В.Мөнх-Эрдэнэ: ‘’Зөн билгийн мөрдлөгүүд’’ нэвтрүүлэг нийгэмд шуугиан тарина

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

“Зөн билгийн тулаан” хэмээн онц  сонирхолтой нэвтрүүлгийг Монголчууд  найман настай балчираас наян настай буурай хүртэл шимтэн үзэх дуртай. Өнгөрсөн жил явагдсан “Зөн билгийн тулаан” 5-ын ялагч В. Мөнх-Эрдэнэ хэмээх нэгэн залуухан зөн билэгчтэй www.aravt.mn сайтын сэтгүүлч уулзаж ярилцсан юм. Тэрээр одоо “Их Монгол” дээд сургуулийн Түүх аялал жуучлалын ангийн  гуравдугаар дамжаанд суралцаж байна.

-Зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцоход мөн ялагч болоход чамд юу нөлөөлсөн бэ? Нэвтрүүлгийн ямар шалгуур нь хамгийн амаргүй  байв?

Энэ нэвтрүүлэгт орох болсон шалтгаан гэвэл би энэ чадвар, ийм мэдрэмжийг хэнээр ч заалгуулаагүй, юунаас ч асууж, нэг ч хүн дээр очиж би яаж үзэх вэ, яаж өдий зэрэгт хүрэх вэ гэж лавлаж байгаагүй болохоор өөрийнхөө ямар хэмжээнд явж байгаагаа сорьж, мэдэхийн тулд орсон. Орохсон  ч гэж бодож байсан. Гэхдээ Зөн билгийн тулаан 4-т орох гэж байгаад арай эртдэж байна гэж бодоод 5-ыг хүлээзнээд бүртгэл нь дуусахын алдад очиж бүртгүүлээд нэг их бэлтгээд байсан  юм байхгүй,  их яаруу сандруу оролцсон. Энэ нэвтрүүлэгт ороод түрүүлэхэд хамгийн их нөлөөлсөн, дэм  нэмэртэй хүмүүс мэдээж манай гэр бүл, найз нөхөд  байсан. Ёстой уйлахдаа уйлаад, бүх оролцогчдынхоо өмнө одоо больё, бараг дэмий юм, би ерөөсөө чадахгүй юм байна, ер нь л хэцүү юм байна гэж хэлээд сууж байсан удаа ч надад байсан. Бүхнийг даваад шилдэг 6-д билүү 5-д ч билүү үлдсэний хойно ер нь би саналаараа гардаг юм уу гэж гэр бүлийнхэндээ хэлж байсан удаатай.  Эргээд  бодоод үзэхээр бас чиг гэж тийм зөөлхөн, амархан  цаг хугацаа өнгөрөөгүй гэж би өөрийгөө боддог. Хамгийн гол нь манай ээж, ах, дүү, манай хэдэн найзууд надад их урам зориг өгч байсан. Түрүүлчихээд нулимс өөрийн эрхгүй гараад зогсож байхад хэдэн найзууд маань ирж тэврээд л, ээж ирж үнсээд, сайхан л байсан. Тэгээд хүн зүтгээд зорьсон юмныхаа ард гарна аа гэдэг чинь их сайхан. Мөн дээрээс нь мэдээж миний онгод тэнгэр, өөрийн мэдрэмж чадварааа дурьдалгүй  яахав. Тэр бол их чухал зүйл. Яг амьдрал талаасаа яриад явбал манай гэр бүл найз нөхөд л гэж би шууд хэлнэ дээ.  Дээрээс нь миний тэвчээр орсон. Машиндаа хамаг хуяг хувцсаа хийгээд, өглөө нь гараад бичлэгтээ орчихоод сайхан байвал нэг чанга дуу тавьж ирчихээд л, жаахан тиймэрхүү орсон бол чимээгүйхэн ирнэ. Надад тухайн үедээ хамгийн энгийн даалгавар нь хамгийн хүнд харин хамгийн хүнд даалгавар нь хамгийн амархан байсан. Тухайлбал хил гаалийн хүмүүст одонг нь мэдрэмжээрээ тааруулах мэтийн энгийн даалгаварууд надад их хүнд, ер нь л болж өгөхгүй байсан л даа. Даалгавруудаас илүүтэйгээр оролцогчдын хоорондын хаалт ч юм уу, бие биедээ нөлөөлж байсан нь хамгийн хүнд байсан. Би амьдралдаа үзээгүйгээрээ зүгээр байж байгаад ухаан алдаж унах,  эсвэл маргааш өглөө 9 цагаас бичлэгтэй байхад, урд өдрийнх нь шөнийн 12 цагт хамаг хуяг хувцасаа авчихсан хаана байгаагаа, юу хийснээ мэдэхгүй нэг мэдэхэд юм хийчихсэн явж байх жишээтэй. Маргааш өглөө нь бичлэг дээр би төдийлөн нөлөөтэй байж чаддаггүй байсан  гэх мэт зүйлүүд байсан. Одоо 5 дугаар  сарын дундуур Зөн билгийн тулаан 6-ын бүртгэл явагдаад,  бичлэг хийгдэж эхлэх болов уу гэсэн манай академийн шум байгаа. Тэгэхээр алсдаа орох хүмүүст хэлэхэд хүн тэмцээнд түрүүлж амжилтанд хүрч нэр хүндтэй болох нь чухал би,  хамгийн гол нь өөрөө хэр хэмжээнд явж байгаагаа л мэдэх л  гол нь. Орсон гэдэг чинь өөрийгөө ялсан гэсэн үг гэж манай нэг найз ярьдаг. Бие биедээ хаалт боолт хийхгүй л орох нь чухал юм шүү!

