204 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хуулийн байгууллагад шалгуулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх явцдаа эрсдэлд орж, эрүүл мэндээрээ хохирч үлдэх тохиолдлууд гардаг. Тухайлбал, мэс заслын эмч, сувилагчдын нүдний салст руу хагалгааны явцад цусны дусал үсрэх, мэс заслын бохир багажид хатгагдах зэргээс болж элэгний В, С вирусийн халдвар авч, цаашлаад элэгний хатуурал, хавдраар өвдөх эрсдэлтэй болдог. Иймд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрсдэлийн даатгалын асуудлыг хөндөж, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгтэйг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн онцоллоо.

Мөн тэрбээр, “Хариуцлагын даатгалын асуудлын тухайд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд тухайн хохирлыг даатгалаас нөхөн төлүүлж, шүүх, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээс илүү эвлэрлийн журмаар шийдвэрлэдэг олон улсын сайн туршлагуудыг судлах ёстой. Ингэснээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд учрах сэтгэл зүйн болон санхүүгийн дарамтыг багасгаж, үйлчлүүлэгчид учирсан хохирлыг чирэгдэлгүй нөхөн төлөх давуу талтай болно.” хэмээн тэмдэглэв.

Манай улсад нийт 4952 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 58696 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.  

2002-2017 онуудад улсын хэмжээнд 102 тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 204 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хуулийн байгууллагад шалгагдсан байна. Эмнэлгийн мэргэжлийн салбарт гарсан нийт зөрчлийн 30 хувийг эх барих, эмэгтэйчүүдийн, 20.3 хувийг яаралтай түргэн тусламж, сэхээн амьдруулах, 14.4 хувийг мэс засал, 7.5 хувийг хүүхдийн өвчин судлалын зөрчил эзэлж байгаа. Эмч, мэргэжилтнүүдийг эрсдэлээс хамгаалах, хариуцлагажуулахад даатгал чухал үүрэгтэй. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах нь зүйтэй гэдгийг Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top