Машины үзлэг, оношилгоо нь өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй агаар нэг

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

-Машин чинь “дуу орчихож” уу, биед чинь “хавдар орчихсон” юм биш биз-

Таксины жолооч ахтай зам зуур ярьж явлаа, ерөнхийдөө машиных нь тухай. 2004 онд үйлдвэрлэсэн, гурван жилийн өмнө өөрөө захиалж авчруулснаас хойш хөлсний унаа болгосон “Тоёота-Саксийд” гэдэг машин. Анхны цас ороогүй байгаа учраас автомашины дугуй хямдхан байгаа дээр өвлийн дөрвөн дугуйгаа аваад хийчихжээ. Өнгөрсөн долоо хоногт тосыг нь солиулсан бол өнөө маргаашгүй амортизатороо шинэчлэх гэнэ. Товчхондоо, өвлийн бэлтгэлээ бараг бүрэн базаажээ гэсэн үг. Энэ бүгдэд тэрээр бараг сая төгрөг зарцуулсан бөгөөд машинаа анх авахдаа 10 сая төгрөг төлсөн байна. Түүний гэр бүлийн орлогын “баруун гар”, гал алдсан үед авто-ломбарданд тавьчихдаг үнэт хөрөнгө бол машин. Яг ийм дүр зураг монголын 400 шахам мянган автомашинд, жолооч нарын ихэнхэд нь ижил. Жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаа тул аюулгүй байдлыг нэн түрүүнд сахин хамгаалах ёстой. Түүний тулд жилдээ нэг удаа үзлэгт орж, шат шатны татвар шимтгэл төлж, даатгалд хүртэл албан ёсоор хамрагдсан хийгээд өвлийн цагт дээрх шиг арчилгаа дандаа явагддаг. Жаахан “дуу орох” юм уу хөдөлгүүр доголдох тэр байтугай дугуй хагарахад хүртэл мэргэжлийн үйлчилгээний газарт очдог, шинэчилдэг сэлбэдэг сайхан цаг иржээ. Нэг үгээр бол машин “жаргачихжээ” гэмээр.

Харин...

Харамсалтай нь, жолооч ах нар өөрийнхөө биеийг хэр анзаарч, “дуу орсон” эсэх, хөдөлгүүр доголдож, шатахуун тасалдаж байгаа эсэхийг хэр шалгадаг бол. Ядаж “дугуй хагарах” буюу ханиалгах, зүрхээр хатгалах юм уу хэт ядарч, бие сулрах зэрэг наад захын шинж тэмдэгт ямар хариу үйлдэл үзүүлдэг бол оо. Шалавхан эмнэлэг бараадаж, өрхийн эмчээс зөвлөгөө авч, даралтаа нэг шалгуулчихъя гэж боддогоосоо за яав л гэж, эр хүн байна даа гэдэг хэт гүндүүгүй зантай нь хэд дахин олон биз. Машинтай бол хол явна, эрүүл биетэй бол түүнээс ч хол явна. Монголчуудын эрүүл мэнд автомашин шиг жилдээ нэг үзлэгт орчихдоггүй, эрүүл мэнддээ зориулж жилдээ нэг удаа мөнгө төлж, татвар өгдөггүй, хөдөлмөрийн гэрээгүй хүмүүс бол Эрүүл мэндийн даатгал ч төлдөггүй гэдэгт эргэлзэх шаардлага алга. Өвлийн гутал, хүрэм, зузаан өмд давхарлах зэргийгээ ч нэг зөн совингоороо хийгээд байгаа юм. Гэхдээ л, монголчууд бид махан биенийхээ “чимээг” чагнахаас илүү машиныхаа дуу, анирт чих тавьдаг нь гашуун үнэн.

Бид энэ зангаа л засчихвал уг нь урт насалж, удаан жаргах бололцоо бүрэн бий. Өрхийн эмнэлгүүдээр тэтгэвэрт суугаа настан, жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ нярай л үйлчлүүлж, судсаа даруулж, даралтаа шалгуулаад дуусдаггүй байсан бол монголчуудын “Өвчний улмаас зуурдаар...” гэдэг эмгэнэлийн үгс цөөрөх нь дамжиггүй. Нэн ялангуяа алгуурхан газар авч, аминд гэнэт халддаг хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлүүлэх боломж, чадамж, ядаж зааж зөвлөөд өгөх мэдлэг өрхийн эмнэлгүүдэд бий.