-Зөн билгийн тулаан 5-ын хувьд чиний чадварыг хамгийн их илтгэсэн шалгуур бол нас барсан хүүгийн сүнсийг ээжтэй нь уулзуулсан агшин байсан болов уу гэж боддог. Үзэгчид ч гэсэн үүнтэй санал нийлэх байх. Тэр чинь хүмүүст их хүрсэн гэж боддог.

Тэгэхээр би багшгүй бөө л дөө. Нэг ёсны би тэнгэртэй харьцдаг хүн. Тэгэхээр бөөгийн чадварууд гэж байдаг. Эмч хүнд зайлшгүй суурь ойлголт байсан тохиолдолд хүнийг эмчилдэг шиг үүнтэй адил бөөгийн чадвар гэж байдаг. Тэгэхээр миний хувьд хүний бодол унших, энгийн сүнстэй харьцах, сүнсийг биедээ оруулах, мэдрэмжээрээ хэлэх, онгодтойгоо харьцах, лус савдагтай харьцах, тэнгэртэй шууд харьцах, ямар нэгэн уул усны лусуудыг дуудаж өөртэйгөө уулзуулах гэх мэтчилэн чадварууд байдаг. Хүмүүст ингээд хүргэчихвэл хүмүүс намайг ингэж хүлээж авна даа гэж би хэзээ ч бодож байгаагүй. Тэр бол бөө хүний хийх л ёстой зүйл. Тухайн үед хүмүүс их гайхдаг. Үнэхээр ингэж хүний сүнс ордог юм уу, яагаад ийм хэцүү байгаа юм бол гэж. Шууд санаан зоргоор ордоггүй. Сүнс орох нь нөхцөл байдлаасаа их хамаардаг. Тэр үед хүмүүс алхдаг тийм газар суучихсан хажуугаар хүмүүс яваад л машин дугараад ийм байхад хүнд хүрэх байдал нь 30-аас 40 хувьтай л ордог. Хэлж ярих нь ямар нэгэн алдаагүй. Өмнө нь би оруулдаг л байсан. Гэхдээ тийм нөхцөл байдалд биш гэрт нь очоод урдуураа хөшиг унжуулаад яг тэр чигээр нь энгийн яриагаараа оруулдаг. Аливаа юм сайн муу хоёр талтай байдаг. Нийгэм л болсон хойно хүмүүс янз бүрээр хүлээж авдаг л даа. Тэрнээс хойш би ерөөсөө сүнс оруулахгүй байж байгаад одоо ялагчдын оролцож байгаа “Зөн билгийн мөрдлөг” гээд нэвтрүүлэг хийж байгаа. Анхны бичлэг нь уржигдар Их нарангийн оршуулгын газар авсан. Тэр оршуулгын газар дээр би нэг сүнс оруулсан. Оршуулгын газар оруулахад бас их бэрх байдаг юм байна лээ. Гэхдээ яг ярьсан үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Миний