Д.Батжаргал: “Ардын дүрслэлийн хэл”-ээ хэрэглээнд байнга оруулах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 19

Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор, хүүхдийн зохиолч Д.Батжаргалыг энэ удаагийн “Өглөөний зочин”-ыхоо хойморт урилаа. Тэрбээр, энэ сарын 14-нд “Ардын дүрслэлийн хэл-II” номоо уншигчдын гарт хүргэсэн юм. Энэхүү номд “Ардын дүрслэлийн хэл-21” уралдаанд оролцогчдын бүтээл, цар тахлын үед “Оюутан бүр судлаач” даалгаврын хүрээнд МУИС-ийн оюутан залуусын ирүүлсэн ардын дүрслэлийн хэлний дээжсээс гадна зохиолч, яруу найрагчид, эрдэмтэн мэргэдийн үгийг ч мөн багтаажээ.


-Та өмнө нь эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлүүдээ эмхэтгэн “Ардын дүрслэлийн хэл” номоо гаргаж байсан. Энэ удаад хоёр дахийг нь уншигчдадаа өргөн барилаа. Анх ийм төрлийн ном гаргах санааг хэрхэн олж байв?

-Одоогоос 10 жилийн өмнө 2012 онд Монгол Улсын Их сургуулийн 70 жил, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн 30 жилийн ой болсон юм. Тэр үед би “Ардын дүрслэлийн хэл” гэсэн анхны илтгэлээ тавьсан. Илтгэлдээ 1990 оны Монголын радиогийн эх хэлний нэвтрүүлэгт Чой.Лувсанжав багшаас яриа авч байсан түүх, сэтгүүлчдийн сургалт дээр ардынхаа хэлээс суралц гэснийг оруулсан юм. Чой.Лувсанжав багш “Ер нь бичигч, зохиолч хүн хоёр ундаргаас суралцах ёстой юм. Нэг нь бичгийн зөв сайхан найруулгатай зохиол, нөгөө нь ард түмний хэл” гэж хэлсэн юм.

Тэр нь бол хөгшид буурлууд, эгэл жирийн малчин ардын сайхан хэлийг сураарай гэж олон жишээ ярьдаг байсан даа, бидэнд. Түүнээс нь ганцханыг хэлэхэд, багш маань Өвөрхангай аймгийн хүн. Нутаг усандаа саахалт явсан айлын гэрийн эзэн нь уначихсан юм байна. Тэгээд халгаж, халгаж гэргийтэй нь уулзахад “Уул шиг сайхан ханиа унагачихаад улаан цурав хэдэн хүүхэдтэй үлдлээ. Дээр нь та нар, дор нь бид байхад болох л байлгүй дээ” гэж хэлсэн гэдэг. Ийм олон сайхан жишээг бидэнд хэлдэг байсан.

Заримыг нь энэ удаагийн номдоо ч гэсэн оруулсан. Би шавь нартаа багшийнхаа “Хэл бол салхи, бичиг бол мөр” гэсэн үгийг одоо ч гэсэн хэлдэг. Тэгэхээр ард түмний энэ сайхан хэлийг бичиж, тэмдэглэж, олон түмэнд хүргэж явахгүй бол салхи шиг хийсээд алга болчихно. Хамгийн аюултай нь гээгдэж, мартагддаг. Ялангуяа даяаршиж буй, гаднын хэлний нөлөө орж байгаа ийм цагт ардын сайхан үг хэллэгүүд алга болох вий. Дунд сургуульд уран зохиолын хичээлийн цагийг багасгаж байна. Энэ бол үнэхээр харамсалтай, сэтгэл эмзэглэж явдаг.

