Б.Бат-Эрдэнэ: Монголчууд ямар ч зэр зэвсэг, дайн дажингүйгээр нэгнээ хөнөөх аюулд хүрчихсэн

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

Өнөөдрийн нийгэм саарал манан дунд хөлбөрч, зөв гэхээсээ илүүтэй олон буруу үйл явдал өрнөсөн, ихэс дээдсийн суудал өнцөгдөж, иргэд олон нийт нэгэнт зүг чигээ алдан төөрчээ. Яг ийм цаг дор социалогич Батмөнхийн Бат-Эрдэнэтэй гарц, шийдлийн талаар хөөрөлдлөө.


-Бид сүүлийн гуч гаруй жил шилжилтийн үе гэж ярилаа. Энэ үе нь дуусаагүй бололтой, улам л төөрч будилсаар байна. Та судлаач хүний хувиар ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Бид өчигдөрхөн өөр үзэл бодолтой байв. Жишээ нь, улс төрийн нам гэдэг бол үзэл бодол нэгдсэн хүмүүс цуглан, үзэл бодлоо уралдуулж, сайхан ирээдүйн төлөө явж байгаа нэгдэл гэж ойлгодог байлаа. Гэтэл бодит байдалдаа учир дутагдалтай  болоод байна. Өөрөөр хэлбэл, бидний бодож байгаа мөн боловч нөгөө талаараа нэг зүйлийн өөр бусад талуудыг нь орхигдуулаад байгаагаа бид өөрсдөө ойлгох хэрэгтэй байна. Жишээлж хэлбэл, улстөрч хүн (улстөрчид)  нийгмийг дээрээс буюу уулын оройгоос хараад, ард түмэн бол нийгмийг дотроос буюу уулын бэлээс хараад байна. Өөрөөр хэлбэл, нэг юмыг хоёр талаас нь хараад байгаа биз. Гэтэл бид бүгдийн (ард түмэн, улстөрчид) хүсэл мөрөөдөл нь тайван амьдрал бөгөөд энэ хүсэл мөрөөдлийг нөхцөлдүүлэгч  нь ердөө л ахуй юм байна. Гэтэл энэ нөхцөл бий болсон уу гэх асуулт хүн бүрд бий болоод байна, өнөөдөр. Миний нэг найз надад хандаж, “Чи ингээд улс орныхоо төлөө санаа зовоод явж байгаа чинь сайн хэрэг. Хэтэрхий нэг талаас нь хараад байж болох юм. Нөгөө талаас нь хараад үзвэл яасан юм” гэж тодорхой санал тавьж билээ.

Тухайн үедээ эргэлзэж бодож байсан ч нэгэнт нийгэм улам л буруу тийш явж байхад яагаад болохгүй гэж бодсон. Энэ үед таширлаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 6.2 гэж нэг заалт орж ирсэн нь болохгүй байгааг илтгэсэн төдийгүй буруу яваад байгааг засах шаардлага байгааг бүр илүү ойлгосон. Сайтар ажиглаж, бодож байгаад судлаач нөхөдтэйгөө санал солилцоход өнөөдрийн бидний уруу дорой байдлыг дотроосоо биш гаднаас зохион байгуулаад байгаа юм биш үү гэх ойлголт төрсөн. Үүнийг ерээд оноос хойш тодорхой үе шаттай зохион байгуулж иржээ. Тэд эхлээд сайхан инээн мэндэлж уулзаад дараа нь гар барьж, бугуй барин, тэврэлддэг. Тэгээд цааш зугуухан яваад байгаа бодлого юм биш үү гэх саналд нэгдсэн. Энэ хэрээр монголчууд маань уламжлалт ахуй соёл, зан заншил гээд бүхий л үндэсний гэсэн зүйлээсээ холдоод байдаг. Харин харийнхан бидний алдагдсан уламжлалт соёл, ёс заншлыг нөхөж, өөрсдийнхөө зорилготой зүйлүүдийг шигтгээд эхэлчихсэн.

-Өнгөрөгч 30 жилд хүмүүнлэг ардчилсан нийгэм байгууллаа гээд давхилдаад байсан. Буруу яваад байсан хэрэг үү. Одоо яах ёстой юм?

