Housekeeping Monthly: 1955 оны сайн эхнэр байх зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

Америкийн Housekeeping Monthly сэтгүүлийн газраас 1955 оны тавдугаар сарын 13-ныхаа дугаарт айлын эхнэр хүн ямар байх ёстой талаар зөвлөгөө нийтэлж байжээ. Энэ зөвлөгөөг уншаад орчин үеийн эмэгтэйчүүдийн инээд хүрч, зарим нь уурлан хилэгнэж магадгүй юм. Ингээд олон юм ярилгүй бараг далан жилийн өмнөх зөвлөгөөг танилцуулъя.

1. Оройн хоол бэлэн байх ёстой. Эр нөхрөө ажлаасаа ирэхэд нь үдшийн зоог бэлэн байх нь чухал. Амттай, олон төрлийн хоолыг хэрхэн хийхээ урьд шөнөөс нь эхлэн бодож, бэлтгэх нь зөв. Энэ нь эр нөхөртөө халамж тавьж байгааг хамгийн ихээр харуулдаг. Ихэнх эрчүүд ажил тараад ирэхдээ өлсгөлөн байдаг. Гэртээ ирээд амттай хоол идэх нь тэдний хувьд хамгийн сайн амралт юм.

2. Хоолоо бэлтгээд 15 минут амраарай. Учир нь нөхрөө харьж ирэхэд чи ядарсан царайтай байж болохгүй. Үсээ янзалж, будаг шунхаа сэргээ. Хэдхэн минутын өмнө нөхөр чинь баахан хүний дунд ажил хийж, ядарч байсныг сана.

3. Хөгжилтэй байж, нөхрийнхөө сонирхлыг тат. Хүнд өдрийн дараа түүнд сэргэлт хэрэгтэй. Нөхрөө сэргээх нь эхнэр хүний шууд үүрэг юм.

4. Гэрээ цэвэрлэ. Нөхрөө орж ирэхийн өмнө цэвэр цэмцгэр байдлаа дахин нэг нягтал.

5.Хүүхдийн тоглоом, сурах бичгүүдийг хурааж, ширээгээ цэвэрхэн бүтээлгээр бүтээ.

6. Өвлийн хүйтэн улиралд зуух, пийшингээ цагт нь асааж, халааж, нөхрөө ханиад хүрэхээс урьдчилан сэргийл. Нөхөр чинь гэртээ дулаан уур амьсгалыг мэдрэх ёстой. Тав тухтай амарч байж нөхөр чинь чамд таашаал өгөх учиртай.

7. Хүүхдүүдээ бэлтгэ. Гар нүүрийг нь угааж, үсийг нь самнан, шаардлагатай бол хувцсыг нь соль. Хүүхэд бол үнэт эрдэнэ юм. Нөхөр чинь хүүхдүүд нь хүртэл өөрт нь санаа тавьж байгааг мэдрэх ёстой. Нөхрөө амарч  байхад чимээ шуугиан гаргаж болохгүй. Угаалгын машин, тоос сорогчоо унтрааж, хүүхдүүддээ чимээгүй байхыг сануул.

8. Нөхрөө хараад аз жаргалтай бай.   

9. Инээмсэглэн угтаж, хайр халамжаа мэдрүүл.

10. Нөхрийнхөө ярьж байгаа үг бүрийг сонс. Түүнд хэлэх, ярих зүйл чамд маш олон байлаа ч ажлаас ирэх үед нь битгий ам нээ. Эхлээд нөхөр чинь яриг. Түүний яриа чинийхээс хавьгүй чухал гэдгийг сана.

11. Үдшийн цаг нөхрийнх чинь шүү. Оройтож ирэхэд нь гомдол бүү тавь. Өөр газар хоолонд орж, хэн нэгэнтэй зугаацсан ч хамаагүй. Нөхөр чинь гэр бүлээ тэжээх гэж хүнд хэцүү ажил хийж байгаа, гэртээ тэр амрах шаардлагатайг үргэлж сана.

12. Чиний зорилго бол гэрээ нөхрөө амарч, хүч чадлаа сэргээхэд нь туслах газар болгох явдал.

13. Ажлаа тараад ирсэн нөхөртөө ямар нэг гомдол тавьж, учирсан асуудлуудаа ярьж угтаж таарахгүй.

14. Гэртээ оройтож ирэх, магадгүй хоноогүй байсан ч чимээгүй бай. Энэ бүхэн түүний өдөржин ажилласны хажууд жижиг зүйл шүү.

15. Нөхрийнхөө амьдралыг аль болох тав тухтай байлга. Халуун усанд оруулж, зөөлөн сандалд суулга. Хүйтэн халуун ундааг урьдчилан бэлтгэ.

16. Орж ирэхэд нь гутлыг нь тайлж өг. Нөхөртэйгөө тайван, аятайхан хоолойгоор ярь.

17. Ямар нэг тайлбар шаардаж, түүнийг сэжиглэж болохгүй. Нөхөр бол айл гэрийн эзэн бөгөөд хэлсэн бүгд нь үнэн зөв гэдгийг мартаж болохгүй. Чамд түүнээс юм шаардах эрх байхгүй.

18. Сайн эхнэр байх ёстой газраа үргэлж мэдэх ёстой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со(202.126.89.210) 2022 оны 08 сарын 28

Өнөө үед өглөө явахад нь нохой унталтаар унтаж байгаад, ажилд явах замд нь араас нь утсаараа хараал бичдэг, эсвэл үд хүртэл унтаж сэрээд мөнгө нэхдэг ав гай нар л олон болсон байх

0  |  0
З(202.126.88.133) 2022 оны 08 сарын 26

0  |  0
Top