Би нэлээд хэдэн жилийн өмнө хүүхдүүдэд зориулж “Шүлэг яаж бичих вэ” гэж ном бичсэн. Манай бичгийн мэргэд П.Бадарч, Долгорын Нямаа гуай бүгд “Үг хөгжил” хичээлийн сайхныг ярьдаг. Энэ хичээл бол хүүхдийг юм бичиж чадах юм байна гэсэн урам зоригоор хөглөж, тийш нь чиглүүлж байдаг. Ингэж хөглөж, хөтөлж байгаа, хүнийг хүн болгодог гол зүйл нь уран зохиолын хичээл. Гэтэл түүнийх нь цагийг багасгаад зарим зохиолыг хэсэгчлэн үзүүлж байна гэдэг туйлын харамсалтай. Тиймээс ард түмнийхээ хэлийг түгээн дэлгэрүүлэхэд зориулан ийм ном гаргалаа. Анхны номоо 2020 онд нийт 10 илтгэл, өгүүллээ эмхэтгэн гаргасан.

-“Ардын дүрслэлийн хэл” гээд цахим уралдаан бас зарласан байх аа?

-Цар тахлын үед оюутнууд хөл хориотой, цахимаар хичээллэсэн. Ингэж гэртээ байхдаа орон нутгаас оюутнууд маань сайхан жишээнүүд олж ирсэн. Тэдгээрийг энэ номдоо багтаасан.

2021 он бол их олон түүхт ойн жил байлаа. Тиймээс Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн ажлын алба, Монголын үндэсний олон нийтийн радио, www.24tsag.mn зэрэг газруудтай хамтраад “Ардын дүрслэлийн хэл-21” гэсэн уралдаан зарласан. Уралдаанд 70 гаруй хүний 350 гаруй бүтээл ирсэн. Тэдгээрээс дээжлэн номдоо оруулсан.

Монголын радиогоор болон сошиал орчинд тус бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэхэд зохиолч, сэтгүүлч Г.Болормаа их үүрэг гүйцэтгэсэн. Мөн MGL радиогоор ч гэсэн олон жишээ баримт явуулсан. Үүний үр дүнд орон нутгаас олон хүмүүс хамрагдсана. Жишээлбэл, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын багш Х.Ивансан, Дундговийн багш Э.Баттогтох, алдарт “Хөвсгөл” найраглалыг бичсэн Д.Сүрэнжав гуайн том хүү гавьяат барилгачин С.Батчулуун, Баянхонгорын уугуул, сэтгүүлч Ч.Дашдэлэг, хүүхдийн зохиолч Н.Мандал, С.Батжаргал, ахмад зохиолч З.Ядмаа, С.Товуудорж, Дарханаас яруу найрагч Л.Мөнхбаатар гээд хүмүүс их идэвхтэй оролцсон.

Гэхдээ бид аль болох олон түмэнд хүрээгүй, урд өмнө нь хэвлэгдээгүй үгсийг бичиж ирүүлбэл сайн гэсэн ганцхан шаардлага тавьсан.

-“Ардын дүрслэлийн хэл” гэдэг маань зүйр цэцэн үг, егөөдөл гээд олон төрлийн алинд нь хамаарах вэ?

-Ардын аман зохиол биш, ардын билэг зүйд л хамаарах зүйл. Тэр тусмаа миний онцлоод байгаа зүйл бол Монголын ард түмэн огт бодож бэлдэлгүйгээр шууд хэлдэг, аманд нь бэлэн байдаг үгийг хэлээд байгаа юм. Үүн дотроо ихэвчлэн дүрсэлж хэлдэг. Тухайлбал, хүүхэд чавхаар тоглоод байхад нь “Чи битгий чавхаар тоглоод бай, болохгүй” гэж хэлээд нэмэргүй шүү дээ. Гэтэл манайхан “Чавх нүдэнд, чацга хормойд” гээд эвгүй зүйлтэй жишчихдэг. Ингээд хэлчихээр хүүхдэд илүү хүрч, ойлгож ухаардаг. Манай ард түмэн ингэж л аливаа зүйлийг эцэст нь тултал хэлээд байгаа юм. Зарим нь жаахан ёжтой, инээдэмтэй байдаг. “Хааных агтаа сойход царцаа гуяа сойно” гэдэг нь элдэв дуураймлуудыг л хэлээд байна шүү дээ.

