Б.Гомбосүрэн: Дугуй цагаан руу явдаг гурван замын уулзварыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно

2023 оны 01 сарын 19

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өчигдөр /2023.01.18/ Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулах болсон талаар мэдээлсэн. Уг асуудлыг ТЦА-ны замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэнгээс тодрууллаа.


-Тухайн заасан хэсэгт хэрхэн өөрчлөлт хийгдэх вэ. Үүнд тавих хяналтын тухайд?

-Зайсангийн уулзвар дээр түгжрэл ихээр үүсч байгаа тул үүнийг зохицуулах саналыг хоёр жилийн өмнө ТЦА-аас холбогдох хүмүүст хүргүүлсэн. Нийслэийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг асуудлыг хэлэлцснээр Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, ХААИС-ийн зүүн хойд талын уулзварын хөдөлгөөнд зохицуулалт хийгдсэн.

Тухайлбал, нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулах схемийн хувьд ХААИС-ийн баруун хойд уулзвар, Хийморийн овоо талаасаа буюу Дүнжингаравын гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй урагшаа хойшоо чигээрээ явна. Харин хойноос зөвхөн чигээрээ буюу баруун эргэнэ. Мөн Дугуй цагаан руу явдаг гурван замын уулзварыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно.

Энэ нь 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 06:00 цагаас мөрдөгдөж эхлэх юм. Хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн замын цагдаагийн алба хаагчид 14 хоногийн турш хяналт тавьж ажиллана. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд эхний удаад сануулага өгөх болно.

-Тус замын зорчих хэсэгт чиглэлийн өөрчлөлт оруулж буйтай холбогдуулан тэмдэг тэмдэглэгээ ямар байдлаар тавигдах вэ?

-Нийт 47 уулзвар гарц дээр 55 тэмдэг тавина. Хоёр хоногийн өмнөөс олон нийтэд энэ талаар мэдээлж байгаа юм. ХААИС-ийн уулзвар огтлолцолгүй болоод, Зайсан тойруугаа тойроод баруунаас зүүн чиглэлд зорчих иргэд ХААИС дээр гэрэл дохионы хүлээлтгүйгээр баруун эргэх боломжтой болж байна. Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилснөөр нийтийн тээврийн зургаан чиглэлийн 61 автобусанд өөрчлөлт орж байна. Мөн ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг Зайсангийн гудамж буюу танктай хөшөөний баруун хойд чиглэл рүү шилжүүлэх ажлыг Нийтийн тээврийн газар зохион байгуулж байгаа.

Б.ОЮУНЖАРГАЛ

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top