мэдрэмжээр жаахан тиймхэн байдалтай орсон юм шиг санагдсан. Хүсч байсан мэдээллийг бол ер нь хэлсэн гэдэг зүйл сүүлд нь сонсогдсон. Хамгийн анхны Зөн билгийн мөрдлөг нэг гэдэг нэвтрүүлэг бичлэгээ аваад эхэлчихсэн,  одоо монтажлах нь үлдээд байгаа, 5 сарын үеэр гарах юм байна билээ. Тэгэхээр сүнс оруулах нь байдаг л зүйл. Тухайн үед машины зам дээр оруулсан тэр хүүгийн сүнсийг нэвтрүүлгийн оролцогч  Адилбиш гэдэг удган ойрхон дуудчихаад үлдээчихсэн байхад нь би араас нь орсон. Тэгээд дуудсан. Нэг ёсны би дуудаагүй эхлээд Адилбиш эгч сүнсийг нь ойртуулчихсан байсан,  тэгээд надтай харьцахад дөхөм болоод ирсэн.

-Чиний энэ бүх чадварууд хэдийнээс эхэлсэн юм бэ?

 

Би бөө болоод 5 дахь жил рүүгээ орчихсон байна. 2009 оны 3 сар гэхээр  4 жил гаран болж байна. Би одоо 22 настай. 2009 оны 3 сарын 18 нд 17-той байсан гэж өөрийгөө үздэг. Тэр үедээ ганцаараа тахилгаа хийж байсан. Ер нь бол би бүр 13, 14 настайгаасаа эхлээд ойр тойрныхоо хүмүүсийн толгой тархийг барьдаг байсан. Тэгээд их чулуу цуглуулдаг байлаа. Яагаад ч юм надад янз янзын сонин содон чулуунууд их олддог. Тэгээд 15-17 насны хооронд би байнгын барьдаг болчихсон. 16 насанд гарын мэдрэмж их болж тоймтой байдлаар юм мэдэрч эхэлсэн л дээ. Тэгэхээр яг 14 наснаас хойш л эхэлсэн. 15-аас 16 насны хооронд бүр илүү сайн болсон гэх юм уу. Багшгүй бөө гэдэг ёс жаягтай. 3 жил бөөлж байж, 3 удаагийн тахилга хийж байж, тийм хэмжээний үйл хийж байж, тэдэн хүнд тусалж байж ч гэдэг юм уу өөрийнхөө эд хэрэглэлийг бүрдүүлдэг. Одоо бол бүх эд хэрэглэлээ аваад бүгдийг амилуулаад, бөө болчихдог бол миний ёсонд бол дээр ярьсан бүгдийг биелүүлж байж толь зүүх эрхтэй болдог. Би яг 3 жил болж байж толь зүүж эхэлсэн. Яриад байвал ёс их л дээ. Тэр болгоныг яривал цаг их орно.

-Түрүүнд чи нэг академийн тухай ярилаа. Тэр талаараа тодруулаач!