-Өнөөдөр эргээд харахад социализм ч, капитализм ч, ардчилал ч, нам нь ч тогтсон шашин ч хаа байна. Ерөөсөө өөрийн гэсэн толгойгүй, эв нэгдэлгүй, хоорондоо толхилцсон улс болж хувирчээ. Бид шилжилт хийгээд байна гэсэн чинь өөрсдийнхөө язгуур үнэт зүйлсээ алдаж мартаж гээгээд өөр хэнийх мэдэхгүй, ямар үр дүн, үр дагавар бий болох нь тодорхойгүй "Оюун Санааны" шилжилт хийсэн байна. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр бид үндэстэн гэдэг зүйлээ эхэлж харж таньж мэдэх хэрэгтэй байна. Үүнийг судлаад үзэхээр үндэс гэж юу юм, Үндсэн хууль гэж юу юм гэхээр үндэс гэдэг ойлголт маань биднийг хөтлөөд түүхэн уламжлал, ахуй соёл, зан заншил руу авчирч байна. Миний хувьд юуны өмнө 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орж ирсэн 6.2 хэмээх заалтыг ард түмэнд хүргэх зорилготой явж байна. Хүмүүс болохоор намайг амбийцалж, дарга, цэрэг, УИХ-ын гишүүн болох гэлээ гэх мэтээр хардаг бололтой. Ингэж харахаас өөр аргагүй зүйл болдог байх. Аливаа зүйлийг ойлгуулахын тулд янз бүрийн үг сонсоно шүү дээ. Ингэж бодох нь бодно биз. Зөв ойлгох нь ойлгоно биз. Анх намайг ярьж эхэлж байх 2020 оноос хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрч, өнөөдөр нөхцөл байдал өөр болчихсон. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд судалгааны ажилд анхаарахаар үндэсний үзэл гэдэг тэс өөр ойлголт байдгийг бүр язгуураар нь ухаарлаа. Үндэсний гэх ойлголт нь бидний түүхэн уламжлал, зан заншллаас эхэлнэ. Хэдэн мянган жил аж төрөхдөө хүнд хэцүү цагийг хэрхэн давж ирсэн юм, байгаль дэлхийтэйгээ хэрхэн яаж харьцаж байсан юм гэхээр монголчууд бүхий л зүйлийг цогцоор нь харж чадаж байжээ. Өөрөөр хэлбэл, төр, шашин, байгаль дэлхий, ахуй соёлоо цогцоор нь харж чаддаг байж. Бүхий л хүчин зүйлд тулгуурлан аливаа зүйлийг уялдаа холбоотой авч үзэж ирсэн ард түмэн. Гэтэл өнөөдөр энэ бүгдээс эрс холдсон, төрд учир зүггүй пиар хийсэн, худлаа ярьж, хулгай хийсэн хүмүүс дүүрэн болжээ. Цаана нь ямар ч гол ноён нуруу алга. Өөрийн гэсэн агуулга, философигүй хоосон хэлбэр дүрснүүд л бий болсон.

-Сүүлийн 30 жил агуулгагүй хоосон хэлбэр явчихсан учраас хэлбэр дотор юу ч хийсэн тийм амар хүлээж авах нь юу л бол?

-Ямар ч байсан бид үүнийг эргэн харж засах цаг нь болсон. Яагаад гэхээр бид агуулга үзэл санаатай болно гэхээсээ илүүтэй аливаа зүйлийн цаана тохиролцоо хийхийг илүүд үзэх болжээ. Шинжлэх ухаан бол аливаа зүйлийг нарийн задалж жижиглэж үздэг. Энэ нь нэг талдаа зөв ч нөгөө талдаа учир дутагдалтай. Харин манай өвөг дээдэс маань тэр задлан шинжилснийг эргүүлж нэгтгээд “Энэ нь ийм зүйл юм байна, тэр нь бол тийм” гэдгийг ухаарч ялгаж, хойч үедээ үлдээсэн байна. “Энэ биед дөрвөн мөч бий боловч эзэн эрхэт толгой нэг бий” гэдэг айхтар үг байдаг даа. Ер нь хүний бие болон өрх гэр нь бүхэл бүтэн систем юм. “Айл сарних вий гэж аав байдаг, адуу тарах вий гэж азарга байдаг” гэдэгтэй адил бидэнд нэгдмэл үзэл санаа байх ёстой. Түүнийгээ зөвөөр харж, залж явах учиртай. Намайг ингэхээр “Чи эрт балар цаг руугаа очих нь уу. Хөдсөн дээлээ өмсөх нь үү” гэх мэтээр ярьдаг, үгүй юм аа. Энэ цаг үе биднийг хүссэн хүсээгүй түүх рүү оруулж байна, уламжлал руу оруулж байна. Монгол Улс эзэнт гүрнээс хойш дэлхийн дайдад эзэрхийлж, XVI зуунаас хойш унасан, биднийг шашин руу хэтэрхий оруулсан, бүр автуулсан. Дараа нь социализмын 70 жил гэж явлаа, дараа нь барууны соёл дагаж 30 жил явлаа. Ингээд харахаар монголчууд үндсэн зүйлээсээ ихээхэн холдож одсон байна.

