Гэрээсээ дайжсан 70 хүүхдийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн гаргасан захирамжийн дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран хараа хяналтгүй яваа болон гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд төвийн зургаан дүүргийн гудамж, зах, орц, хонгил, хоолны газар, кино театр, РС тоглоомын газар болон эрсдэл өндөр газруудад хараа хяналтгүй явдаг, гар дээрээс жижиглэн худалдаа эрхэлж, зах, олон нийтийн газар гуйлга гуйдаг 18 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулсан байна.

Энэхүү арга хэмжээгээр зургаан дүүргээс эрэгтэй 67, эмэгтэй гурав нийт 70  хараа хяналтгүй хүүхдийг илрүүлсэн байна.  Эдгээрээс 32 хүүхдийг асран хамгаалагч, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн бол гурван хүүхдийг “Өнөр бүл”-д,  гурван хүүхдийг ДЗОУБ-ын Родем төвд, 14 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт, 11 хүүхдийг Өнөр бүл-2 хамгааллын төвд шилжүүлжээ. Үүнээс есөн хүүхэд оргон зугатсан аж.

Эдгээр 70 хүүхдийн хараа хяналтгүй явдаг шалтгааныг мэргэжлийн байгууллагынхан судалж үзэхэд, хүчирхийлэлд өртсөний улмаас-19, хойд эцэг эхийн дарамтаас-тав, бие махбодийн хүчирхийллээс-зургаа, бусдад уруу татагдсан-зургаа, хоол хүнсний хомсдолоос-долоо, ядуурал-10, өөрийн сонирхлоор-долоо, орон гэргүйгээс-долоо, нэг хүүхэд асрамжийн төвийн дарамтаас болж гэр орноосоо дайжсан байна.

Хүүхдүүд хараа хяналтгүй явж байгаа нь ажилгүйдэл, архидалт, ядуурал, хүчирхийлэл, эцэг эхийн хайр халамж, анхаарал болгоомжгүй үйлдэлтэй шууд холбоотой. Тиймээс  эцэг эх, асран хамгаалагчид үүрэг хариуцлагаа  биелүүлж, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж,  хүүхдийг хараа хяналтгүй болохоос урьдчилан сэргийлэх ажлыг салбар бүрийн оролцоотой, урт хугацаанд тогтвортой төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг уг арга хэмжээг зохион байгуулагчид онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top