Дэлхийн цирк: “Монте Карло”-гийн шилдэг зургаан үзүүлбэр, арслан, барын тоглолтыг хос манежид үзүүлнэ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 03 сарын 22

“Дэлхийн цирк Монголд” төслийн 10 жилийн ойд зориулсан 100 гаруй уран бүтээлч, мөн хос арслан бар, өвөрмөц үүлдрийн ноход зэрэг амьтдыг багтаасан зургаан өдрийн тоглолт энэ сарын 30-наас эхлэн үзэгчдэд хүрнэ. Энэ удаагийн тоглолт  олон онцлогтой. Тухайлбал, анх удаа “STEPPE ARENA” мөсөн ордонд тоглоно. Мөн анх удаа хос манежид үзүүлбэрүүдээ үзүүлэх бол найруулагчаар ОХУ-ын жүжигчин Юрий Владимирович Никулины нэрэмжит сургуулийн алдарт найруулагч Демитрий Чернев ажиллаж байна. Дэлхийн циркийн шилдгийг шалгаруулдаг Монте Карло наадмын шагналуудыг хүртсэн зургаан үзүүлбэр хөтөлбөрт орсон. Мөн хос арслан, хос бар, өвөрмөц үүлдрийн нохойнууд тоглолтод багтжээ.

Тодруулбал, Узбекстаны Ташкент хотын улсын циркийн дөрвөн бар, хоёр арслан амьтан сургагч болон найруулагчийнхаа хамт ирсэн. Мөн Казахстаны Астана хотоос ховор үүлдрийн, Эзэн хааны гэх найман пудель нохой сургагчийн хамт иржээ. Манай улсын циркийн түүхэнд 2015 онд Олон улсын циркийн тоглолт зохион байгуулах үеэр анх  арслан авчирч байсан. Энэ удаа арслан, эрслэн хосоороо оролцох юм. Мөн бартай үзүүлбэрийг үзэгчдэд хүргэнэ.

Тоглолтын хөтөлбөрт  долоон төрлийн үзүүлбэр багтсаны дотор олон улсын 90, Монголын 30 гаруй уран бүтээлч, хос манежийг ажиллуулах техникийн нарийн ажлыг гүйцэтгэх багийнхантай нийт 160 орчим хүн оролцож байгаа аж. Тоглолтын талаар зохион байгуулагчдын байр суурийг хүргэе.

"Үзүүлбэрүүд ямар ч аюулгүй болно"

"Монгол циркийн хөгжлийн төв"-ийн захирал Н.Эрдэнээс тоглолтын аюулгүй байдлын талаар тодрууллаа.


-Циркийн зориулалтын байр байхгүй, мөн анх удаа мөсөн ордонд зохион байгуулж байна. Эрсдэлтэй биш үү?

-Циркийн зориулалтын байргүй, стандарт бус газар хийж байгаа нь аюул дагуулах уу гэсэн энэ асуултыг олон хүн асууж байгаа ч бүх зүйл стандартын дагуу явна. Ер нь бол АНУ, Герман, Канад, ОХУ гээд олон улсын  циркийн шоу тоглолтууд  яг манай “Дэлхийн цирк Монголд” тоглолт шиг спорт аренад болдог. Манайд л анх удаа спорт аренад хийх гэж байгаа болохоос олон улсад аль эрт хийж хэвшсэн, дэвшил болсон зүйл гэдгийг хэлье. Ямар ч аюул байхгүй гэдгийг энэ дашрамд  хэлье.

-Тоглолтын бүрэлдэхүүнийг танилцуулна уу?

-“Дэлхийн цирк Монголд” тоглолтод оролцож байгаа уран бүтээлчид бүгд олон улсын шоу тоглолтуудаас алт, мөнгөн медаль хүртсэн чадварлаг бөгөөд мэргэжлийн хамт олон ажиллаж байна. Жишээ нь, Монте Карло наадмын шилдэг зургаан үзүүлбэр энэ тоглолтод багтсан. Тоглолтын ерөнхий найруулагчаар анх удаа гадаад хүн, тодруулбал ОХУ-ын жүжигчин Юрий Владимирович  Никулины нэрэмжит сургуулийн алдарт найруулагч Демитрий Чернев хүрэлцэн ирж ажиллаж байна.

-Тоглолт хэзээ эхлэх вэ?

-Энэ сарын 30, 31-нд эхний тоглолтууд товлогдсон. Мөн ирэх сарын 6, 7, 13, 14-нд тоглоно. Тасалбар суудлаас шалтгаалж, 20-50 мянган төгрөгийн хооронд байгаа. VIP-ээр үзэх бол тасалбарын үнэ 60-100 мянган төгрөг  болно.

“Амьтадтай яг л хүүхэдтэй харилцаж байгаа мэт байх хэрэгтэй”

Узбекстан улсын циркийн жүжигчин, амьтан сургагч Оботеховоос энэ тог­лолтод арс­лан, барын үзүүлбэрийг хэрхэн толилуулах тухай тодрууллаа.


-Арслан, барууд хэдэн настай вэ, тэдэнтэй эхлээд харилцахад аюултай байсан уу?

-Монголд ирээд байгаа эдгээр арслан, баруудыг би багаас нь эхлэн хамт байж, тэжээж, гаршуулан сургасан. Одоо бүгд 4-6 настай. Аливаа амьтанд  ямар нэгэн үйлдэл хийх мэдрэмж бүгдэд нь байдаг. Тэрийг нь хөгжүүлж сургаж дадлагажуулснаар циркийн уран бүтээлч болно. Амьтадтай яг л хүүхэдтэй харилцаж байгаа юм шиг байх хэрэгтэй. Миний гэр бүлийн нэг гишүүн шүү дээ, эд чинь. Анх зулзага байхад нь амьтны хүрээлэнгээс авч байсан. Одоо бид хамтдаа гурав дахь орондоо ирж тоглох гэж  байгаа нь энэ юм. Монголчууд арслан, барын  тоглолтыг ихээхэн  сонирхоно гэдэгт итгэлтэй байна.

-Арслан, барыг ойроос харж байсангүй, торны цаанаас ч гэсэн архирахаар нь айх мэдрэмж төрж байна?

-Та нарт хэлэхэд, тэд маш ухаалаг шүү. Би тэднийг анх сургаж байхдаа хоёр гурван удаа хазуулж байсан. Гэхдээ тэд чинь амьтад шүү дээ. Анх “А” үсгээс эхлэн юм сургахад багахан хэмжээний золиос хэрэгтэй, тийм л зүйл болсон. Одоо бол бид сайхан найзууд.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.112.16) 2024 оны 03 сарын 24

Амиа аргацаасан цирк учраас циркийн байргүй монголд ирж байгаа, дэлхийн хэмжээний цирк бол монголд үрэх зав байхгүй.

0  |  0
Zochin(66.181.161.183) 2024 оны 03 сарын 22

Hogiin tovd toglohgui yum u,muuhai gazar .....

0  |  1
Top