Буудлага спортын ДАШТ эхэллээ

Админ | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

Буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах ( ISSF World shooting championships) 53 дахь удаагийн тэмцээн энэ сарын 12-28-нд Египетийн Каир хотноо болно.

Хоёр зууны өмнө, бүүр XIX зуунд , тодруулбал 1897 оноос түүх нь эхэлдэг энэхүү тэмцээн 1954 оноос хойш дөрвөн жил тутам зохиогдож буй, хөлбөмбөг, сагсан бөмбөг гэх мэт цөөхөн спорт шиг дөрвөн жилд ганц зохиогддог үнэ цэнэтэй, нэр хүнд өндөр тэмцээний нэг билээ.

Буудлага спортын ДАШТ-ээс Монголын баг тамирчид  1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байсан түүхтэй бөгөөд ДАШТ-ий бүх цаг үеийн түүхэнд медаль хүртсэн 75 орон байдгаас манайх 54-т жагсдаг.

Медалийн тоогоор ЗХУ -525 (257 алт, 162 мөнгө,106 хүрэл), АНУ -580 (208 алт, 191 мөнгө, 181 хүрэл), Швейцарь -456 (175 алт, 150 мөнгө, 131 хүрэл), Итали -336 (128 алт, 103 мөнгө, 105 хүрэл), ОХУ-240 (86 алт, 79 мөнгө, 75 хүрэл) медалиар тэргүүлж байна.

Манай буудагчдаас хувийн төрөлд Монгол Улсын Гавьяат тамирчин Доржсүрэнгийн МӨНХБАЯР 1998 онд Испанийн Барселона хотноо болсон ДАШТ-ий хийн гар бууны 10 м-ийн дасгалд алтан медаль хүртэж, Дэлхийн аварга цолыг эх орондоо авчирч байсан бол гавьяат тамирчин Отрядын ГҮНДЭГМАА 2006 онд Хорватын Загребт болсон ДАШТ-ий 25 м-ийн спорт гар бууны дасгалд хүрэл медаль хүртэж байв.

Мөн 1998 оны ДАШТ -ээс гар бууны эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль (Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун), 2014 онд Испаний Гранада хотноо болсон ДАШТ-ээс гар бууны эмэгтэй багийн төрөлд мөнгөн медаль (О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг) эх орондоо авчирч байлаа.

"Каир-2022" ДАШТ-ий олимпийн дасгал тус бүрт эхний дөрвөн байрт шалгарсан тамирчдад "Парис-2024" олимпийн эрх олгох учраас энэ удаагийн ДАШТ өрсөлдөөн маш их байх юм. Дэлхийн цомын тэмцээнээс Олимпийн эрх олгодог байсан журмаа Олон улсын буудлага спортын холбоо (ISSF -International Shooting Sport Federation) өөрчилж, зөвхөн тив, дэлхийн АШТ-ээс олимпийн эрх олгох болж байгаа.

Энэ удаагийн тэмцээнд Монголын буудлага спортын шигшээ баг гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлагаар нилээд өргөн бүрэлдэхүүнтэй Египетид очоод байна.

Хэн хэн ямар дасгалд цэц сорихыг тодруулбал,

УРТ БУУ:

Эрэгтэйчүүдийн 10 м-ийн хийн бууны дасгалд хувийн амжилтаар Н.Баяраа, Д.Лхагвасүрэн нар өрсөлдөх бөгөөд эрэгтэй багийн дасгалд оролцохгүй нь.

Харин энэ дасгалд эмэгтэй хувийн болон багийн төрөлд О.Янжинлхам, Г.Нандинзаяа, О.Есүгэн нар цэц сорино.

Холимог багийн төрөлд (1 эм+1 эр) Нандинзаяа- Баяраа, Есүгэн-Лхагвасүрэн нар хослосон манай хоёр баг оролцох ажээ.

50 м-ийн 3 байдлаас буудах дасгалд эрэгтэйчүүдээс Баяраа, Лхагвасүрэн нар хувийн амжилтаар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 50 м хэвтээгээс буудах  дасгалд Янжинлхам, Нандинзаяа, Есүгэн нар хувийн болон багийн дасгалд өрсөлдөнө.

