Дэлгэрэнгүй тайлбартай МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО бүтээл цахимжлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 14

Түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо бүтээлийн онцлогийн талаар ийн өгүүлжээ.

Тэрбээр "Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн санаачилгаар түүхийн, хэл шинжлэлийн олон эрдэмтэд хамтарч ажиллаж, Монголын нууц товчоог дэлгэрэнгүй тайлбартайгаар хэвлэн гаргасан.

Монголын нууц товчоог өмнө нь уншихад ерөнхий мэдээлэл аваад үлддэг байсан бол энэ бүтээлээс бүгдийг нь ойлгож уншиж авах боломжтой болсон.

Монголын нууц товчоог бараг хүн бүр уншсан байж таараа, айл бүрт байдаг ч гэсэн түүн дээр бичигдсэн олон нэр томъёонууд юу юм, газар усны нэр нь юу юм ойлгомжгүй байдаг. Жишээлбэл, Шилхинцэг горхи гээд бичсэн байдаг, тэр нь хаана ч байгаа юм, бид нар нэрийг нь уншаад тийм нэртэй газар байсан юм байна гээд өнгөрчихдөг бол дэлгэрэнгүй тайлбартай толь дээр Шилхэнцэг горхи гэдэг газар яг Хэнтий аймгийн тэр суманд, тэр газар байгаа юм гэх мэт болсон үйл явдал тэнд болсон юм байна гээд ойлгогдох жишээ нь.

Энэ бүхний утга агуулга юу вэ гэдгийг түүхэн үүднээс нь , газар зүйн үүднээс нь, утга агуулгаас нь хэл шинжлэлийн үүднээс тайлбарлан бичсэн бүтээл юм.

Түүнчлэн Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо бүтээл цахимд байршсан тухайд "https://esan.mn/цахим сан дотор Ерөнхийлөгчийн нэрэмжит номын сан нээгдээд удаагүй байна. Түүн дотор энэхүү бүтээл болон төрийн шагнал хүртсэн бүтээлүүд, ЕБС-ийн сурах бичгүүд, их дээд сургуулийн оюутнуудын түгээмэл хэрэглээтэй ном, сурах бичгүүд үнэ төлбөргүй байршиж байгаа.

Энэ бүтээл өөрөө 300 гаруй хуудастай, их зузаан бүтээл болсон. Хүн бүр дэлгүүрээс очоод худалдаж авах боломж байхгүй, тэр байтугай бүгдийг нь унших албагүй. Харин цахим санд байршсанаар хүмүүс хайсан, сонирхсон үг, хэллэгээр  хайлт хийгээд зөвхөн тэр хэсэг мэдээлэл нь гараад ирнэ. Тухайлбал бүр монголчууд өөрсдийн авсан овогоороо хайлт хийхэд энэхүү дэлгэрэнгүй тайлбартай нууц товчооноос түүхийг нь тайлбартайгаар уншиж болно.

Монголд төдийгүй гадаадад байгаа хүмүүс энэ бүтээлийг цахимаар esan.mn- ээс үнэ төлбөргүй унших боломжтой" гэлээ.

Esan.mn цахим сангийн тухай:

Esan.mn цахим санд гишүүнчлэлээр үзэх 34,000 гаруй ном, бүтээл, эрдмийн ажил, сонин, сэтгүүл, ховор номууд байгаа. Оюутан, сурагчдын ялангуяа ном олдохгүй байх, олон эх сурвалжаас хайлт хийж явах, өөр өөр олон номын санд очиж суух, номоо гэртээ орхиод ирэх гэх мэт асуудлууд хамт шийдэгдэж байгаа юм.

Үүнээс гадна esan.mn цахим сан дахь хуулбар шалгуурын программ нь эрдмийн бүтээл, дипломын ажлуудын хуулбарыг хуулбарласан эсэх, үнэ зөв эш татсан эсэхийг шалгах хүртэл боломжтой.

Esan.mn цахим санд гишүүнээр бүртгүүлж, гишүүнчлэл ашиглан хэрэглэж байгаа тохиолдолд  зөвхөн ном, бүтээлийг уншаад зогсохгүй хэрэглэж буй ном, сурах бичиг дээрээ өөрийн талбар үүсгээд тэмдэглэгээ хийх, зурах, тодруулах, эш татах зэргээр хүссэн байдлаараа хэрэглэх олон давуу талтай юм.

Дэлгэрэнгүй тайлбартай Монголын Нууц Товчоо бүтээлийг цахимаар унших бол энд дарна уу.

 

Top