-Та бол дархад хүн. Дархадууд их шооч хүмүүс. Тус уралдаанд ирсэн бүтээлүүдийг уншиж байхад шооч хүмүүс ийм бэлэн цэцэн, ончтой үгтэй байдаг юм болов уу гэсэн бодол төрж байсан л даа?

-Дархадуудыг их шооч гэдэг юм. Манай Улаан-Уул суманд Морх гээд хүн байдаг. Тэр хүнийг хөх түрүүний нүднээс авдрын будаг гаргаж авсан манай гарагийн цорын ганц хүн гэж Ардын авьяастан Л.Баярмагнай шоолдог. Яасан гэхээр хөх түрүүний нүд солонгорсон байдаг шүү дээ. Гэтэл Морх гуай түүнийг харж байгаад нүднээс нь будаг гаргаж аваад авдар будвал мөн гоё болно доо гэж өөрөө хэлчихсэн байгаа юм. Хэлэх бүү хэл, үзэх гэж оролдоод “Үхсэн, нэг муу хальс байдаг юм билээ” гэж хэлсэн гэдэг. Нэг ёсондоо тэр шооч ард түмний шог хошин ярианы баатар нь болчихож л дээ. Энэ хүний тухай гэхэд л маш олон яриа бий. Морх сийрсэн малгай өмсөөд салхи сөрж гүйвэл шуурга дэгдэнэ. Харин шинэ жилээр сандалтай явбал өнтэй өвөл болдог гээд л ярьж байдаг юм. Би өөрөө тэр хүнтэй уулзаж байсан. Гэтэл Морх гуай “Миний тухай яриад хүмүүс инээлдэж л байвал би шоолуулах юу ч биш. Харин ч надад сайхан” гэж байсан юм. Ийм шог хошин ярианы ардын баатрууд их бий.

Сүхбаатар аймагт л гэхэд Ганж гуай гэж хүн байдаг. Тэр хүнийг хот руу онгоцоор очоод ирсний дараа нутгийнхан нь “Онгоцоор нисэх сайхан юм уу” гэж асууж л дээ. Гэтэл өөдөөс нь “Түргэн нь бол сайхан унаа юм түрийвч хоослох нь хэцүү унаа юм” гэж хэлсэн гэдэг. Ийм л хүмүүс ардын дүрслэлийн хэлийг бүрдүүлдэг. Та сая шооч гэж ярилаа. Үнэхээр нэгнийгээ, бусдыг шоолсон ярианууд их байна. Зүүн аймгийн нэг сумын буудлынх нь эрхлэгч маш их нүүрээ буддаг байж. Харин тогооч нь нэлээд махлаг гэнэ. Гэтэл энэ хоёрын тухай “Манай буудлын будмал, чихмэл хоёр...” гэж ярьсан байх жишээтэй.

-Дээр ярьсан цахим уралдаанд аль аймаг, ястнаас түлхүү оролцож, шинэ, содон үг нь хаанаас илүү ирэв?

-Гадаад улсаас ч гэсэн энэ уралдаанд оролцсон. Харин аймаг, аймгаар нь аваад үзэхээр манай Хөвсгөл, Дундговь, Ховд, Сүхбаатараас түлхүү оролцсон. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк тааралдаад “Төгрөг малгай хэвтэй нь сайхан. Төрийн хүн түвшин нь сайхан” гэж хэлсэн. Үүнийг Баян-Өлгийн аймгийн Алтай сумын хүмүүс хэлснийг манай Ш.Ёолк тэмдэглэж авснаа хэлж байсан.

