Залуучуудын шигшээ баг тивийн аваргад хүч сориход 2 хоног үлдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ны 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны "E" хэсгийн тоглолтууд эх оронд маань болох гэж байна.

Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн залуус 9-р сарын 14-18-ны хооронд МХБХ-ны талбайд болох Азийн АШТ-ий “Е” хэсгийн тоглолтуудад оролцохоор бэлтгэлээ бүрэн хангаад байна.

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар И.Отгонбаяр, туслах дасгалжуулагчаар З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар Э.Мөнх-Эрдэнэ болон багийн арын албаныхан ажиллаж байгаа.

БНСУ, Малайз, Шри Ланка улсын багуудтай нэг хэсэгт багтсан Монголын 20-иос доош насны шигшээ баг хэсгийнхээ эхний хоёрт орвол дараагийн шатанд шалгарах боломжтой. Дэлхийн супер од хэмжээний хөлбөмбөгчдийг бэлтгэн гаргадаг БНСУ-ын өсвөр залуучуудын шигшээ багтай тоглоно гэдэг манай залууст том туршлага болох нь дамжиггүй.

БНСУ-ын 19 насны шигшээ 2018 онд АШТ мөнгө, 20 хүртэлх насны шигшээ баг нь 2019 онд 20 насны ДАШТ-аас мөн мөнгөн медаль хүртсэн учраас тэд 2023 онд Азийн аварга болохоор бэлтгэж буй нь дамжиггүй. Малайзын залуус ч энэ хэсэгээс гарахын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ. Сербийн дээд лигийн "Red Star Belgrade" клубт тоглодог тоглогч Малайзын 20 хүртэлх насны шигшээ багт багтсан гэхээр манай залуусыг том сорилт хүлээж байна. Хэсгийн сүүлийн тоглолтод Монголын шигшээ багийн залуус Шри Ланка улсын багтай тоглоно. Бүх зүйл шийдэгдэх өндөр магадлалтай сүүлийн тойрогт хэсгийн хоёр хүчтэй баг хоорондоо тоглох нь бидэнд давуу тал болж ч мэдэх юм.

Эх орныхоо нэрийн өмнөөс тивийн тэмцээнд тоглох шигшээ багийн залуусаа дэмжицгээе.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top