Оюутны 70 мянгыг ирэх сард олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 13

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хүрээнд оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгодог. Энэ жилийн хувьд Сургалтын төрийн сангийнхан  оюуны үндэсний тэтгэлгийн бүртгэл өнгөрсөн есдүгээр сараас эхлэн үргэлжилж байгаа учраас арванхоёрдугаар сард улирлаар нь олгоно гэж мэдээллээ.

 Эдийн засгийн байдалтай холбоотойгоор энэ оны эхээр Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан.

Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөж оюутны  үндэсний тэтгэлгийг олгохоор болсон юм. Үүнд, үндэсний тэтгэлэгт  баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж заасан.

Харин урамшууллын тэтгэлэгийн тухайд  50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.

Оюутны үндэсний тэтгэлгийн зардалд улсын төсөвт жилд 100 гаруй тэрбум төгрөг тусгагддаг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top