Говийнхон болохоор “Нэг тэмээний хорголд мянган тэмээ халтирна” гэж хэлдэг юм билээ. Гэтэл манай хангай газрынхан “Нэг үхрийн эвэр дэлсэхээр мянган үхрийн эвэр доргино” гэдэг шүү дээ. Энэ мэтчилэн хэлбэрүүд, ойролцоо утгатай үгс их байна. Намхан хүнийг шоолохдоо “Үдийн нарны сүүдэр, үүргийн хавчгийн бөглөө” гэж хэлдэг байхад Хөвсгөл аймагт “Ухнын урд тагалцаг” гэж хэлдэг байгаа юм.

-“Ардын дүрслэлийн хэл” цаашид үргэлжлэх үү?

-Үргэлжилнэ, ингэхдээ нэлээд төрөлжүүлээд хийх санаатай байгаа. Энэ удаагийн ном дээрээ бас эх орон, эрдэм мэдлэг, нүүдэлчид гээд жаахан төрөлжүүлэхийг оролдсон. Цаашдаа судалгааны эргэлтэд оруулахын тулд төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Сайныг хэлхэж, саарыг түлхэж яваарай гэсэн хэсэгт л гэхэд хүүхэд залуус, хойчист зориулсан үгс бий.

Усан замаар орвол

Урсаад явчихдаг юм

Уул шиг сайхан эр ч

Ганхаад явчихдаг юм... гэх зэрэг сургаал, захиас маягтай үгнүүдийг оруулсан. Хөдөлмөрийн баатар Тангадын Галсан гуай саяхны нэг хурал дээр

Ойн зэрлэг сармагчин

Биеэ маажиж бөөсөө түүнэ

Орчин үеийн хүн сармагчин

Утсаа маажиж хов түүнэ... хэмээн хэлсэн юм. Энэ бол үнэхээр цаг үеэ хараад бодож бэлтгэлгүйгээр шууд хэлсэн “Ардын дүрслэлийн хэл”. Одоо чинь хүмүүс утсаа маажиж хов түүсээр байгаад худал, үнэн мэдээллээ ялгахаа больчихсон. Үүнийг маш сайн ялгаж өгөх хэрэгтэй. Жинхэнэ баталгаатай хэвлэл мэдээллийн хэрэгслийн үг, нийтийн үг хоёр холилдчихоод байгаа нь хамгийн аюултай. Энэ хоёрын зааг ялгааг ялгахад энэ мэтийн ардын маань хэл, үгс хэрэгтэй зүйл байгаа юм.

Дээрээс нь манайхан өвөрмонголчуудаа их шоолдог. Гэтэл бидний “Баруун дөрвөн зам”, “Зүүн дөрвөн зам” гэдгийг тэд маань “Тоонолжин зам” гэж нэрлэдэг юм билээ. Үүнийг хэлсэн чинь Ардын багш, профессор С.Дулам багш уулга алдаад “Нээрээ тийм шүү дээ, довын толгой тоонолжилж хагарна” гэдэг шүү дээ гэж байсан. Би бол энэ мэт олон сайхан монгол үг, ардын хэл яриагаа олон хүн судлаасай, сайтар дэлгэрүүлээсэй гэж хүсдэг.

Хэрэв болдог бол Боловсролын яамны сайдтай уулзаж үзмээр байгаа юм. Хүүхдүүд зуныхаа амралтаар зурамны арьс биш ардын дүрслэлийн хэлээ цуглуулдаг байж яагаад болохгүй билээ. Энэ хэл дотор чинь билэгдэл, ёс зүй гээд олон зүйлээс гадна нүүдэлчдийн сэтгэлгээний тансаг үгнүүд бий.

-Ярианы болоод бичгийн хэлний үгсийн сан багассан, ядуурсан гэгддэг ийм цаг үед “Ардын дүрслэлийн хэл”-ээ судалж, танин мэдэх нь маш чухал гэж ойлголоо. Энэ тал дээр та юу хэлмээр байна?