Тэргүүн нь Өнөрбаяр гээд манай Зөн билгийн тулааны нэг хоёрыг хөтөлж байсан. Хүмүүс хараад их сайн таньдаг юм. Дэд тэргүүн нь Тунгалаг гэдэг. Манай Зөн билгийн академиас Зөн билгийн тулаан нэвтрүүлгийг хийдэг. 2008 онд үүсгэн байгуулагдсан. Гишүүд гэвэл Зөн билгийн тулаанд орсон хүмүүс байдаг. Миний ойлгосноор Зөн билгийн тулаанаас шигшигдсэн хүмүүс байдаг. Мөн хүмүүс үзнэ.

-Уулзаж үзүүлж харуулах гээд хүмүүс их л ярьдаг байх. Тэр хүмүүст тусалчихъя гэсэн бодол байдаг л байх?

Тэгэлгүй яахав. Ялангуяа тэмцээний дараа хүмүүс их ярьдаг болсон. Гэхдээ миний дугаар албан ёсоор дэлгэрээгүй байгаа. Манай академиар дамжуулж их уулздаг. Манай Зөн билгийн тулааны академийн 88850185 утсаар холбогдоод надтай уулзаж болно. Цаг заваа гаргаад 7 хоногтоо нэг хоёр удаа гэртээ үздэг. Гэхдээ их ядардаг болж байна. Бие жаахан өвддөг ч гэсэн хоёргүй сэтгэлээр зориод ирж байхад нь туслахыг хичээдэг гэж өөрийгөө би боддог шүү.

-Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Үеийн  охид бүсгүйчүүдээс  сонирхож байгаа байх найз бүсгүйтэй юу? Гэр бүлийнхээ талаар яриач?

Би одоо 22 настай. Хувийн амьдрал гэвэл дээрээ нэг ахтай, доороо хоёр дүүтэй, ээжтэйгээ амьдардаг. Манай ах тусдаа гарсан. Би одоо гэртээ байна. Нэг ёсны ээжийн хүүхэд. Бөө хүн эмэгтэй хүнтэй найзлах, үерхэх ойр дотно явахад их цензүртэй байдаг. Тэр ч байтугай амьтан тэжээхэд хүртэл цензүртэй байдаг. Эхний үед жаахан хэцүү байсан. Одоо надад мэдээж найз байдаг. Гэр бүл болсон зүйлгүй.  Мэдээж тойрон хүрээлэгч найз нөхөд бий. Нэг ёсны би сахиуснаасаа асууж байж хэзээ хүнтэй гэрлэх вэ гэдгээ шийднэ гэсэн үг. Одоогоор надад хайрлаж явдаг хүн байгаа.

 -Одоо үед бөө нар хэт олширч байгаа энэ талаар чиний бодол?

Олон бөө  төрж байна гэдгийг би сайнтай муутай л авч үздэг. Гэхдээ Монгол бөө сэргэж байна гэдэг бол нэг талаараа сайн зүйл. Би их сайн талаас нь хүлээж авдаг. Сүүлийн үед би их олон бөөтэй уулзаж байна. Онгодуудтай нь уулзаж байна. Яагаад ч юм өөрөө зорьж очихгүй ч  нөхцөл байдал нь тэгээд таараад байдаг болчихлоо. Тэр онгодуудтай ярьж байхад бүгд л  энэ газар нутаг хөрс шорооны төлөө гэдэг. Мэдээж алдаа оноотой зүйл байлгүй л яахав. Би бүх бөөг сайн гээгүй. Энийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Яг энэ могой, морь хоёр жил дээр бөөгийн шүүлт их гарч ирнэ. Гарч ирэх ч ёстой юм. Одоо над дээр ирж байгаа хүмүүсийн 10 хүний 4 ч юм уу би их сайн бөө байсан юм. Одоо би бөөлж чадахаа байчихлаа. Ямарч мэдрэмжгүй болчихлоо гээд ирдэг. Зарим нь би бөө болохоо болимоор байна. Би болихоор шийдлээ гээд ирж байна. Эндээс харахад одоо цэгцэрч байгаа шүү. Хэрвээ анзаарч байгаа бол нийгэмд  бөө олширч байна гэдэг яриа нэг үеэ бодвол намжчихсан байгаа. Монголчууд хэнд үзүүлж харуулахаа мэддэг болчихож.

