Үдийн хоолноос үлдсэн сургуулиудтай танилц, Л.Энх-амгалан сайд аа

2022 оны 11 сарын 10

Сурагчдын сурлагын чанар, хичээлийн идэвх, эрүүл саруул өсөж торниход төр засгаас анхаарч Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд олон жилийн нүүрийг үзлээ. Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хэл ам дагуулж мундахгүй олон асуудал гарсаар байна. Тухайлбал, 2021-2022 оны хичээлийн жил эхэлж хоёр сар гаруй хугацаа өнгөрөхөд нийслэлийн зарим ЕБС-д Үдийн хоол хөтөлбөр жинхэнэ утгаараа хэрэгжихгүй байгаа асуудлын мөрөөр сурвалжиллаа.

2021-2022 оны Үдийн хоол хөтөлбөрт 68 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байдаг. Тэгвэл үнэн хэрэгтээ хоолчгүй сургууль байна. Өөрөөр хэлбэл, боорцог, шингэн бүтээгдэхүүнээр үйлчилж буй. Иймд бодит байдлыг хүргэхээр Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Сэтгэмж болон 28 дугаар сургуулиар орлоо.


 

Сурагчид "Багшаа хэзээ хоол өгдөг болох вэ" гэж асуудаг

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн тухайд 1600 гаруй хүүхдэд бэлэн бүтээгдэхүүнээр үйчилж байна. Тус сургуулийн 3Б анги 41 сурагчтай бөгөөд үдийн цайгаа уухаар бэлтгэнэ. Ийн ангийн багш С.Жаргалсайхан II салаанд суух охиныг ариун цэврийн дарга гэж танилцууллаа. Тэрбээр охинд сурагчдын гарыг ариутгах ажлыг даалгав. Бусад нь ширээндээ цэгц сууна. Ийн салаа бүрээс нэг сурагч босож саванд байх боорцог, шүүсийг ширээ бүрд тараав.

С.Жаргалсайхан багш, “Манай ангийн гурван сурагч чөлөөтэй байгаа. Бэлэн бүтээгдэхүүн өгч байгаа нь эрүүл ахуйн хувьд харьцангуй цэвэрхэн. Гэсэн хэдий ч хүүхдүүд хоолноос авдаг шим тэжээлийг авч чадахгүй байна. Хүйтний улирал эхэлмэгц ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Тийм учраас хүүхдүүдэд халуун аарц, чацаргана, аньс зэргийг ууж дархлаа дэмжих учиртай. Гэтэл манай сургууль цайны газаргүй учир Үдийн хоол хөтөлбөр хэрэгжихгүй байна. Өнөөдөр аньсны шүүс өгсөн. Их хүйтэн юм. Боов боорцог нь амттай учир хүүхдүүд дуртай идэх юм. Сурагчид багшаа хоол хэзээ өгдөг болох вэ гэж асуудаг хэмээн тодотгов.

Сурагчид боорцог цайгаа идэх бөгөөд зарим нь гэрээсээ хоолтой ирсэн харагдана. Гуравдугаар салааны хамгийн эхэнд суух охин ”Өдрийн боорцог цайнд цаддаггүй. Өмнө нь хоол өгч байхад өлсдөггүй байсан. Өнөөдөр ээж маань гурвалжин будаатай хуурга хийж өгсөн. Сургуулиас хурдан хоол өгдөг болоосой” гэлээ. Түүний ширээний найзаас сэтгэгдлийг нь асуухад мөн л ижилхэн зүйл ярилаа. Би ярья гээд гараа өргөх хэвлүүхэн хүү “Та хоол өгдөг эгч юм уу гээд учирлан асуув. Тэрбээр өмнөх жилүүдэд хоол өгдөг байхад өлсдөггүй байсан. Хичээл 13.00 цагт ороод орой 17.00 цагт тардаг. Удаан суухаар ядарч байна хэмээн ярилаа. Сурагчдын зарим нь жүүс, боорцогоо цүнхэлж дүүдээ өгнө гэх нэгэн ч байв. Ямартай ч бэлэн бүтээгдэхүүнд сурагчид сэтгэл дундуур байгааг хэлж байна. Харин тус сургуулийн хоол зүйч Б.Нарантуяагаас хүүхдүүдэд өгч буй Үдийн цай хэр үр өгөөжтэй, цаашид Үдийн хоол хөтөлбөрт шилжих эсэх талаар тодруулсан юм.


