Б.Батзориг: Монголчуудын нүүдлийн шүтлэг, зан үйл, соёл хоорондоо ялгаатай

2023 оны 04 сарын 16

Соёлын өвийн эрэл хайгуулчид “Цахим суварга” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батзоригтой ярилцлаа.


-Сайн байна уу? Танд хаврын цастай өдрийн мэнд хүргэе. Танай байгууллагын өмнөх онуудад хийсэн уран бүтээлүүдийг үзээд олон нийтэд таниулахыг хүслээ.

-Сайн байна уу. Нийт орон даяар цасаар шуурсан өдөр байна. Хотод цасаар шуурч байгаа юм чинь хөдөө үндсээр нь булгарч, цагаан манан хадаж байгаа даа. Хүмүүс хаврын цасыг шар тос гэдэг ч сүүлийн жилүүдэд хөдөө гадаа явж малчдын амьдралтай ойр байсан болохоор төл мал их зутарч, цастай, шуургатай хүнд өдрүүдийг малчид хэрхэн давж байгаа бол гэж санаа зовдог болсон. Хөдөөгийн малчид цаг агаарын эрс тэрс уур амьсгалд зохицон амьдардаг. Таньдаг, мэддэг малчид руугаа хааяа хэл сураг тавина. Бидний хийж буй өчүүхэн үйлийг уншигч олонд сурталчлахаар намайг зорьсон танай хамт олонд баярлалаа.

-Өчигдөр “Хангайн нүүдэл” баримтат киног үзээд орчин үед хуучны ахуй амьдралаараа үхэр тэргээр нүүдэллэн амьдарч байгаа айлыг хараад үнэхээр гайхах, бас бахархал төрлөө. Хэзээ, хэдэн онд зургийг нь авсан бэ?

-Өнгөрсөн онд (2022) хээрийн төлөвлөгөөний дагуу зуны нүүдлийн зураг авсан. Архангай аймгийн Жаргалант суманд өнөө цагт үхэр тэргээрээ нүүдэллэн, өв соёлоо уламжилж байгаа Ж.Баднайсэдийн гэр бүлийн амьдралыг харуулсан баримтат киног бүтээж “Цахим суварга” youtube хуудсаараа дамжуулан хүргэлээ. Тухайн айлын амьдралыг баримтжуулахын тулд хэд хоног дагасан. Зураг авах тухайн айлын ахуй амьдралтай мэргэжлийн онцлогоос хамаараад илүү дотно танилцана. Өвлөн уламжлагчдын зорилго, бидний зорилго өв соёлынхоо төлөө адилхан болохоор ч юм уу нэг л мэдэхэд сайхан харилцаатай ахан дүүс болчихсон байдаг.

-Та байгууллагынхаа тухай товч танилцуулаач. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Цахим суварга” Соёлын өвийн эрэл хайгуулчид нэртэй төрийн бус байгууллага. Монголчуудын оюуны соёл тэр тусмаа соёлын биет бус өвийг баримтжуулан ирээдүй хойч үедээ өвлүүлэн интернэтийн орчинд цахим суварга бүтээх зорилготой ажиллаж байна. Уран бүтээлийг гардаж таван хүн ажилладаг. Мөн удирдах зөвлөлийн гишүүдтэй. Соёл судлалын ухааны доктор Д.Тангад зэрэг эрдэмтдийн багаас бүрддэг. 2021 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд хайнагийн шараар нуруу ачих “Дархад нүүдэл”, сая олон нийтэд цацагдсан “Хангайн нүүдэл” буюу үхэр тэрэгтэй нүүдэл, 2023 оны намар зураг авсан “Торгууд нүүдэл” буюу тэмээтэй нүүдлийг баримт­жуулсан. “Торгууд нүүдэл” одоогоор эвлүүлгийн шатандаа явж байна. Мөн үүнээс гадна том жижиг нийлээд 10 гаруй бүтээлийн боловсруулалтын ажил явагдаж байна. Саяхан хэд хоногийн өмнө манай хээрийн зураг авалтын баг энэ жилийн эхний зураг авалтаа төл малын сэдвээр хийгээд ирлээ. Энэ мэтчилэн ажлууд ар араасаа ундарч байна даа.