Мөн 50 м-ийн хэвтээгээс буудах дасгалд холимог багийн төрөлд Ж.Ганхуяг-Г.Нандинзаяа гэсэн аав-охин, багш-шавь гэсэн сонирхолтой хослол оролцох юм байна. Бас л тун ховор хувь завшаан, түүх болох нь.

Холимог багт мөн Баяраа-Есүгэн нарын хослол оролцоно.

ГАР БУУ:

25 м-ийн спорт гар бууны дасгалд Ц.Мөнхзул, Ц.Анударь, Т.Баярцэцэг нар хувийн болон багийн төрөлд өрсөлдөнө.

Харин хийн гар бууны 10 м -ийн дасгалд Т.Баярцэцэг, Ц.Анударь, Э.Хишигдэлгэр нар хувийн болон багийн тэмцээнд цэцээ сорино.

Мөн эрэгтэйчүүдийн энэ дасгалд Э.Даваахүү, П.Тэргэл нар хувийн төрөлд , энэ хоёр дээр О.Төгөлдөр нэмэгдээд багийн төрөлд буудна.

25 м-ийн стандарт гар бууны дасгалд Хишигдэлгэр, Баярцэцэг, Мөнхзул нар эмэгтэй, Даваахүү, Төгөлдөр, Л.Ундралбат нар эрэгтэй хувийн амжилтаар өрсөлдөнө.

Манай Ж.Ганхуяг, Л.Ундралбат хоёр дасгалжуулагч дасгалжуулагчаа ч хийх нь, өөрсдөө тамирчны хувиар галын шугаман дээр ч зогсох нь.

Л.Ундралбат гавьяат маань саяхан болсон Монголын Бүх ард түмний спартакиадаас мөнгөн медаль хүртсэн,  сайн "формтой" байгаа.

Стандарт гар бууны холимог багийн дасгалд Даваахүү-Баярцэцэг, Төгөлдөр-Хишигдэлгэр гэсэн манай хоёр баг оролцох юм.

25 м -ийн олимпийн рапид (хурдан буудлага) дасгалд эмэгтэйчүүдээс Хишигдэлгэр, эрэгтэйчүүдээс Даваахүү, Төгөлдөр нар буудна. Харин ДАШТ-ий хөтөлбөрт шинээр орсон холимог багийн дасгалд Даваахүү-Хишигдэлгэр хоёр баг болон орно.

25 м-ийн том калибрын (center fire pistol) гар бууны дасгал мөн ДАШТ-ий хөтөлбөрт шинээр орсон. Эмэгтэйчүүдэд урьдчилсан мэдүүлгээр дөрвөн тамирчин байгаагийн гурав нь Баярцэцэг, Мөнхзул, Хишигдэлгэр гээд манай мэргэн буучид. Сүүлчийн мэдүүлгээр хэдэн тамирчин нэмэгдэхийг мэдэхгүй. Гэхдээ медалийн өрсөлдөөн манай гурвын дунд өрнөх магадлалтай байна.

Эрэгтэйчүүдийн энэ дасгалд Даваахүү, Төгөлдөр, Ундралбат нар хувийн болон багийн амжилтаар өрсөлдөнө.

50 м-ийн эмэгтэйчүүдийн дасгалд Мөнхзул, Анударь, Хишигдэлгэр хувийн болон багийн амжилтаар галын шугамд зогсоно. Манай гурав энэ дасгалаар анх удаагаа оролцох гэж байгаа.

Эрэгтэй хувийн дасгалд Даваахүү, Төгөлдөр нар цэц сорих бол холимог багийн дасгалд Даваахүү-Мөнхзул, Төгөлдөр-Хишигдэлгэр нар хослон манай хоёр баг өрсөлдөх нь.

Эрэгтэй 300 м -ийн хэвтээгээс буудах дасгалд С.Баяр мөн оролцоно.

Залуучуудын ангилалд манайхаас 17 настай Э.Номин, 18 настай Г.Алтангэрэл оролцох бөгөөд тус бүр 9 дасгалд хувийн болон холимог багийн амжилтаар өрсөлдөх юм .

Залуучуудаас 2010 онд Германы Мюнхенд болсон ДАШТ-ий 10 м гар бууны дасгалд Цагаандалай ХОНГОРЗУЛ алтан медаль хүртэн, дэлхийн аварга болж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top