Яагаад бид ийм болчихсон юм бэ. Юун түрүүнд бие гэдэг үнэгүй олдож, машин гэгчид сая сая төгрөг зарцуулдаг болохоор аль нь илүү цэнтэй вэ гэдгийг ялгахаа байж. Бие үгүй бол та оршихгүй, та байхгүй учраас тэр машин танд үнэ цэнтэй биш. Өнөөдөр “Биеэ бодоорой” гэдэг сүү хүртэл гарчихаад байхад биеэ бодож байгаа хүн цөөхөн байгаа нь харамсалтай. Энэ үг ердөө сурталчилгаа, маркетингийн тэмдэг нэр болоод дуусах ёсгүй, амьдралын зөв хэвшил болж оршин тогтнох ёстой. Гүндүүгүй гэгддэг монгол эрчүүд элэгний хорт хавдраар жилд мянгаараа амь тавьж байна. Дайны үед ч ийм их гарз хохирол бидэнд учирч байгаагүй. Хүний гарз гэдэг бол ам бүл, ар гэр, аав ээжийн зовлон шаналан биш Монголын хохирол гарз. Хүн байж хүч нэмнэ. Хүч байснаар улс хөгжиж, тусгаар тогтнолоо тунхаглан бататгана шүү дээ. Тэр утгаараа хүний амь гэдэг ганцхан таны мэдлийнх биш улсад бүртгэлтэй үнэ цэн учраас амиа хорлохыг хуулиар хориглодог юм.

Өнөөдөр биеэ бодохгүй, эрүүл мэнддээ санаа тавих байтугай чих тавихгүй байгаа монголчуудыг амиа хорлогчид гэж хатуухан хэлэхэд буруудахгүй. Өмч, хөрөнгө, мөнгө, амьдралын төлөө гэж алтан амиа хайрлахгүй зүтгэх зуур амь насны тулгуур эрүүл мэнд хорхойд идэгдсэн байдаг. Шинэчлэх боломж хомс тэр баганыг засч, сэлбэж, сэргээж, сайжруулъя гэхээр асар их хүч, хөлс, хөрөнгө шаардагдах тул таны олсон, хураасан, цуглуулсан, бүтээсэн бүхнээс гадна гэр бүлийнхний чинь хийсэн, чадсан, амжилтад хүргэсэн бүгдийг хуу хамах аюултай. Энэ бол нэгэн хүний хувиа хичээсэн зангаас болж тэр гэр бүлийн хувь тавилан нүцгэн хөлөөрөө хүйтэн шороон дээр бууж буй хэрэг. Хүн цагаа тулахаар ямар ч үнээр хамаагүй амиа хадгалж үлдэхийг, амьдралаас явахгүй байхыг хүсдэгийг үүнээс анзаараарай. Далай багшаас “Танд хүн төрөлхтний юу нь хамгийн сонин санагддаг вэ” гэж асуутал дараах хариуг өгчээ. “Хүн. Яагаад гэвэл хүн мөнгө олохын тулд бүх л эрүүл мэндээ золиосолдог. Дараа нь эрүүл мэндээ буцааж олохын төлөө бүх олсон мөнгөө золиосолдог. Тэр ирээдүйн төлөө яарч өнөөдрөө умартаж орхидог. Үр дүнд нь өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй. Үнэндээ хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг, тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг” хэмээн хатуухан хэлснийг бодож явмаар санагддаг.