-Нүүдлээс юуг чухалчилж баримтжуулж байна вэ. Соёл нь уу, тухайн айлын амьдрал уу?

-Бид яагаад нүүдлийг онцолж аваад байна гэхээр монголчуудын малаа дагаж амьдардаг. Малаа дагасан соёлууд маш их. Монголчуудын нүүж байхдаа хийдэг байгаль шүтлэг, зан үйл, соёлууд хоорондоо их ялгаатай. Нүүдлийг баримтжуулахын хажуугаар аль болох жижиг жижиг сэдвүүдийн зургийг авдаг.

-Баримтат кино гэхээр хүмүүс өөр өөрөөр ойлгодог. Баримтат кино хийхдээ ямархуу төлөвлөгөө гаргадаг вэ?

-Улирал, цаг үеийн онцлогоос шалтгаалаад сэдвээ хэлэлцүүлдэг. Дараа нь айлаа судалж, хаана зураг авах боломжтой газруудаа очиж үздэг. Угсаатны зүйч Д.Тангад мэргэжлийн талаас нь маш их зөвлөгөө өгдөг. Үүний дараа баримтат киноныхоо зохиолыг гаргаж, төлөвлөгөөний дагуу зураг авахаар маш их хичээдэг. Өнгөрсөн жилүүдэд нүүр тулсан алдаа оноо дээрээ тулгуурлаад тэр хэрээр туршлага ч их нэмэгдэж байна. Тиймээс нарийн тогтсон төлөвлөгөө, стандартын дагуу ажиллахыг хичээж байна.

 

 

-Хөдөө гадаа явахаар зардал мөнгө их өндөр тусдаг байх. Ямар нэгэн байгууллагын өмч биш төрийн бус байгууллага, уран бүтээлүүдээ ямар төлбөр­гүйгээр олны хүртээл болгодог гэхээр нь гайхаад асууж байна.

-Өмнө нь хэлсэн уран бүтээлд гэхэд тогтмол таван хүн ажиллаж байна. Удирдлага, эрдмийн зөвлөл, уран бүтээлийн баг ажиллаж байгаа учраас зардал мөнгө маш их гардаг. Юуны түрүүнд энэ асуулт ирснийх ивээн тэтгэгчдээ хэлэх нь зөв байх. Манай төрийн бус байгууллагын ерөнхий ивээн тэтгэгчээр М-Си-Эс Кока-Кола ажиллаж байна. Харилцаа холбоог Юнител компани хариуцаж байна. Ажлын онцлогоос шалтгаалан бартаа саад ихтэй, эрсдэлтэй зам харгуйгаар явах шаардлагатай болдог. Энэ бүхнийг хариуцаж ажилтны амь нас, зургийн тоног хэрэгсэл, машин зэрэг бүх зүйлийг даатгаж ажилладаг. Мөн Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичигтэй. Бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, өвлөн уламжлагчдыг холбож өгөх зэргээр хамтран ажилладаг. Энэ жилээс бид уран бүтээлийн эдийн засгийн эргэлтэд оруулах ажлаа эхэлсэн. “Монгол соёлын хэлхээ” цувралаар мэргэжлийн гэрэл зураг, тайлбартайгаар “Дархад нүүдэл” номыг бүтээхээр зорьж байна. Уг номыг уншсан хүн нүүдлийн замд хамт аялж яваа мэт мэдрэмж төрүүлэхээр зургийн тайлбарт анхаарсан. Мөн 2023 оны эхэнд“Tsakhim suvarga” youtube сувгаа нээсэн. Гадаадын жуулчдад зориулж үндэстний онцлогийг харуулсан 10 ил захидлыг хийсэн.

-Гадаадын хүмүүс монгол­чуудын амьдралын хэв маягийг их сонирхдог. Хотод төрж өссөн хүүхдүүд ч хөдөөгийн амьдралыг сонирхох боллоо. Танайх уран бүтээлийнхээ хажуугаар аялал зохион байгуулдаг уу?