- Хүн үзүүлэхэд тэр хүний тухай мэдээлэл чамд яаж ирдэг вэ? Нүдэнд чинь үзэгддэг юм уу? Чихэнд чинь сонсогддог юм уу? Энэ их сонирхолтой санагдаад байдаг юм.

Би түрүүнд ярьсанчлан бөө хүн гэдэг бол тодорхой хэмжээний чадвартай байх ёстой гэж. Тэр чадваруудаа л ашигладаг. Хамгийн эхлээд ухаанаа төвлөрүүлдэг. Тэгээд дараа нь одоо жишээлбэл тэр хүний ходоод өвддөг бол миний ходоодонд яг тийм мэдрэмж ирэх маягаар мэдэрдэг. Тэр болгоныг би амаараа дамжуулан хэлдэг. Хоёрдугаарт миний тахидаг газраас хоёр ширхэг хүн шиг хийсвэр биет миний хоёр талд зогсоод тэр хүний зүг шууд явж очдог. Тэгээд тэр хүний мэдээллийг надад авчирч өгдөг. Мөн дээрээс нь би гол гэсэн асуултууд дээр нь илүү ихийг хэлье гэвэл шууд онгодтойгоо харьцдаг. Буулгахгүй ч гэсэн шууд харьцдаг. Ер нь маш олон талаар үзэж болдог. Хүн үзэхэд хэцүү хаалттай хүн гэж байдаг.

-Танай удамд өмнө нь үзэж хардаг хувилгаан, хутагт,  номтой хүн байсан уу? Одоо жишээлбэл хүмүүс тийм мундаг хүн байсан, тэр хүний сүнс нь орж ирж байна гэх мэтийн юм яригдаад байдаг л даа?

Ер миний онгод тэр хүнийх гээд хэлчихэд жаахан хэцүү. Бөө бол байхгүй. Бүр дээх нь цагийн үед хулгай хийсэн хүнийг хулгайлсан юмыг нь бариулаад өөрийг нь ирүүлдэг нэг эрэгтэй хүн байсан гэж ярьдаг. Гар хөлийг нь татуулаад, хулгайлсан юмыг нь тэврүүлээд гэрийнхээ гадаа авчирдаг, хоёр гурван шөнө өрхөө бүтээчихээд юм хийгээд сууж байдаг эрдэм чадалтай хүн байсан гэдэг. Эцэг талаасаа бол би Архангай аймгийн хүн. Миний эцэг эхийн нутаг Хөвсгөл аймагтай залгаа, хуучин бол Хөвсгөл аймгийн харьяа байж байгаад аймгийн хилийн зааг тавигдах үеэр Архангай аймгийн сум болсон. Тэгэхээр би халх хүн, харин миний онгод  дархад, цаатан гээд Хөвсгөл талын гэж хэлнэ. Яагаад гэхээр миний онгод эмээгийн талтай холбоотой. Хөвсгөлөөс нүүдэллэж ирсэн гэдэг. Дөрвөн  жил болохдоо үзээгүй юм аа үзэж байна. Одоо би цаатан дуудлага дууддаг. Одоо би хуягтайгаа сууж байсан бол та хоёрыг нүдийг чинь аниулж байгаад дуудахад та хоёрт урцанд сууж байгаа мэт үнэр , цаатан хүмүүсийн яриа гэх мэт зүйлүүд дэргэд чинь мэдрэгдэнэ. Цаатан дуудлага өөрийн эрхгүй дуудаж байна гэх мэтчилэн хөгжиж байна.

-Төгсгөлд нь миний асуугаагүй чиний ярихыг хүссэн зүйл байвал яриач?

