ИЗНН-аас нэр дэвшигч Д.Энхцэцэг: Хотдоо тайван амьдаръя

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу СБД-ийн 1,2,3,4,5,6-р хороонд ИЗНН-аас нэр дэвшигч Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

ИЗНН-ын хувьд энэ удаагийн сонгуульд Монголдоо сайхан амьдаръя уриатай оролцож байгаа. Таны хувьд Хотдоо тайван амьдарья гэсэн уриаг дэвшүүлжээ. Хотдоо тайван амьдрахад нийслэлчүүдэд яг юу дутагдаж байна вэ?  

- Манай намын Амьдрал мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг нь Хотын амьдрал. 2000 онд Улаанбаатарт улсын нийт хүн амын 56.3 хувь нь төвлөрч байсан бол 2011 оны байдлаар 63.3 хувь болсон байна. Хүн амын иймнягтаршлыг дагаад олон асуудал тулгамдаж ирсэнээр хотод тайван амьдрах нөхцөл хязгаарлагдаж байна гэсэн үг. Миний хувьд нийслэлд тулгамдаж байгаа олон асуудлын заримаас гарах гарцыг хотын зүрх болсон Сүхбаатар дүүргээс эхлүүлэхээр шийдээд байгаа. Хотынхоо төв хэсгийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх нь үндсэндээ хотдоо тайван амьдрахын эхлэл болж өгнө гэж боддог. Эхний ээлжинд аюулгүй амар тайван амьдрах орчинг бүрдүүлжорон сууцны орчинг камержуулах, орцны хаалгыг цахим цоожтой болгох нь зөв зүйтэй алхам. Сүүлийн жилүүдэд нийслэлд автозамын хөдөлгөөнийг камержуулж хянах болсноор зам тээврийн осол хэрэг зөрчил тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлт гарч эхэлсэн. Камерийн ач тус үр нөлөө ямар байгаа нь эндээс харагдаж байна. Иймд гэмт хэргийн гаралт буурч тайван амьдралын нэг хэсэг бүрдэнэ. Нэг үгээр камер бол төрийн нүд чих болж иргэдийн амар тайван орчныг бүрдүүлж өгч байгаа хэрэг.

-Үүнээс гадна орцны цахим цоожны талаар ярилаа. Бүх байрны орц цахим цоожтой болно гэж ойлгогдож байна л даа. Энэ бүх ажлыг хийх боломж нөхцөл хир байгаа бол. Ер нь энэ бүхэн хэнээс хэнийг хамгаалж байгаа хэрэг вэ. Манай нийслэл амьдрахад тийм аюултай болоод байгаа юу?

- Иргэд амьдарч аж төрөхөд тийм аюултай болчихоогүй ч хуучин цагийг буюу 20 гаран жилийн өмнөхийг бодвол амгалан аж төрөхөд зарим талдаа бэрхшээлтэй болоод байгаа манай иргэд мэдэж байгаа. Энэ бүхэн нүдэн дээр ил байгаа биздээ. Тийм учраас л миний дэвшүүлж байгаа уриа Хотдоо тайван амьдаръя юм л даа. Санаачилсан дээрх ажлуудыг хийх боломжийн талаар судаллаа л даа. Үүнийг бодит байдал болгох гарц байгаа. Гэсэн ч өнөөг хүртэл хэн ч хэлж ярьж санаачлага гаргасангүй. Нэг өдөрт биш юм гэхэд үе шаттайгаар нийслэлийн хорооллуудыг камержуулж, орцнуудыг цахим цоожтой болгох боломж бий. Шаардагдах хөрөнгийг хотын төсөвт суулгаснаар ажил эхэлж биелэлээ олох боломжтой гэсэн үг. Бүтэшгүй зүйл гээд суугаад байвал ямар ч ажил урагшлахгүй биздээ. Иймээс анхаарч зайлшгүй хийж хэрэгжүүлэх ажил дутагдаж байна. Эдгээрийн эхлэл нь миний дэвшүүлж байгаа дээрх ажлууд. Ер нь хотыг чиглэсэн их нүүдлийн улмаас орон нутгаас олон мянган иргэд нийслэлд ирсэн. Тэр хэмжээгээр нийгэмд янз бүрийн асуудал тулгамдаж эхэлсэн. Нэрлэвэл барагдахгүй олон асуудал байна. Цаашид миний төлөвлөж байгаагаар нийслэлийн иргэдийг хотын үнэмлэхтэй болгох нь зүйтэй юм.

-Хотын үнэмлэх гэхээр сонин сонсогдож байна л даа. Тун удахгүй иргэний цахим үнэмлэх тараагдах гэж байгаа. Үүний хажуугаар хотын үнэмлэх мөн олгогдоно гэсэн үг үү? Энэ нь ямар үр дүнтэй ажил вэ?