-Гадаад дотоодоос танай уран бүтээл хийхийг сонирхонгоо хөдөө хамт явж болох уу гэж хүмүүс их сурагладаг. Манайх дараа жилийн төлөвлөгөөнд оруулахаар ярилцаж байгаа. Энэ жил гэхэд 32 сэдвээр зураг авах төлөвлөгөөтэй учир түр хойшоо тавьчихсан. Харин бид ахуй амьдралын өвөрмөц хэв маягийг харуулсан реалитиг түлхүү хийнэ. Аялалд явж байгаа хүмүүст сургалт орох, аюулгүй ажиллагааны дүрэм, удирдамжийн дагуу аялуулах гээд дотоод зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй.

-Хот газраас хол соёлын өв тээгчдийг хэрхэн олдог вэ? Ирэх зун хаагуур эрэл хайгуулаа үргэлжлүүлэх вэ?

-Бид жил жилээр төлөвлөгөө гаргадаг. Зураг авч явахдаа дараа жилийнхээ тандалтын судалгааг хийдэг. Жинхэнэ өвлөн уламжлагч байна уу, тухайн хүн сэдвийнхээ хүрээнд соёлынхоо шалгуурыг хангаж байна уу зэрэг судалгаа шинжилгээнд тулгуурладаг. Энэ жилийнхээ зураг авалтыг “Төл мал” баримтат киногоор эхэлсэн. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд зураг авалтаа хийгээд ирсэн. Дээр хэлсэн зүүн бүсэд “Мөхлөг тэрэгтэй” нүүдлийг дүрсжүүлэхээр эрэн сурвалжилж байна. Бас өнгөрсөн жилийн судалгааныхаа хүрээнд баруун аймгуудаар тодорхой сэдвээр зураг авна.

-Хүнд хэцүү зураг авалт, уран бүтээлийн эрэл хайгуул мухардах үе тулгардаг уу?

-Энэ бол маш их тулгардаг. Хамгийн наад талын жишээ гэхэд 2013 онд Увс аймгийн Зүүнхангай суманд амьдардаг яс барьдаг буурайгаас ярилцлага авчхаад яваад өгсөн. Хан Хөхий уулнаас эмийн ургамал цуглуулж эм барьдаг, өөрөө яс барьдаг. Өөрөө “Би энэ эрдмээ өвлүүлж чадахгүй аваад явлаа” гэж байсан. Дараа жил буцаж очоод яаж яс аргыг нарийн бичнэ гэсэн чинь байхгүй болчихсон байна. Нэг настай хүн нас барахад нэг баринтаг үгүй боллоо үг байдаг. Хээр морины 13 янзын дуу байдаг. Тэдгээр дууны 11 төрлийг нь мэддэг нэг настан байсан. Тэр дууг бичиж авна гэж байсан чинь эрдмээ аваад яваад өгсөн.

Бас байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалаад олон чухал өвийг баримтжуулж чадалгүй хоцорсон. Энэ мэтчилэн харамсаад ч барахгүй их олон зүйлс тохиолддог доо. Ер нь бол хүмүүс ойлгохдоо биднийг хөдөө аялаад явдаг сайхан ажилтай л гэдэг. Яг үнэндээ бол байгаль цаг агаарын болоод давтагдашгүй бусад хүчин зүйлээс болж зорьсон хэргээ бүтээж чадалгүй буцах за бүр цаашлаад сэтгэл санаагаар унах үе ч гардаг шүү. Бидний ажил харагдаж байгаа шигээ тийм амар хялбар биш ээ.

-Та манай сониноор дамжуу­лаад уншигчдад дамжуулах үг байна уу?

-Бид соёлын биет болон биет бус өвлөн уламжлагчдыг мөнхрүүлэн үлдээх үйлс үргэлжилж байна. Монгол орны өнцөг булан бүрд байгаа та бүхэн үнэхээр чухал, өвлүүлэн үлдээх ёстой хүн, соёл нуугдаж байвал бидэнтэй холбогдоорой. Мөн энэ соёлын дархлааг улам баттай болгохын тулд бүгдээрээ хамтран хийцгээе. Хамтран ажиллах байгууллага, хувь хүнд манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

М.ЗУЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top