Боловсролын салбар цэгцэд орох уу, подвальдоо үлдэх үү

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 23

Сайн, муугаар хэлүүлсэн ч гэсэн сүүлийн үед олны талархлыг хүлээж байгаа нөхөр бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болоод байна. Тэрээр авлигал хамгийн их авдаг дунд сургууль, цэцэрлэгүүдийг зарлаж, тэдгээрийг хамран сургах тойргийнхоо хүрээнд хүүхдүүдийг хамруулах шаардлага тавин бүртгэлийг нь ил тод хийхээр зарласан. Энэ нь ч өөр дээр нь ихээхэн гал дуудаж байгаа.

Тэгвэл хамгийн сүүлд “Надад алга ташилт хэрэггүй. Подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай орон гэж байж болохгүй” хэмээн хэлээд нэр бүхий хэдэн сургуулийг татан буулгаж, заримыг нь өөр сургуультай нэгтгэж орхилоо. Энд нэг зүйлийг сануулахад эдгээр 13 сургуульд сурч байсан 1567 оюутны эрх ашиг огт хөндөгдөхгүй бөгөөд өөр сургуулиудад үргэлжлүүлэн суралцах боломжийг олгох аж.

Эдгээрт Газарчин дээд сургууль, Зүүн хүрээ коллеж, Маргад дээд сургууль, Монголын менежмент, технологийн дээд сургууль, Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль, Номэра дээд сургууль, Рафлес Олон улсын институтын Улаанбаатар дахь салбар сургууль, Түшээ дээд сургууль, Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль, Улаанбаатар эрдэм их сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль багтаж байгаа юм. Үүнээс гадна 24 их, дээд сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд энэ хугацаанд чанарын шаардлага хангахгүй байвал үйл ажиллагааг нь зогсоохоор болсон байна.

Үнэхээр ч хоёр мэргэжлээр элсэлт авч, хорин хүүхэд элсүүлээд подвальд хичээллүүлж байгаа бол үйл ажиллагааг нь зогсоох нь зүйтэй. Гэтэл эсрэгээрээ 250 мэргэжлээр элсэлт авдаг сургууль ч байна л гэх. Энэ бүхнийг шийдэхийн тулд их, дээд боловсролын чанар стандартаа сайтар боловсруулаад түүнийгээ дагаж мөрдүүлэхээр шахаж шаарддаг байх ёстойг ч бодолцож байгаа биз ээ.

Мөн салбарын сайд “30 жил төөрсөн их, дээд боловсролын тогтолцоог зөв замд нь оруулна” гэсэн байна лээ. Үнэхээр ч манай улсад хүн амынхаа тооноос хэтийдсэн их, дээд сургуулиуд бий болоод, түүнийг нь хүн бүр шүүмжилдэг ч дорвитой алхам хийлгүй өнөөдрийг хүрсэн. Адаглаад л хөдөлмөрийн зах зээл, ажлын байртайгаа уялдсан байдлаар мэргэжил эзэмшүүлдэггүй. Одоогийн байдлаар манай улсад 147 мянган оюутан 88 их, дээд сургуульд суралцдагаас 14 их сургуульд 108 мянга нь суралцаж байгаа аж. Үүнтэй зэрэгцээд жил бүрийн намар 440-460 тэрбум төгрөгийн цалингийн зээл арилжааны банкуудаас гардаг байна. Харамсалтай нь ялгарах юмгүй сургуулиудыг төгсөгчдөд тухайн мэргэжлээр нь ажлын байр хомс байдгаас өнөөх л муу хэлүүлдэг дипломтой үйлчлэгч, худалдагч болдог. Гэхдээ л энэ олон сургууль байгаад байгаа нь боловсролын салбар бол хамгийн их ашигтай бизнес болохыг харуулж байгаа юм.

Хүүхдээ зөвхөн их, дээд сургууль төгсгөхийн тулд байдгаа шавхдаг эцэг эх, их сургууль төгсөөгүйдээ бусдаас санаа зовдог хойч үе, МСҮТ-д суралцан боловсрол эзэмшсэнээсээ санаа зовсоор байвал энэ бизнес цэцэглэн хөгжсөөр байна. Үүнээс гадна дунд сургууль, цэцэрлэг гээд боловсролын салбар, бизнес тойрсон бүхэл бүтэн лобби бүлэг ч байдаг гэж ярьдаг. Ямар сайндаа л сургуулиудын хувьсах зардлыг багасгах талаар яриад эхлэхээр сошиал орчин, хэвлэл мэдээллээр тухайн сайд, албан тушаалтныг “нүдэж” эхэлдэг жишиг Л.Энх-Амгалан сайдыг ч тойрохгүй нь тодорхой.

Дээрээс нь энэ салбарт бизнес эрхлэгч гишүүн УИХ-д нэлээд хэд байгааг ч мартаж болохгүй. Гэсэн хэдий ч салбарын зөв чиг хандлагыг тогтоож, эрүүл тогтолцоог бий болгохоор шийдсэн түүнд энэ удаад баяр хүргэх хэрэгтэй. Харин түүний энэ тэмцэл үр дүнгээ өгч, боловсролын салбар цэгцэндээ орох уу, эсхүл лобби бүлэг, сошиал дайралтыг үл тэсвэрлэж бууж өгөөд тухайн салбар балчиг намаг, подвальдоо үлдэх үү гэдгийг гагцхүү цаг хугацаа харуулах биз ээ. 

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(66.181.185.250) 2022 оны 08 сарын 23

ЭНЭ ХҮН ЧИНЬ ХИЙДЭГ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ЮМ УУ ЭС БОЛ АЙЛГААД БАЙГАА ЮМ УУ ИХ Л СҮРЖИН ГАРЧИГТАЙ ЭХЭЛЖ БАЙНА БИД Ч ИХ АЙНА ДАА...

0  |  0
Top