-Хотын иргэдэд үнэмлэх олгох нь бидэнд сонин содон сонсогдож байгаа ч өндөр хөгжилтэй орнуудад энэ нь хэдийнээ ажил болоод биелэлээ олсон зүйл. Наад захын жишээ манай хойд хөршийн нийслэл Москва байна. Үнэмлэх гэхээр байнга биедээ авч яваад үзүүлж харуулаад байх зүйл гэж бодож болохгүй. Энэ нь нэг ёсны хотын иргэдийн батламж юм. Он удаан жил нийслэлд амьдарсан, хэдэн үеэ өнгөрөөж байгаа иргэд олон. Тэдгээр иргэдэд нийслэлийн унаган иргэдийнх нь хувьд батламж олгож байгаа хэрэг. Ингэснээр тэдний хувьд өөрсдөөрөө бахархах цаашлаад нийслэлээ гэсэн чин сэтгэлээр, амьдарч буй орчноо хайрлан хамгаалах ухамсар нь дээшлэх юм. Мөн хотын үнэмлэхтэй иргэдэд зарим төрлийн үйлчилгээг давуу эрхтэйгээр хүртэх боломж нээгдэх юм. Хэд хэдэн чиглэлд энэ ажлыг хэрэгжүүлж болно. Хотын үнэмлэхтэй болсноор нийслэлийн иргэн гэдгийг баталгаажуулж өгч байгаа хэрэг гэж ойлгож болно.

-Хотын үнэмлэх яриад эхлэхээр иргэдээ ялгаварлан гадуурхсан гэгдэх байх л даа. Орон нутгаас шилжин ирж байгаа иргэдэд та ямар тайлбар хэлэх бол?

-Тэднийг гадуурхаж ялгаж байгаа хэрэг огт биш. Би сая хэллээ. Энэ нь зөвхөн нийслэлийн уугуул оршин суугчдаа хүндэтгэж баталгаажуулж байгаа хэрэг. Тэрнээс хотын үнэмлэхгүй хүн Улаанбаатарт амьдарч болохгүй гэсэн үг биш. Хамгийн ойрын жишээ хэллээ. Москва хот манайхыг бодвол хамаагүй олон хүн амтай. Хотын үнэмлэх буюу батламжийг санаачилснаар тэр олон иргэн төрөлх хотоо гэсэн сэтгэл нь улам тодорч өөриймсөг хандах хандлага давамгайлах юм л даа. Энэ нь хотдоо тайван амьдрах бололцоог бүрдүүлэх нэг алхам юм.Цаашлаад орон нутгаас шилжин ирсэн ч нийслэлд тодорхой хугацаанд амьдарсан иргэдэд хотын үнэмлэх олгохыг ч үгүйсгэхгүй. Энэ нь орон нутгаас шилжин ирэгсэдийг “хотжуулах” ажлын нэг хэсэг болох юм гэдгийг онцолмоор байна.

-Таны хийхээр төлөвлөсөн ажлууд дунд Ахмад мэргэжилтний сүлжээ байгуулах талаар дурдагджээ. Энэ сүлжээ ямар чиглэлээр ажиллах вэ? Ер нь таны хувьд ахмадуудад чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөөд байна. Үндсэндээ сүүлийн жилүүдэд ахмадууд нийгмээс тодорхой хэмжээгээр тусгаарлагдах үзэгдэл ажиглагдаад байгаа?

-Яг үнэн. Нийгмийн эдийн засгийн харилцаанд оролцож байгаа хүн бүр баялаг бүтээх боломжтой байдаг. Тэр боломжийг нь төр хөхүүлэн дэмжих ёстой. Ахмадын сургааль алт гэдэг мөртлөө ахмадуудаа үл хүндлэх нь шударга бус шүү дээ. Ахмадуудын маань сургааль бол орчин цагийн хэлээр бол өнөөдрийн консалтинг, өнөөдрийн зөвлөгөө юм. Бид ямар нэгэн үйл ажиллагаанд консалтингийн мэргэжилтнүүдийг ямар өндөр үнээр авдаг билээ. Гэтэл цоо шинэ бизнес, цоо шинэ технологи л биш бол ахмадуудаасаа зөвлөгөө авч болно шүү дээ. Өнөөдөр ахмадууд үндсэндээ ач зээгийн “асрагч” эсвэл гэр байшингийн “манаач” болж хувирсан гэхэд хилсдэхгүй.  Үнэндээ бол ахмадууд гэдэг маань оюуны болоод мэргэжлийн асар томөмч гэдгийг ойлгох хүн ховор байна. Салбар тус бүртээ өндөр амжилт гаргаж явсан сэхээтнүүд өнөөдөр гэрийн мухар сахиж байгаа нь үнэхээр харамсалтай. Гадны зарим улс оронд бол ахмадуудынхаа туршлага зөвлөгөөгөөр ажиллаж салбартаа амжилт гаргасан олон компани аж ахуйн нэгж байдаг. Тэд яадаг вэ гэхээр ахмадуудынхаа оюуны үнэт чадавхийг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж нэг ёсны чиглэлээ болгосон байдаг. Энэ жишгийг нэвтрүүлсэн компани манайд ганц нэгээр тоологдох төдий л бий. Оюуны үнэт капиталуудаа үнэгүйдүүлэхгүйн тулд “Ахмад мэргэжилтний сүлжээ”-г бий болгох юм. Сүлжээнд хамрагдсан ахмадууд юу хийх нь маш тодорхой. Салбар чиглэл тус бүрт өөрийн мэдлэг чадварыг зааж, сурган өвлүүлэх юм. Ер нь манай Сүхбаатар дүүрэгт үе үеийн шилдэг сэхээтнүүд амьдардаг. Тийм учраас энэ сүлжээг бий болгох бүрэн боломжтой гэсэн үг. Амьдрал нэртэй мөрийн хөтөлбөр дан ганц нийслэл хот гэлтгүй, өргөн хүрээний олон тулгамдсан асуудлуудын гарц шийдлийг маш энгийнээр олох боломжийг нээсэн онцлогтой. Эцэст нь хэлэхэд хотдоо тайван амьдрахын тулд иргэддээ зөв сонголт хийхийг уриалья даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top