-Ерээд оныг бодоход эргээд сүрхий үндэсний үзэл санаа ярьж, үндэсний хувцас өмсөх болжээ. Чухам мөн чанар нь байна уу?

-Худлаа юм уу даа. Залуучууд сахал самбай ургуулж, дээл хувцас өмсөхөөс эхлээд хэлбэр дүр эсгэж байгаагаас агуулга, мөн чанараа алдчихсан. Уг нь үүний цаана хэзээ ч, хаана ч хөдөлдөггүй нарийн философи бий. Энэ бол бидний эртнээсээ амьдарч ирсэн ахуй соёл, төрөө барьж ирсэн өөрийн уламжлал дэг жаяг, бодлого байгааг гаргаж ойлгох хэрэгтэй. Түүнээс бус хоосон хэлбэр хэзээ ч тус болохгүй. Дээл өмсөөд Монгол болчихгүй. “Өөдлөх төрийн түшмэд өөрийн гэмээ илчилнэ, уруудах төрийн түшмэд өөрийн гэмээ нууна” гэж үг байдаг даа. Өнөөдөр бултаараа өөрийн гэмээ нууж байна, бүр цагдаа шүүхтэйгээ хуйвалдаад нуудаг болсон. Монгол Улс бол Азийн төв өндөрлөгт эрс тэс уур амьсгалтай орчинд нүүдэллэж ирсэн түүхтэй түмэн. Цаг хугацааны маш олон хатуу ширүүн хувьсал туулаад гараад ирсэн учраас үүнд дасан зохицсон бие физологитой, сэтгэл зүйтэй ард түмэн. Энэ ахуй дотор байгаа мөн чанар, амьдрах арга ухаан, уламжлалт сэтгэлгээгээ сэргээх, улмаар зөв ойлгох хэрэгтэй. Ингэсний үндсэн дээр үндэс, язгуураа ойлгоно. Үндэс язгуураа ойлгоод, үзэл санаагаа зөв тавиад эхлэхээр бидний бухимдаад байгаа өнөөдрийн нийгмийн хямралт байдлаас амархан гарна. Үнэндээ хоёр, гуравхан жилийн асуудал гэж би ойлгодог. Тэгэхээр өнөөдөр улстөрчид аливаа зүйлийг улс төрийн өнцгөөс харах бус үндэсний хараагаар харах ёстой. Гэтэл манай төрийн бодлогод орос, хятад, америк гээд тал талын тусгал үхрийн бөөр шиг шавсан байна. Үндэсний бодлого алга. “Нэг биед олон толгой амилуузай” гэж сударт байдаг даа. Ийм л болчихсон. Юуны төлөө, хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй хоорондоо л үзээд байна. Бид өөр хоорондоо зодолдлоо гээд гадныханд л ашигтай, бидэнд ашиггүй, маш хортой зүйл.

-Бидний дундын зодоон мэдээж гадныханд ашигтай. Тэгэхээр хэрхэн эв нэгдэлд хүргэж, үндсэн бодлогоо тодорхойлох вэ гэдэг асуудал байна?