-Яг үнэн. Би түрүүн ч гэсэн хэлсэн. Уран зохиолын хичээл багасаад ном биш номонцор нь их болсон гэж манай судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуяг агсан нэгэнтээ бичиж байсан. Зарим нь үнэхээр ном гэхэд хэцүү цагаан магтаал боочихсон, эсхүл ямар нэгэн уран сайхны үнэ цэнгүй Дорж, Бямбаа хоёрын амьдралыг бичээд их зузаан роман болгосон тийм зүйл их байна. Хүн худалдаж авч л байвал зохиол гэж ойлгоод байна. Уг нь бол тийм биш юм шүү дээ.

Утга зохиолын судлал шүүмжлэл бараг зогсчихоод зохиолын үнэ цэн алга болчихоод байна. Үнэ цэнийг үнэлж, зохиолыг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй.

Ингэхэд энэ “Ардын дүрслэлийн хэл” маш их хэрэгтэй. Би өмнө нь Монголын зохиолчдын эвлэлийн нэгдсэн хурал дээр “Хүүхдийн зохиол дотор ардын дүрслэлийн хэл үгүйлэгдэж байна” гэсэн илтгэл тавьсан юм. “Ардын дүрслэлийн хэл”-ийг хүүхдийн зохиолд оруулаад ирвэл баатруудын харилцан яриа огт өөр болно. Тухайн дүрийг ч гэсэн сайхан тодотгож өгнө. Үүнийг л бодож хичээж, зүтгэж, оролдож байна.

Миний анхны номыг MNC телевиз хулгана жилийн шилдэг ном болгон шалгаруулж байсан нь миний хичээл зүтгэлийг үнэлсэн, талаар болоогүй юм байна гэсэн итгэл төрүүлсэн явдал болсон. Ер нь “Ардын дүрслэлийн хэл” дотор уран яруу хэрэглэгдэхүүний бүх жишээ байгаа юм. Амьдчиллын жишээ гэхэд л өвлийн хүйтэнд хүнс хийж байхад гэдэс арилгаж байсан эмэгтэй “Энэ сархинаг чинь хаалгаа дотроос нь түгжчихээд онгойлгохгүй байна” гэсэн гэж байгаа. Нээрээ л өвөл гэдэс арилгах ямар хэцүү билээ дээ.

-Монголчууд маань ирэх 2025 оноос “Хос бичигтэн” болно. Гэтэл зөвхөн бичих биш үгийн баялаг бас чухал. Тэгвэл таныхаар яг энэ хугацаанаас эхэлж чадах болов уу?

-Үгийн баялаг үнэхээр чухал. Аливаа хэл рүү шилжих хэцүү. Манайхан нэг хэсэг латин үсэг авах гээд чадалгүй кирилл үсэгтэй болсон. Ингэснээр Оросоор дамжуулж өрнийн олон бүтээлийг уншиж, танилцахад их дөхөм болсон. Гэтэл нэрт эрдэмтэн төвдөч Л.Хүрэлбаатар “Та нарын шүлэг гэж нэрлээд бичээд байгаа зүйлийг чинь Монгол бичигт буулгахаар юу ч биш болчихоод байна” хэмээн хэлж байсан. Энэ бол үнэхээр нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах л үг. Тэгэхээр хос бичигтэн болохын тулд монгол хүний сэтгэлгээнд монгол бичиг маш чухал. Монгол бичгийн найруулга, кирилл бичгийн найруулга хоёр их өөр. Хос бичигтэн болохыг би мэдээж дэмждэг. Гэхдээ нарийн хөтөлбөрийг нь мэдэхгүй байна. Ер нь төвөгтэй л дээ.  

 

 Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
анн(103.229.123.10) 2022 оны 12 сарын 19

хүн доромжилсон хэллэг бол дүрслэл биш доромжлол шүү

0  |  0
Top