Улаанбуудайн үнэ хоёр дахин нэмэгдэх магадлалтай

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

Монголчууд дэлгэр зуныхаа Үндэсний их баяр наадмаа ёстой л дэнж хотойтол  өргөн цар хүрээг хамран, тэмдэглэж өнгөрүүллээ. Эзгүй хээр тал, цэнгэг ус, байгалийн үзэсгэлэнг мөрөөссөн нийслэлчүүд хөдөөг зорьж хот эзгүйрээд амжлаа. Харин одоо “Наадмын дараа намар” гэж бидэнд өвөлжилтийн их бэлтгэлдээ ханцуй шамлах цаг ирснийг сануулав. Учир юунд вэ гэвэл хэдхэн хоногийн өмнө АИ-95 4210 төгрөг, дизель түлш 4030 төгрөг болсон байна. Энэ нь сүүлийн таван сард шатахуун литр тутамдаа 1140-1190 төгрөгөөр өссөн үнэ юм

Харин АИ 92 шатахууны үнийг он дуустал барина хэмээн аргацаасан ч өвөлжилтийн бэлтгэл, намрын ургац, тариа хураалтын  их  ажлын техникийг хөдөлгөх хүч нь дизель түлш юм шүү дээ. Хэдийгээр Засгийн газрын хуралдаанаар дизель түлшний үнийг буулгах шийдвэр гаргасан ч зах зээлийн хуулийг сөрөх амаргүй.

Шатахууны үнийн өсөлтийг дагаж стратегийн гол хүнсний бүтээгдэхүүн болох гурил, будааны үнэ өснө гэсэн шуум яригдаад эхэлжээ. Энэ онд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га-д тариалалт хийсэн. Мөн  339.9 мянган га-д уринш боловсруулан бэлтгэхээр төлөвлөөд, ажилдаа орж буй энэ үед дизель түлшний үнийг нэмж, тариаланчдын бухимдлыг төрүүлэв. Тариалангийн компианиудын ашиглаж байгаа техник, технологиос шалтгаалж тарихаас хураах хүртэл нэг га тутам 20-35 литр түлш зарцуулдаг. Тухайлбал, 1000 га-д тариалан тарьдаг байсан компани жилдээ 50 гаруй сая төгрөг түлшинд зарцуулдаг байсан бол энэ жил 100 гаруй сая төгрөг зарцуулахаар болж байна.

 

УЛААНБУУДАЙ, ТӨМСИЙГ 100 ХУВЬ ДОТООДЫН УРГАЦААС ХАНГАХ БОЛОМЖТОЙ

 

ХХААХҮЯ-аас энэ жилийн ургац хураалтын дүнгээр 535.8 мянган тонн үр тариа, үүнээс 504.7 мянган тонн улаанбуудай, 171.4 мянган тонн төмс, 153.2 мянган тонн хүнсний ногоо, 168.0 мянган тонн тэжээлийн ургамал,  33.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 80.0 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулж байгаа аж.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.

Тэрбээр “Дизель түлш 300 төгрөгөөр өссөн нь газар тариалан эрхлэгчдэд хүндээр тусах нь ойлгомжтой. Гэхдээ ургац хураах үйл явцад ажил нь тасалдах, ургацаа алдах болон бусад алдагдалд орох нь харьцангуй бага. Техник технологи, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун зэрэг тариалан эрхлэгчдийн гол хэрэглэгдэхүүнийг импортоор оруулж ирдэг.

Эдгээр нь хил гаалийн асуудал, цаанаас ирэх үнэ, өртгийн хувьд тодорхой хувиар нэмэгдсэн. Тиймээс газар тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэрийн ажилчид үнэ, өртгийн судалгаа хийж үзээд худалдан авах, худалдах гэрээгээр  улаанбуудайны үнийг зохицуулна. Төрөөс үнийг хүчээр барих боломжгүй.

Хөдөө аж ахуйг дэмжих сан газар тариалан эрхлэгчдэд тодорхой тусламж үзүүлдэг. Түүнийхээ эргэн төлөлтөөр нь улаанбуудайг 650-750 мянган төгрөгний хооронд худалдан авдаг байсан. Ургац хураалтын урьдчилсан бланс наймдугаар сарын сүүлээр гарна. Эндээс нэг га талбайгаас хэдэн тонн улаанбуудай авах вэ гэсэн тоон үзүүлэлт тодорхой болно. Ургацын хэмжээгээр үнийн мэдээлэл гарах боломжтой. Газар тариалан эрхлэлт бол хувийн хэвшлийн үйлдвэрлэл тул тариалан эрхлэгчид техник, технологи бусад хэрэглэгдүүнээ өөрсдөө хангадаг. Харин төрөөс техник, технологи, шатахуун худалдан авахад нь татварын бодлогоор дэмжлэг үзүүлдэг. Хөрсний үржил шимийг хамгаалах, үр сортыг шинэчлэх тал дээр ажлууд хийгдэж байгаа” гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээл олгосон. Үр тариалан эрхлэгчдэд долоодугаар сарын наймны өдрийн байдлаар 445 иргэн, ААН-д 67.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн 950 иргэн, ААН-ийн төмс, хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд 26.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 1.2 мянган тонн шатахууныг бөөний үнээр, хүүгүй 50 хувийн урьдчилгаа төлөлттэй, үлдэгдэл төлбөрийг ургац хураалтаар буцаан төлөх нөхцөлтэй зээл олгожээ. Мөн буудайны үрийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгосон аж.