-Үүний тулд л би эрүүл Монгол сэтгэлээр зөвшилцөх хэрэгтэй гээд байгаа юм. Харилцан буулт хийж зөв ухаанаар хандаж, зөвшилцөөд үндсэн шийдэлд хүрсэн цагт тэр олон ургальч үзэл санаа, хүний эрх, шударга ёс, хариуцлага гээд олон зүйлээ ярих хэрэгтэй. Энэ бүхэн чинь бидэнд байсан үнэт зүйлүүд шүү дээ. Монгол хөрсөн дээр юу ч тарьж болно гэсэн ойлголт, бодлого нь биднийг сүүлийн 30 жилд туйлдууллаа. Манай хөрсөнд ургах зүйл бий, ургахгүй ч зүйл бий. Тэр тусмаа үндэсний үзэл санаагүй, уламжлалт ахуй соёлыг үгүй хийж ямар нэгэн зүйл тарина гэвэл болохгүй, болохгүй байгааг ч сүүлийн жилүүдэд сайтар харуулж баталлаа. Чингисийн үед ч ардчилал байсан. Тухайлбал, Хүйтэний тулалдааны үеэр Чингис хаан хүзүүндээ шарх авч, тэднийг буулган авсны дараа олны өмнө ихэд тойруу замаар “Миний байлдааны ам цагаан хул морины аман хүзүүг хэн харвасан бэ” гэхэд Зэв жанжин “Би” хэмээн жагсаалаас гарч байгааг эх сурвалжид тэмдэглэсэн нь бий. Энэ чинь ардчилал шүү дээ. Монголчууд төрт ёсны баялаг сайхан түүхтэй ч түүнийгээ авч үлдэж чадсангүй. Гэтэл бидний төрт ёсны уламжлалаас орос, хятад, герман, франц гээд олон улс авах зүйлийг нь аваад өөрийн болгочихсон явж байна. Ингэхээр яаж дундаа зодолдохгүй байх юм. Тэгэхээр бид төрт ёсны энэ үнэт зүйлийн эзэн нь байж, хаа байсан улсуудын болж бүтэхгүй зүйлийг муйхараар хуулбарлан хэрэгжүүлэх гэж байхаар өөртөө байгаа зүйлээ эрхэмлэн аваачээ гэх гээд байна. Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлдэхдээ бус түүний мөн чанарыг таньж мэдэх нь чухал. Эхлээд хараагаа өөрчлөөд дараа нь хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Саяхан гэхэд л сайд байсан хүн “Улны” гэж ярьж байгаа нь бидний хандлага ямар болчихсоныг харуулсан хэрэг. Энэ бүгдээ ойлгож ухамсарлаж хэрэгжүүлэхгүй бол бид уруудсаар байх болно. Өнөөдөр МАН, АН тэргүүтэй улс төрийн 30 гаруй нам байна. Тэдний аль нь ч гарц, шийдэл гаргахгүй.

-Гэхдээ олон зуун, бүр мянганаар хадгалагдаж ирсэн баялаг түүх арай ч бүрэн устаж алга болоогүй байх?

-Устаж бүрэн алга болоогүй ч аажим аажимаар биднээс холдож үгүй болж байна. Энэ л уламжлат ахуй соёл, төрт ёсны зан заншил зах хязгаар нутагт аж төрж байгаа малчдад байна. Суурин иргэншилд ойр байгаагаас нь дайжаад алга болсон. Тэр л зах хязгаарт, малаа маллах, ахуйгаа базаах, ах захаа хүндлэх, төрөө дээдлэх гээд уламжлалт бүхий л зан заншил хадгалагдаж байгаа нь үнэн. Саяхан телевизийн суваг үзээд сууж байхад хэдэн залуус арван үгтэй өгүүлбэр хэлэх гэж наймыг нь гадаад үг хэрэглэж байна. Тэдэнд хэлбэр байгаагаас мөн чанар, амин сүнс алга. Улс орон унаж доройтоход нэгхэн жил л хангалттай, харин эргэж босоход лавтай 10 жил зарцуулна. Тэгэхээр бид үндэсний бодлогоо зөв тодорхойлоод уламжлалт төрт ёсны бодлогоо бариад явахад 3-5 жилийн дотор босоод ирнэ гэж боддог.

