 55 хувь нь эмэгтэй, 74 буюу таван хувь нь насанд хүрээгүй хүүхэд байгаа. Гэмт хэргийн улмаас 12.8 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 9.1 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Нөхөн төлүүлэлт 71.5 хувьтай байна. Нийт 1616 гэмт хэргээс 842 хэрэгт эрүү үүсгэн яллагдагчаар татсан. Хэрэг илрүүлэлт 55.7 хувь, энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.3 хувиар өссөн дүнтэй гарсан.

-Хэрэг илрүүлэлтийн дүн мэдээг сонсоход хэдэн мянгаар яригдаж байна. Үүнтэй уялдуулж асуухад алба хаагчдын ажил, амралтын цагийг хэрхэн зохицуулдаг вэ. Ажиглалтаар бол цаг наргүй ажилладаг, ар гэрийн амьдрал орхигддог гээд амаргүй санагдсан?

-Алба хаагчдын ээлжийн амралт, цалин, урамшууллыг Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу тооцож, ээлжийн амралтыг нь биеэр эдлүүлдэг. Алба хаагч өөрийн ажлын хөдөлмөр зохион байгуулалтыг хангаж сардаа хэсэгчилж 5-10 хоног амрах, эсвэл ээлжийн амралтыг бүтнээр нь авах боломж хуулиар нээлттэй. Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлсэн заалтуудыг  холбогдох дүрэм журам,  байгууллагын дотоод үйл ажиллагааны журамд тусгасан зохицуулалт байдаг. Цагдаагийн байгууллагаас гаргасан амжилтаа бататгах, сахилга, ёс зүйн зөрчлийг бууруулах, энэ төрлийн  зөрчил гаргахгүй байх, авлига ашиг сонирхлын гэмт хэрэгт холбогдохгүй байх, эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй албан хаагчдыг шат дараалсан арга хэмжээний дагуу эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна.

-Хууль эрх зүйн салбарт авлигаас урьдчилан сэргийлж  шүүгч нарын цалинг өндөр тогтоосон. Гэтэл аливаа хэрэг, зөрчлийг бүртгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг анхдагч нэгж болсон цагдаагийн албан хаагчдын хөдөлмөрийн  хөлс яагаад бага байдаг юм бэ?

-Нийгмийн хөгжлийг дагаад цагдаагийн байгууллагын ажилтан, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, техник хэрэгсэл, нийгэм, эдийн засгийн баталгаа тодорхой хэмжээнд хангагдсан. Цагдаагийн алба хаагчийн цалин, нийгэм эдийн засгийн баталгааг улам бүр сайжруулах, цалин мөнгөний хүртээмж, нэмэх боломжийн талаар үе шаттай судалгаанууд хийгдэж цагдаагийн байгууллагаас дорвитой арга хэмжээ авч Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газар, цаашлаад УИХ-д хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр төсөл боловсруулагдаж байгаа.

Цагдаагийн албан хаагчийн цалин тодорхой хугацаа, шатлалын дагуу нэмэгдээд явдаг. Мөн цолны нэмэгдэл гэж бий. Төрийн тусгай албан хаагч учраас ТТ-5, ТТ-6, ТТ-7 гэхчлэн шатлал ахих тусам цалин нэмэгддэг. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч өргөсөн тангарагтаа үнэн, тогтвор суурьшилтай ажиллаж, цол нэмэгдэх бүрт цалин тодорхой хэмжээнд нэмэгдэх боломжтой. Үүний зэрэгцээ улирлын ажлын үр дүнг тооцож, үндсэн цалинг нэмж урамшуулах зохицуулалт хэрэгжээд явж байна.

-Алба хаагчдыг чадвар­жуулах, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх боломж хэр нээлттэй байдаг бол?

-Цагдаагийн байгууллагаас алба хаагчдын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, чадваржуулах, хөгжүүлэх, соён гэгээрүүлэх бодлого баримталдаг. Цагдаагийн албад дотроо төрийн болон ТББ-уудтай хамтран төрөл, мэргэжлийн чиглэлээр мэргэшүүлэх танхимын болон  цахим сургалт явуулдаг. Цагдаагийн ерөнхий газар дэргэдээ Сургалт, дадлагын нэгдсэн төвтэй. Тус төвөөр дамжуулан алба хаагчдаа сурган дадлагажуулах, онол практик хосолсон сургалтыг үе шаттай явуулдаг. Шинэ залуу алба хаагчдыг богино хугацаанд дадлагажуулах төлөвшүүлэх, сүүлийн үед цахим хэрэглээ өссөнтэй холбоотой энэ төрлийн  гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг сурган дадлагажуулах, гадаадын болон  дотоодын их, дээд сургуулиудын бакалавр, магистрын болон эчнээ сургалт, Дотоод хэргийн их сургуулийн 1+1 хөтөлбөр,  урт, богино хугацааны сургалт, хөтөлбөрүүд түүнчлэн авлигаас ангид байх, хариуцлага ёс зүйн чиглэлээр алба хаагчид давтан болон мэргэшүүлэх сургалтыг үе шаттай, сигментчилж явуулдаг. Алба хаагчид номын дуу сонсч, өөрийгөө хөгжүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлж  байна.

-Эерэг хандлагыг түгээж, цагдаагийн бусад байгууллагыг уриалж байна гэлээ. Уншигчдад хандаж  энэ тухай юу хэлэх бол?

-Эерэг хандлагыг түүчээлж, уриалж байгаа Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчдадаа талархал илэрхийлье. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо маш чухал. Иймд цагдаагийн албаны төрөл мэргэжлийн алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх чин хүсэл эрмэлзлэлийг төлөвшүүлэх, итгэл үнэмшил, арга барил, ур чадварыг тогтмол сайжруулах нь бид иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан цагдаагийн үйлчилгээг хүргэхэд амьд харилцаа бий болно. Бидний ард гэр бүл, үр хүүхдүүд минь байдаг, цагдаагийн алба хаагчийн гэр бүл бол Монгол төрийн цагдаагийн бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь нь болдог. Амжилт ололт, алдаа оноо бүрийн ард сэтгэл догдлон байдаг албан хаагчдынхаа гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Al(66.181.161.73) 2022 оны 06 сарын 05

Shaampar

1  |  0
Top