-Одоогоор тендер шалгаруулалтад тэнцсэн компанитай хамтарч бэлэн бүтээгдэхүүн нийлүүлж байна уу?

-Тендер шалгаруулалт есдүгээр сард явуулсан ч хараахан компани сонгогдоогүй байгаа. Тиймээс “Хаан сүү” ХХК-тай гэрээтээр боорцог, жүүс, тараг, аарц зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж байгаа.

-Энэ хичээлийн жилд багтан “Үдийн хоол” хөтөлбөрт шилжүүлэх үү. БШУЯ-аас ямар чиглэл өгч байгаа вэ?

-Өнгөрөгч есдүгээр сард сургууль доторх нөөц бололцоог ашиглан цайны газар болохуйц 2-3 өрөөг гаргаж Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын газарт танилцуулсан ч үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн үзсэн. Тиймээс Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлийг холбогдох байгууллага өгсөн. Шинэ сургуулийн байр ашиглалтад ортол бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилнэ.

-Хүүхдүүдэд халуун хоол цайгаар үйлчлэхгүй байгааг эцэг эхчүүд мэдэж байгаа юу?

-Эцэг эхчүүд яагаад хоол өгөхгүй байгаа талаар сургуулийн удирдлагаас асуудаг. Бид бодит байдлыг тайлбарласан учир ойлгож байгаа байх. Тэд одоо өгч буй бэлэн бүтээгдэхүүний амт, чанарт сэтгэл хангалуун байдаг ч халуун хоол цай хүүхдэд нэн чухал гэдгийг хэлдэг. Тиймээс сурагчдад хоол өгөх асуудлыг цааш уламжлахыг хүсдэг. Бид холбогдох хүмүүст хэлж байгаа. Гэсэн хэдий ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байна.


Сургуулийн ойр хавьд байх эцэг эхчүүдийн төлөөллөөс сурагчдад бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаад ямар байр суурьтай байгааг асуухад, Сэтгэл байвал шийдэж болохгүй зүйл гэж үгүй. Ямар нэгэн аргаар хүүхдүүдэд бүлээн хоол цайг өгөх хэрэгтэй. Үдийн хоол чанартай хүртээмжтэй илчлэг сайтай учир түүнийг бэлэн бүтээгдэхүүн мэтээр орлуулмааргүй байна. Ханиад томуу ихтэй энэ үед халуун хоол цай нэн чухал гэдгийг Б.Цог хэллээ.

Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн байр нурсантай холбоотойгоор Үдийн хоол хөтөлбөр хэрэгжихгүй байгааг сургуулийн мэргэжилтнүүд хэлэв. Одоогоор бага сургууль болон өргөтгөлийн байранд 1-5 дугаар ангийн сурагчид тус тус хичээллэж байна.

Ургах нартай уралдан босож өглөөний цайгаа дутуу эсвэл огт уухгүй хичээлдээ ирдэг хэчнээн хүүхэд байдгийг хэн ч таашгүй. Тэдгээр хүүхдүүд сургуульдаа ирээд 4-5 цагийн хичээлд суухдаа завсарт нь нэг ширхэг боорцог идээд хоолших уу. Хүсэхэд хясна гэгчээр тэд өлслөө гэхэд гүйгээд орох цайны газар ч үгүй сургуулиуд энэ мэтчилэн байна.

Бид тус сургуулиас холгүй байрлах Сэтгэмж Ерөнхий боловсролын сургуульд очлоо. Тус сургууль мөн адил гал тогоогүй. Үдийн хоол хөтөлбөр огт хэрэгжүүлж байгаагүй аж. Шинэ сургуулийнхаа байрыг ашиглалтад оруулсан бөгөөд Улсын комисс хүлээж авах дутуу гэнэ. Энэ талаар Сэтгэмж сургуулийн сургалтын менежер Ю.Наранцэцэг “Манай бага сургууль 650 сурагчтай. Бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа. Шинэ сургуулийн байранд орчихвол энэ асуудал шийдэгдэх байх” гэлээ.

Энэ мэт үдийн цай гэх нэрийн дор бэлэн бүтээгдэхүүн нийлүүлж өл дарах аргаар хэдий болтол явах вэ.

