С.Дуламсүрэн: Цагдаа болон иргэдийн хоорондын итгэлцэл чухал

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвөөс анх удаа "Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөр"-ийг өчигдөр зохион байгууллаа. Арга хэмжээний талаар тус төвийн арга зүйч, Цагдаагийн хошууч С.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Энэхүү арга хэмжээний гол зорилго юу вэ?

-Хууль зүйн яамны салбарын шинэчлэлийн хүрээнд ЦЕГ-ын даргын тушаалаар манай олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв байгуулагдсан. Манай төвийн үйл ажиллагааны чиг үүрэг бол нийтийн хэв журмыг хамгаалах болон гэмт хэргээс сэргийлэх ажлыг иргэд болоод олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг оролцоонд тулгуурлан хамтран зохион байгуулах, мөн хууль суртчилах үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Өнөөдрийн үйл ажиллагааны хувьд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлыг иргэд олон нийтэд тайлагнах, нийтийн хэв журам хамгаалах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай оролцдог иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг урамшуулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

-Хамтран ажилладаг иргэд, байгуулагыг урамшуулна гэсэн. Ер нь хамтран ажилласан иргэд албан байгууллагыг урамшуулна гэсэн тодорхой зүйл байдаг уу?

-Ерөнхийдөө бол гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулинд энэ тухай заасан байдаг. Гэхдээ яг хамтарч ажилласан тохиолдолд тийм урамшуулал олгоно гэсэн тодорхой зүйл байхгүй. Тиймээс иргэд олон нийттэй хамтарч ажиллахад урамшуулах тодорхой заалт оруулах шаардлагатай гэж бид үзэж байгаа. Өнөөдрийн тухайд бид хоёр иргэн, хоёр албан байгууллагад урамшуулал олголоо. Нэг нь Да хүрээ зах дээр маш олон жил өөрийнхөө хүсэлтээр ажиллаж байгаа Чулуунбаатар гэдэг хүн байгаа. Улсаас ямар нэгэн урамшуулал авдаггүй мөртлөө маш идэвхитэй ажилладаг. Чулуунбаатар гуайг Да хүрээ зах дээр ажиллах үед ямар нэгэн зөрчил, хэрүүл маргаан үүсдэггүй, нийгмийн хэв журам сайн сахигддаг. Зарим тохиолдлоор ажиллахгүй байх үед тухайн захын орчин нөхцөл өөр байдаг гэж захын хүмүүс ярьж байсан юм.

-Гадны оронд ийм төрлийн ажил хэр зохиогддог юм бол. Иргэд, олон нийттэй хамтран ажиллахад анхаарах гол зүйл нь юу вэ?

-Ер нь гадны орны туршлагаас харахад иргэдтэйгээ хамтран ажилласан улс орны цагдаагийн байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн амжилт олсон байдаг. Үүнийг өөрийн эх орондоо хэрэгжүүлэх үүднээс иргэд, олон нийттэйгээ итгэлцэн, түншилцэх нь маш их ач холбогдолтой юм. Хамтран ажиллахад хамгийн түлхэц болж өгөх зүйл нь юу байдаг гэхээр харилцан ойлголцол, итгэлцэл байдаг. Мөн иргэдийн иргэний үүргээ биелүүлэх ухамсар бол маш чухал. Сүүлийн жилүүдэд манай иргэдийн ухамсар, иргэний үүргээ биелүүлэх байдал өмнөх үеэс дээшилж байгаад манай хамт олон их сайшаалтай байгаа. Тиймээс иргэддээ хувь хүн бүр өөрийн чадах зүйлсийг хийж, нийгмийн сайн сайхны төлөө зориулах нь чухал шүү гэдгийг л хэлье.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top