-Яг энэ цаг дор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярьж байна. Зарим нь Үндсэн хуулиа шинээр бичнэ гэж байгаа бол нөгөө хэсэг нь нэмж өөрчилнө гэнэ. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

 -Үндсэн хуульд асуудал бий юу гэвэл бий. Гэхдээ миний хувьд Үндсэн хууль бол тав, зургаа бүр 10 дахь асуудал байж мэднэ. Түүнээс өмнө бид үндэс, язгуураа таньж мэдэх хэрэгтэй байна. “Мод хэдий хүчтэй сүрлэг ч үндэсний хүчинд оршин тогтнодог” гэдэг дээ. Үндэс сууриа өөрчлөхгүйгээр цааш явах ямар ч арга алга. Өнөөдөр бодит байдал дээр Монгол хүний оюун санаанд (аминч үзэл, эд мөнгөнд шунах... гэх мэт) болон Монголд гэр бүл (жендэр), нийгэм дунд зохиомолоор (хэлбэрдэх, дүр эсгэх, пиардах... гэх мэт) асуудалтай болгож байна. Жишээлбэл, Бөхийн холбоо, Уяачдын холбоо гээд хоёр талцаагүй зүйл нэгээхэн ч алга. Үүнийг буруутгах аргагүй. Яагаад гэхээр, үндэс суурийг нь гаднаас ингээд тавиад өгчихсөн. Өөрсдөө хуулж авчраад дундаа хэрэлдээд байна. Үүнээс үтэр түргэн гарч зөв шийдэлд хүрэхгүй бол мөхөхөд тун ойрхон иржээ. Монголчууд ямар ч зэр зэвсэг, дайн дажингүйгээр нэгнээ хөнөөх аюулд хэдийнээ орчихсон. Тэгэхээр бид хотын тансаг хороололд амьдарч байгаа нь ч захын хороололд байгаа нь ч хөдөө малчин, айсаг, сумын албан хаагч гээд та монгол цустай л бол үүнийхээ ухаарч ойлгох цаг нь болжээ. Эвлэж цуглаж байгаад ойлголцож, зөвшилцөж гарц шийдэлээ олмоор байна.

-Үндсэн хуулийн асуудлаа хэрхэх эсэх дээр зөвшилцөнө гэсэн үг үү?

-Үндэсний зөвшилцөл гэдэг бол Үндсэн хуулиас хамаагүй өмнө яригдах, үзэл онолын асуудал. Товчоор хэлбэл, үндэсний зөвшилцөл бол үндэсний эв нэгдэлд хөтлөх зам мөр юм. Ард түмний зүй ёсны эсэргүүцлийг Төрийн зүгээс бодлогын эх сурвалж болгон хүлээн авах чадвартай л байх ёстой, юуны өмнө. Яг эндээс үндэсний зөвшилцөл эхэлнэ. Үндэсний эв нэгдэл бий болох үндсэн суурь тавигдана. Тэгэхгүйгээр бидэнд эрх мэдэл нь байна гээд хууран мэхлэх аргаар асуудалд нэг өнцөгөөс хандвал ард түмэн түүнийг нь хүлээж авахгүйгээр хүчирхийллийн арга хэрэглэж эхэлбэл яах билээ. Ийм нөхцөл байдал үүсвэл хэрхэн шийдэх арга зам нь бий бил үү? Эрх мэдэлтэнүүдээ !!! Өөрөөр хэлбэл, улс төрийн өнцөгөөс бус ард түмний өнцөгөөс болон цаг үеийн нөхцөл байдлаа мэдрэх хэрэгтэй байна. Тэгээд Улс орон маань харийн биш үндэсний бодлогоороо явах, цаашлаад үндэсний эдийн засагтай болох бололцоо бүрдэнэ. Дэлхийн улс төр асар хүйтэн, цасан шуурга тавьж байгаа энэ цаг үед Монголчууд бид үндэстнийхээ туурга тусгаар тэсэж үлдэх гарц шийдэл бол Үндэсний зөвшилцлөө яаралтай эхлүүлэх явдал. Улс төрийн зөвшилцөл, нийгмийн зөвшилцлийн асуудлууд бол Үндэсний зөвшилцөл бий болсны дараа яригдах цаг үеийн жижиг асуудал, Монголын хувь заяаны асуудал биш. Ер нь бол улс төрийн зөвшилцөл гэдэг бол эрх мэдлийн тохиролцоо, нийгмийн зөвшилцөл гэдэг бол сонирхлын бүлгүүдийн хуйвалдаан төдий зүйл шүү дээ.

-Үндэсний бодлого, Үндэсний эдийн засгийн тухай эргэн тодорхой ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Та одоогийн Монголын эдийн засгийг Үндэсний эдийн засаг биш гэж хэлэх шиг боллоо.

-Тийм ээ, өнөөдөр Манай нутаг дэвсгэр дээрх эдийн засаг Монголын үндэсний эдийн засаг биш.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top