Бүх сурагч эрхээ тэгш эдлэх ёстой. Үүний адил тэднийг Үдийн хоол хөтөлбөрт тэгш хамруулъя. Одоогоор Нийслэлийн ЕБС-ийн 80 хувьд хоол өгч байна. Үлдсэн 20 хувьд буюу Баянгол дүүргийн 28, Сэтгэмж, Хан-Уул дүүргийн 161, 18, 118 зэрэг сургуулиудад бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилсээр байна. Ийн Үдийн хоол хөтөлбөрт сургуулиуд хэзээнээс бүрэн шилжих талаар холбогдох байгууллагуудаас тодруулсан юм.

 

Гал тогооны түрээс болон тогооч нарын  цалинг “Үдийн хоол”  хөтөлбөрийн төсвийн мөнгөнөөс төлөх өө больё

 

БШУЯ-ны суралцагчийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал хэлэхдээ, “Энэ жил 380 мянга гаруй сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд хүнсний хангамж худалдан авалт, түрээсийн гал тогоо, хүний нөөцийн хүрэлцээ хангамж гэх мэт асуудал тулгардаг. Бид үүнийг шийдвэрлэхийн тулд нарийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Нэн түрүүнд Үдийн хоолны чанарыг нэмэгдүүлэхэд анхаарна. Ингэхийн тулд хоолны тариф болох 1500 төгрөгийг нэмэх шаардлагатай.

Хүүхдүүд үдийн хоолноос 670 килкалор илчлэг авах ёстой. Гэтэл үнийн өсөлтөөс шалтгаалан 50 хувийн илчлэг авдаг нь үнэн.

Нийслэлийн ихэнх сургуулиуд түрээсийн гал тогоо ажиллуулахаас аргагүй байдаг. Тэдний түрээсийн төлбөр болон тогооч нарын цалинг “Үдийн хоол” хөтөлбөрийн төсвийн мөнгөнөөс төлдөг.

Ийн “Үдийн хоол” хөтөлбөрийн 1500 төгрөгийн тодорхой хувь түрээс мэтийн зүйлд зарцуулагддаг гэх бөгөөд хүүхдүүдийн аягатай хоолноос энэ мэтчилэн хумсалмааргүй байна. Сангийн яаманд Үдийн хоол хөтөлбөрийн төсвийг 3415 төгрөг хүртэл нэмэх талаар санал хүргүүлсэн ч татгалзсан хариуг БШУЯ-д хүргүүлжээ.

Өөрөөр хэлбэл, төсвийг нэмэх боломжгүй хэмээн үзжээ.

Бодит байдал дээр сургуулиуд одоогийн төсөвт тааруулан нэг хүүхдийн аягийг хоолоор дүүргэх гэж бүсээ чангалж байна.

Нийслэлийн 10 гаруй сургууль хоол зүйчтэй аж. Эдгээр нь хүүхдүүдэд 1500 төгрөгөнд тааруулж илчлэг сайтай хоол өгөхийн тулд хоолны цэсэнд махыг орлуулах дүпү, брокли, өндөг зэрэг уураг өндөртэй бүтээгдэхүүн түлхүү хэрэглэхийг зорьдог гэнэ. Харин хоол зүйчгүй сургууль 1500 төгрөгөөр нэг сурагчийн үдийн хоолыг дөмөгхөн хүргэж байгаа нь илт.

Энэ мэт хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх зарчмаар хэдий болтол явах вэ Л.Энх-Амгалан сайдаа.

Хэдийгээр дээрх сургуулиудад энэ сарын 1-ний өдрөөс эхлэн халуун хоол өгөхөөр бэлтгэл ажил хангагдаж буй талаар Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Энхтайван ярьсан ч одоогоор хэрэгжсэн зүйл алга. Цайны газаргүйгээс олон хүүхэд халуун хоол цайнаас хоцорч байна. Цаашлаад хичээлийн ачааллаас болж ядарч дархлаа суларч ханиад томуу хүрэх эрсдэл бий болно. Иймд сургуулиудын цайны газрын асуудлыг нэн даруй шийдэж багачуудыг хоолтой нь залгуулахад анхаарч ажиллах хэрэгтэй байгааг дурдъя.

 

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top