Германы Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргийдээ бөөрний донор болжээ

2024 оны 02 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Германы Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хоёрдугаар сарын 07-нд гэргий Э.Бюденбендерийн хамт хүрэлцэн ирэх гэж байна. ХБНГУ-ын Ерөнхийлөгчөөр 2017 оноос хойш ажиллаж буй түүний улс төрийн замналыг харвал 1975 оноос Германы Социалдемократ намд гишүүнээр элссэнээр улс төрчийн замыг сонгожээ. Улмаар Канцлерын хэрэг эрхлэх газрын дарга, Бундестаг дахь намын бүлгийн дарга, Намын дарга, 2005-2007 онд Ангела Меркелийн тэргүүлсэн Засгийн газарт Гадаад хэргийн сайд, 2007-2009 онд Дэд канцлер буюу Гадаад хэргийн сайд хүртэл дэвшин ажилласан байна.

Түүний хувийн амьдралаас сонирхуулахад, 2010 онд гэргий Э.Бюденбендерийн бөөрний донор болжээ. Энэ талаар хатагтай Э.Бюденбендер “Миний нөхөр бол өргөн утгаараа ч, шууд утгаараа ч биеийн минь тал” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.  Тэд ирээдүйн Ерөнхийлөгчийг хуулийн сургуулийн оюутан байх үед танилцаж, 1995 онд гэрлэсэн байна. Тэд нэг охинтой.

Ф.В.Штайнмайэр 2013-2017 онд дахин нэг удаа Ангела Меркелийн тэргүүлсэн Засгийн газарт Гадаад хэргийн сайдын албыг амжилттай хашсан байна. Хэдийгээр өөр намд харьяалагддаг, зарим асуудлаар санал зөрдөг байсан ч А.Меркел, Ф.В.Штайнмайэр нар гар нийлж амжилттай ажилласан гэж дүгнэдэг. Тэрбээр 2017 онд ХБНГУ-ын 12 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2022 онд улиран сонгогджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.139) 2024 оны 02 сарын 06

Манай хүүкгийн хажууд хүнлэг немц ирэх гэж бгаан бна манай хотын таг түгжрэлийг хараад биширчээд явах байхоо

0  |  0
Top