“Хямсгар” арьсныхаа занг яаж олох вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 29

Жаахан л хурц үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэчихээр биржийж улайдаг, өчүүхэн төдий тослог лосьон хэрэглэмэгц батга гараад эхэлдэг, эсвэл хуурайшиж зовоодог зөрүүд арьсны чинь тухай энд ярих гэж байна.

Бидний арьс төрөлхийн гадны нөлөөллөөс хамгаалсан давхрагатай. Гэвч эмзэгшсэн, мэдрэмтгий арьсанд энэ давхрага нь байхгүй болсноос шалтгаалан янз бүрийн гадны нөлөөнд өртөмхий болсон байдаг. Гэхдээ энэ давхаргыг ахин бий болгож болдог бөгөөд үүний тулд арьсандаа чийгшлийг сайн өгч, хүчил шүлтийг нь тэнцвэржүүлэх нь чухал юм. Энэ нь ч гэсэн гадны нөлөөлөл, бохирдлоос арьсыг хамгаалж байдаг. Арьсанд хамгийн чухал зүйл бол чийгшил. Чийгшил сайн бол эмзэгшихгүй, үрчлээ суухгүй, үрэвсэл үүсэхгүй байх боломжтой. Арьсыг эмзэгшүүлэхгүйн тулд арьсандаа тохирсон зөв бүтээгдэхүүн сонгож байх нь мэдээж чухал.

Би эмзэг арьстай гэдгээ хэрхэн мэдэх вэ?
Чиний арьс л чамд хэлээд өгнө. Эмзэг арьс нь тодорхой нэг гоо сайхны бүтээгдэхүүн, найрлагад маш хурдан хариу урвал өгдөг. Зарим улайлт нь хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалсан байх нь ч бий. Батгашил, халуу оргих, улайх, хуурайших,таталдах, уян хатан биш байх зэрэг шинж тэмдгүүд мэдрэгдэж байвал эмзэгшиж байна гэж үзэж болно. Мэргэжлийн хүмүүст хандах цаг нь болжээ.


Нарнаас хамгаалах тосыг хэрэглэж байх нь зүйтэй. Гэхдээ авахаасаа өмнө цэвэр арьсандаа түрхэж үзэж сонгох хэрэгтэй. Хурц үнэр, ланолингүй байхыг анхаараарай.

Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо юунд нь анхаарах вэ?
Будагч бодис болон сүрчигний найрлагүй байхыг харж байх нь чухал. Химийн найрлагатай тосны оронд байгалийн гаралтай тос хэрэлэвэл сайн.

Харин батгашил ихтэй бол?
Гадуур ихэвчлэн худалдаалагддаг үрэвсэл, батганы эмчилгээний бүтээгдэхүүнүүд нь эмзэг арьсанд маш халгаатай байдаг. Өөрт тохирох бүтээгдэхүүнийг сонгохын тулд маш их эрэл хайгуул хийх хэрэгтэй. Түрхэж үзээд хариу нөлөө багатай зөөлөн, удаахан эмчлэх бүтээгдэхүүнийг л сонгоорой. Батгыг тэр дор нь хатаадаг бүтээгдэхүүнүүд ихэвчлэн спрт, салицилийн хүчил өндөртэй байдаг учраас эмзэг арьсыг түлдэг.

Улайлттай, батгатай арьсныхаа өөг хэрхэн дарах вэ?
Ихэнх гоо сайхны нэртэй компаниуд эмзэг арьсанд тусгайлан зориулсан өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүд гаргадаг. Ерөнхийдөө үнэргүй, будагч бодис багатайг л сонгох нь зүйтэй. Тухайн бүтээгдэхүүн нь шар эсвэл ногоон суурьтай байвал улайсан, батгашсан хэсгийн өөг сайн дарах боломжтой. Харин улбар гар суурьтай бол илүү улайлгах талтай байдаг.

Гуужуулах хэрэгтэй юу?
Арьс хуурайшаад, холцруутаад байгаа үед шууд гуужуулаад авчихмаар санагддаг. Гэхдээ энэ нь арьсыг улам эмзэгшүүлдэг аюултай. Тийм учраас аль болох чийгшил сайн өгч хуурайгуулахгүй байх тал дээр л анхаарвал зохино.

Зуун наст, алтан товч зэрэг ургамалууд эмзэг, хуурайшсан арьсанд маш сайн нөлөө үзүүлдэг. Зуун наст бол байгаль дахь үрчлээний эсрэг бүтээгдэхүүн юм шүү. Харин чидуун жимсний тос нь хуурай арьсанд их сайн. Тийм учраас зуун наст, алтан товчийн хандаар арьсаа шавшиж, чидуун жимсний тосоор орой унтахын өмнө иллэг хийж өгч байгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top