Фосфортож, дуу явдаг ШӨНИЙН ГЭРЛЭЭС болгоомжил

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

АНУ-ын Пенсильвани мужид амьдардаг нэгэн гэр бүл өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сард хүүхдүүдийнхээ өрөөнд “Шөнийн гэрэл” авч, байрлуулсан байна. Тэдди бамбаруушны хэлбэртэй, гэрэл унтарсны дараа олон төрлийн од, дүрсээр фосфортдог, бүүвэйн дуу явдаг тус бүтээгдэхүүнд хүүхдүүд төдийгүй эцэг, эх нь ч маш их сэтгэл хангалуун байв.

Нэгдүгээр сарын 3-ны оройн 00.20 цагийн үед долоон сартай Raeghan охин уйлж эхэлсэн байна. Бяцхан охин бага зэргийн ханиадтай, бие нь тавгүй байсан тул ээж аав нь гэрэлтдэг тэдди бамбаруушийг тэврүүлэн тайвшруулжээ. Таазанд тусах олон янзын гэрэл, бүүвэйн дууг сонсож байсан охин тун удалгүй унтаж, эцэг эх нь өрөөнөөс гарч явсан байна. Гэвч 20 минутын дараа буюу 00.40 цагт охин маш чангаар дахин уйлжээ.

Аавыг хүүхдүүдийн өрөөнд гүйн ороход Raeghan охины гар болоод цээжин хэсэгт олон тооны цэврүү үүссэн байдалтай байсан бөгөөд түүнийг хучсан өлгийнөөс утаа гарч байв. Шалтгаан нь охиныг тайвшруулахаар өгсөн тэдди бамбаруушны гэрэл гардаг хэсэг маш их халсантай холбоотой болж таарсан юм

Яаралтайгаар эмнэлэгт очсон бяцхан охины түлэгдэлтийг эмч нар II зэрэг хэмээн тодорхойлсон байна.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор охины аав өөрийн цахим хуудсандаа тус сэрэмжлүүлгийг оруулж “Яг одоо энэ тоглоом танай гэрт байгаа бол гаргаж хая” хэмээн эцэг, эхчүүдэд уриалжээ.

Манай улсад ч энэ төрлийн бүтээгдэхүүн олноор борлуулагддаг тул эцэг, эх, асран хамгааалагч та бүхэн дээрх сэрэмжлүүлгийг анхаарч, бараа бүтээгдэхүүнийхээ бүрэн бүтэн, аюулгүй байдлыг шалган сонголтоо хийж байхыг сануулъя. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top