Нэгэнт ярилцлага өгч байгаагийнх нутгийнхаа зон олонд мэнд дэвшүүлье! Алсын бараанаас уул ус нь цэнхэртдэг л газар даа. Би нэг л юмыг хэлэх дуртай.  Монгол хүн уул усаа, эцэг эхээ шүтэж явахаас илүү зүйлгүй. Би сайн бөө, Мөнх-эрдэнэ сайн зайран, намайг бод, намайг шүт гэж хэлэх надад ямар ч учиг байхгүй. Би хүн. Би энгийн л хүн. Харин илүү зүйл нь байгальтайгаа харьцаж, тэр нутаг ус, тэр лус савдагтай харьцдагтаа л байдаг. Монгол хүн болгон л чаддаг. Хүмүүс “би таныг их хүндэлдэг, та мундаг зайран шүү” гэдэг. Монгол хүн болгон мундаг, Монгол хүн болгон тамгатай төрдөг,  Монгол хүн болгон л өөрийн гэсэн чадалтай, өөрсдийгөө хүндлэх тийм ухамсартай байх ёстой байх хэрэгтэй. Чи өнөөдөр төрсөн нутгаа бодож яв. Хүн өнөөдөр үхэх болсон ч төрсөн нутаг эцэг эхээ бодоод явах хэрэгтэй гэж би хэлэх дуртай. Монгол хүн болгон төрсөн нутгаа хүндэлж дээдэлж шүтэж явах хэрэгтэй .Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд  Зөн билгийн мөрдлөг нэвтрүүлгийг шимтэн үзээрэй! Жаахан хүнд хүнд хэргүүд дээр ажиллаж байгаа. Нийгэмд маш их шуугиан тарьсан сонирхолтой нэвтрүүлэг болох байх аа.

 Ярилцсан Б.Энхчимэг
Б.Бүжин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол-Халх(103.26.194.30) 2014 оны 05 сарын 27

Ялтачгүй сайн бөө шүтэх нь ч хайшаа юм зүгээр хүндэлж явдаг шүү Мөнх-эрдэнэ ээ!!!

0  |  0
0000(202.179.20.195) 2013 оны 03 сарын 29

sain uu munkherdene bol mash sain buu bi ochij baisan mongolchuudaa khen heghii ug bolon tsuu yarind itgekhiin orond uursduu ochood l uzeech unekheer sain buu chamd amjilt xusiye bi taniig shytej yavdag

0  |  0
z(182.160.54.110) 2013 оны 03 сарын 28

lus savdag oor deeree duuddagch gh shig ter lus savdaguud chinii duudsanaar irehuu tegeed. bolomjiin ym olj moorooch erguu min

0  |  0
z(182.160.54.110) 2013 оны 03 сарын 28

yooy ooriigoo arai ih ymand bodtsiin bishu uchraa ch medehgui ****** batsaan akademiin terguun onorbayr ch gh shig tun**ag ni ter onorbayrin chin ehner ni bizde 2 ***iin luivarchid. ene metiin erguu batsaanuudiig tolgoilj tarhii ni ugaaj bhda taarsan heden garuud busdiin zovlongoor bitii biznes hiigeech m**nuudaa

0  |  0
jirii mongol irgen(202.21.113.138) 2013 оны 03 сарын 27

sn gj bodogdson tv.eer harj bhad harin heden tugruduur uzdeg we hed honogiin umnuus ethen dugaar ahuu ya we huduunii hun bn

0  |  0
taisyn(202.55.183.178) 2013 оны 03 сарын 27

Tiiml mundag yum bol yyl ysnii savdgig sergej gazar ysaa avarchgaga chee morgoluu dee

0  |  0
ariunaa(202.9.47.131) 2013 оны 03 сарын 27

uneheer mundag huuhed shuu duudee amjilt husiii hund hetsuu ued duudee z**birch bodoj yavdagaaa

0  |  0
Top