Төрийн худалдан авах ажиллагааны газрыг хууль зөрчиж, хятад компаниудад давуу байдал олгосон гэв

2023 оны 05 сарын 08

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт хүртэлх хатуу хучилттай автозамын тeндeрийг Төрийн худалдан авах ажиллагааны газар хууль зөрчиж, олгосон талаар автозамын компаниудын төлөөлөл мэдээлэл хийлээ.

(2023.05.08)


Тэд "Монгол Улсын Засгийн газраас Боомтын сэргэлтийн хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124,5 км хатуу хучилттай авто замын тендерт оролцсон үндэсний компаниудын төлөөлөл байгаа юм. Энэ төсөл нь 189 тэрбум төгрөгийн санхүүжилттэй, татвар төлөгчдийн мөнгө буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа ажил юм.

Тус тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газар /ТХААГ/ 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр зарласан. Хуваарийнхаа дагуу тендерийг хоёрдугаар сарын 27-ны өдөр нээх байсан. Гэвч Төрийн худалдан авах ажиллагааны газар нь тендер нээгдэх хугацааг тодорхойгүй шалтгааны улмаас хойшлуулсаар байгаад дөрөвдүгээр сарын 11-ний өдөр бүртгэлийг нээсэн. Тендерийг нээх үед гэнэт Хятадын зургаан компани оролцсон. Багц тус бүр дээр 3-4 компани оролцсон.

Хамгийн гол асуудал нь юу вэ гэхээр энэ тендер дээр зарлагдсан дөрвөн багц дээр БНХАУ-ын компаниуд шалгарсан. Үндэсний нэг ч компани шалгараагүй. Иймээс Замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа үндэсний компаниуд бид эсэргүүцэж байна.

Хууль зөрчиж, хятадуудад давуу байдал олгосон гэж бид хардаж байна. Хардаж байгаа хамгийн ноцтой шалтгаан нь дөрөвдүгээр багц дээр шалгарсан Da Xing Co Ltd ХХК нь 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдөр "Төрийн худалдан авах ажиллагааны газар"-ын тендер зохион байгуулдаг tender.gov.mn цахим системд бүртгүүлсэн байгаа юм.

Тендерийн бүртгэлийг нээлгүй удаа дараа тодорхойгүй шалтгааны улмаас хойшлуулсан учир нь энэ мэт компаниудаа бэлдэж оруулахын тулд байсан гэж бид хардаж байна. Тиймээс энэ тендерийг эсэргүүцэж байна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top