Таамаглалууд 5%-иас УРУУДАХ төлөвтэй

2024 оны 04 сарын 18

 

Азийн хөгжлийн банкнаас сүүлд танилцуулсан  "Азийн хөгжлийн төлөв"  тайланд 2023 онд 7%-ийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1%-иар өснө хэмээн таамаглаад буй. 

Өнгөрсөн онд  идэвхжил нь  нэмэгдэж, 7%-ийн өсөлттэй гарсан бодит эдийн засгийг энэ онд 4.1%-иар өснө гэж уруудуулж таамагласан үндэслэл нь,  Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байгаатай холбоотой. 

Энэ  оны эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эергээр нөлөөлөх ч, хөдөө аж ахуйн салбарын агшилт сөргөөр нөлөөлнө гэж үзэж буй юм.

Дашрамд дурдахад, Дэлхийн банкнаас өнгөрсөн оны 11 дүгээр сард гаргасан "Монголын эдийн засгийн тойм” тайландаа, 2024 онд 6.2 хувиар өсөх төлөвтэй байна гэж үзсэн. Үндэслэлээ, Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэн, төсвийн зардал тэлснээр эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлно гэж тодотгож байв.

Мөн Төв банкны ерөнхий эдийн засагч  Д.Ган-Очир энэ оны нэгдүгээр сард "Өглөөний сонин"-нд өгсөн ярилцлагадаа " Эдийн засаг 2024 онд 6.2 хувийн өсөлттэй гарахаар хүлээгдэж байна" гэж байсан.

Төв банкнаас "Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгаа"-г энэ оны хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 4-ний хооронд банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар, судалгааны байгууллагуудын нийт 21 судлаачийг хамруулан явуулсан байсан. Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2024 оны нэгдүгээр улиралд 6.8%, 2024 оны эцэст 6.4% гэж таамагласан байгаа юм.

Тэгвэл Төв банкны  Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа өнгөрсөн гуравдугаар сард "Блүүмберг"  телевизд өгсөн ярилцлагадаа "2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бид бүхэн боловсруулахдаа хөдөө аж ахуйн салбараас бусад салбарын өсөлтийг 6 хувь гэж тооцож байгаа. Хэрвээ хөдөө аж ахуйн салбарын өсөлтийн сөрөг нөлөөллийг хасаад тооцвол 5.3 хувь. Хөдөө аж ахуйн салбар дээр ялангуяа мал аж ахуйн салбарт үүсээд байгаа энэ нөхцөл байдал хүндэрвэл эдийн засгийн өсөлтийг 4-өөс ч бага гаргаж болзошгүй. Бусад салбарын хувьд 5-6 орчим хувийн өсөлттэй байна. Энэ бусад салбарын өсөлт дээр орж ирж байгаа нэг өсөлт болох барилгын салбарын өсөлтийг нэлээн даруухан авч үзэж байгаа." хэмээн байр сууриа илэрхийлсэн. 

Ерөнхийдөө эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалуудыг аваад үзэхэд энэ оны тухайд 5%-иас доошоо түвшинд яригдах төлөвтэй.  Хөдөө аж ахуйн салбарын дотоод эрсдэлээс гадна Хятадын нүүрсний импортын эрэлт саарах, экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ буурах зэрэг гадаад эрсдэлүүд бийг мөн дурдах хэрэгтэй. Хэдийгээр Оюутолгойн зэсийн олборлолт нэмэгдэх,   нүүрсний борлуулалт нэмэгдэх,  үнэ өсөх зэрэг зах зээлийн хөдөлгөөнүүд эдийн засгийн өсөлтөд эерэг үзүүлэлтүүд дагуулах боломжтой ч, эрсдэлүүд ойр байдгийг хаа хаанаа анхаарч байхад илүүдэхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top