Уул уурхайн салбарын тулгамдсан асуудлуудыг таван өдрийн турш хэлэлцэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 09

Хоёр дахь жилдээ зохион байгуулаглаж буй “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр эхэллээ.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулах, удаан хугацааны түнш байх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллах болно” хэмээн цохон тэмдэглэв. 

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн уул уурхайн бодлогыг баримтлах зарчим олборлолтоос боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалт гээд бүхий л шатанд биеллээ олж, байгаль орчин-нийгэм-засаглалын зарчимд нийцэх ёстойг чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.

Чуулганы эхний өдөр эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадварыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын шинэ орчныг бүрдүүлсэн эрх зүйн шинэчлэл, бүтээгдэхүүний тээвэрлэлт, дэд бүтцийн төслүүдийг онцолж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд хийгдэж буй ажлуудыг зочин илтгэгчид танилцууллаа. 

Илтгэлийн дараа оролцогч талууд шуурхай, нээлттэй, нэгдмэл байдлаар хамтарч ажиллах салбар хоорондын уялдааг хангах асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр Шангри-Ла зочид буудлын Бага танхимд Соёлын үзэсгэлэн дэлгэгдлээ.

Энэ удаагийн чуулга уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа ирэх Баасан гарагт хүртэл таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top