 

НЭГ ТОНН УЛААНБУУДАЙГ САЯ ТӨГРӨГӨӨС ДООШ ХУДАЛДААЛВАЛ АШИГГҮЙ

 

Гавьяат механикжуулагч Б.Баатаржав энэ онд нийт 520 га-д тариалалт хийсэн байна. Үүнээс улаан буудай 400 га, тосны ургамал 80 га, овъёос 40 га-д тариалжээ. Дизель түлшний үнэ нэмэгдсэн байгаа учраас буудайны үнэ мөн нэмэгдэнэ гэдгийг хэлэв. Тэрбээр “Өнгөрсөн жил нэг тонн буудайг 700 мянган төгрөгөөр гурилын үйлдвэрт худалдаалдаг байсан. Энэ жилийн хувьд сая төгрөгөөс доош үнэтэй худалдаалвал ямар ч ашиггүй болж газар тариалангийн салбар уналтад орно. Энэ зун хур бороо элбэгтэй байсан ч одоохондоо үр тарианы ургалтанд сөрөг нөлөө байхгүй байна. Харин энэ үеэс хойш бороо их орвол ургацын хэмжээнд муу нөлөө үзүүлнэ.  ХХААХҮЯ-наас хавар болохоор л 100-200 тэрбум төгрөгийн зээл олгоно гэдэг ч зээл нь олддоггүй. Санхүүжилт байхгүй гээд хамрагдаж чадаагүй” гэсэн юм.

Мөн "Ургац хүдэр" ХХК-ийн захирал Л.Цандэлэгийн байр суурийг тодрууллаа. Тэрбээр “Газар тариалангийн бүс нутгийн 50 хувь нь шатахуунтай холбоотой байдаг. Уринш хийж байгаа энэ үед шатахууны үнийг нэмчихлээ. Төр засгаас тариалан эрхлэгчдийг дэмждэггүй шүү дээ. Гурил, будааны үнэ хоёр дахин өсөх нөхцөл байдалтай байна. Дизель түлш өссөн болохоор дагаад өсөхөөс өөр аргагүй. Гол нэрийн бүтээгдэхүүний үнийг төр барих үүрэгтэй. Гэтэл төр зохицуулалт байхгүй байгаад байхаар ийм байдалд хүрч байна. Тэр трактор чинь дизель түлшээр ажилладаг болохоос АИ 92 шатахуунаар ажилладаггүй шүү дээ” гэлээ.

Хэдхэн сарын өмнө залуучууд төв талбайд “Ажлаа хий” гэсэн жагсаалыг өрнүүлсэн билээ. Энэ үеэр үнийн өсөлтийг зохицуулахыг Засгийн газраас шаардсан юм. Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Засгийн газраас мах, будаа, гурил, бензиний үнийг тогтвортой барьж, буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэдгийг та бүхэндээ амлаж байна. Гэхдээ энэ бүхэн амар биш. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж байсан юм. Стратегийн  гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх нь бодлогоор бус ид шидээр хэрэгжих аж. Ид шид ирэхийг хүлээж суух хооронд ард иргэд нь үнийн өсөлтөд дарамтлуулж, хэзээ юуны үнэ нэмэгдчих бол гэсэн айдастай өдөр хоногийг туулж байна даа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zah zeel(98.253.30.34) 2022 оны 07 сарын 23

Delhii niiteeree uniin usoltond nervegdej bnoo. Bid ch gesen tuulaad garhaas oor zamgui. Zah zeeliin jamaar n l iymnuudaa yavuulmaar bgamdaa ene uls turchid.

0  |  0
Bujin(94.239.109.128) 2022 оны 07 сарын 23

Budaa geed bh budaa manaih taridaggyu bizdee ,ur taria , buudai l bizdee.

0  |  0
ард(192.82.81.217) 2022 оны 07 сарын 22

Монглын ЗГ үнэ тогтворжуулах бодлогоо баримтлахгүй түлш шатхууныхаа үнийг нэмээд бай нэмээд бай үүнээс чинь болоод бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж ард иргэдийн амьдрал ядуурал руу явж төгрөгийн худалдан авах чадвар улам л буурч таараа энэ мэдээж ЗГ-т муу үр дагавар авч ирэх нь ойлгомжтой хүссэн юм хүзүүгээр гэгчээр ЗГ-ын ганхалт МАН-ыг хэцүү байдалд хүргэж мэдэх юм шүү...

0  |  0
Top