Хүний амь насанд хамгийн чимээгүй халдаж буй гол шалтгаан нь хорт хавдар болоод удлаа. Нэг жилийн дотор Монголд 3100 хүн хорт хавдраар нас эцэслэж, 4050 хүн шинээр хавдраа оношлуулсан гэх сүүлийн баримт бий. Нийт хорт хавдрын талаас илүү нь элэгний хорт хавдар байгааг анзаарахгүй өнгөрвөл амиа хорлох замыг сонгосноос өөрцгүй. Элэгний хортой хавдар гэдэг автын осол шиг гэнэтхэн болчихдоггүй, эртнээс дохио өгсөөр л байдаг. Эхлээд танд элэг байна. Элэг чинь идсэн уусан бүхнийг шүүж шимж, өөрөөрөө дамжуулан цэвэрлээд хор, хог, хаягдлыг нь ялгадаг. Ингэх зууртаа бохир гарын нян, вирус зэргийг ч ялгахыг хичээнэ. Харамсалтай нь, элэг өөрөө вирусаар өвдөнө. Гэхдээ та үүнийг анзаарахгүй, яагаад гэвэл элэг их тэвчээртэй, эзнээ зовоохгүй гэсэн хичээнгүй зантай эрхтэн. Халуун индүүнд хүрээгүй шахам байхад цэврүүтчихдэг арьсны хажууд бол бодь-эрхтэн юм. Элэг вирусаар халдварласныг гепатит хэмээж буй. Халдвар ужгирсаар хатуурал болоход бид церроз хэмээх нэр хайрласан. Элэг үхжиж, ажиллагаагүй болж байна гэсэн үг. Нэгэнт 100 хувь ажиллаж байж цус болон бусад эрхтэн хэвийн ажиллах тул нэг хэсэг нь “үхчихээр” биед улаан дохио асч эхэлнэ. Эсвэл халдвар нь тэндээ үржсээр хавдар болж магадгүй. Хавдар болчихсон ч элэг таны сэтгэлийг чилээж, автомашиндаа хандуулах хайр халамжаас хумслахыг хүсэхгүй. Харин хортой хавдар болж улам муудаад, элгэнд өөрт ч халтай, элгээр дамжих цусыг бохирдуулж бусад эрхтэнд ч хор халдааж эхлэхэд харанга дэлдэнэ. Хавдар болон хатуурлаас наана элэг танд гомдоллож, ганц ч үг ган хийхгүй, ёо гэж дуугарахгүйгээр өөрөө л зовно. Гэвч сая та түргэн авч автомашины дугуй, тос, амортизатор, хөдөлгүүр, шатахуунаа үл хайхран “Эвий миний муу элэг” гэж хайлан дуугарахад  бүх зүйл оройтсон байх юм. Магадгүй та эцсийн эцэст элэг бол бусдаас зээлээд, хувааж аваад сэлбэчихэж болдог эрхтэн, “яаааг” автомашины хуучирсан сэлбэг шиг гэж хэлэхээр зэхэж болох. Гэхдээ тэр шилжүүлэн авах элэг танд яг хэрэгтэй үедээ олдоно гэсэн баталгаа байхгүй, олдлоо ч яв цав таарч тохирно гэсэн найдвар байхгүй, тохирлоо ч хагалгааг хүн хийдэг учраас үр дүн зуун хувь төгс байх итгэл байхгүй, үр дүн сайн гарлаа ч үр хүүхэд, гэр бүлийн чинь хуруу хумсаа хуйхлан байж цуглуулсан хөрөнгө зоорь үрэгдэж дуусахгүй гэдэг эргэлзээтэй.

Харин...

Харин үүнийг уншиж дуусаад, яг одоо та нүдээ аньж, хэсэг суугаад бие тань ямар нэг дохио, тэмдэг илэрхийлсэн эсэхийг бод, хаа нэг газартаа “дуу орчихсон” байх вий. Ингэснээрээ юу ч олж илрүүлээгүй байлаа ч мэргэжлийн “засварчинд” заавал хандаж эмнэлэг бараадаж, наанадаж цусны шинжилгээ өгөөд үзээрэй. Хариу нь сайн гарна гэдэгт таны төлөө би залбирах болно. Огт асуудалгүй “шинэ тэрэг” шиг “ОК” хариу гарвал сайн хэрэг боловч дараа жил дахиад “үзлэгт ороорой” гэж зөвлөе. Харин ямар нэг өвчний анхан шатны шинж тэмдэг илэрвэл даруй эмчилгээндээ орж, эрт дээр нь биеэ тэнхрүүлэхийг хүсье. Эд эрхтнээсээ илүү машиныхаа эд ангийг илүүд үзэж, “нүдээ анин” тэсч ирсэн хүн байхгүй гэдэгт итгэмээр байна.

Ямар ч өвчнийг эрт илрүүлбэл бүрэн эдгэрэх, илүү урт наслах боломж бий. Ялангуяа чимээгүй тахал гэгдэх хортой, хоргүй хавдрын тухайд.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top