24.000 гаруй оюутан, залуус цагийн ажилд зуучлагдан 412 сая төгрөгний цалин авчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээс өнгөрсөн 3 жил гаруйн хугацаанд хэрэгжүүлж байгаа "ЦАГИЙН АЖИЛ" төслийн хүрээнд 24.000 гаруй оюутан залуучууд цагийн ажилд зуучлагджээ. Үүнд хийсэн тооцоо судалгаагаар залуучууд нийт давхардсан тоогоор 412 сая төгрөгний цалин авчээ. Энэхүү тоо баримт нь Монголд цагийн ажил хөгжих боломжтойг бэлхэнээ харуулж байгаа хэрэг гэж залуус үзсэн байна.

Харин цагийн ажлыг цаашид хөгжүүлэх, зуучлалын системийг боловсронгуй болгох, эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа учир "ЦАГИЙН АЖИЛ МОНГОЛД" хэлэлцүүлгийг өчигдөр буюу аравдугаар сарын 27-нд зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт Сингапур, Тайланд, Энэтхэг, АНУ, Япон, Орос, Солонгос, Франц, Хятад, Монгол зэрэг улсуудад цагийн ажил эрхэлж байсан залуучууд болон Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучууд холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. Уулзалтаар цагийн ажлын тухай туршлага солилцож, эрх зүйн зохицуулалт болоод төрөөс оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар хэлэлцжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болоод, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас одоо хэрэгжиж буй цагийн ажлын хуулийн талаар болон оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны тухай илтгэл хэлэлцүүлж, цаашид Хөдөлмөрийн хуулийн заалтанд цагийн ажлын талаар шинэ заалт оруулахаар болсон байна. Мөн  Сингапур, Тайланд орнуудын туршлага болох суралцах хугацаандаа мэргэжлийнхээ дагуу ажиллаад цалинждаг системийг "Дадлагажих" хөтөлбөр болгон Монголд хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзжээ. Засгийн газраас батлан, шинээр хэрэгжүүлэх "Орлоготой оюутан" хөтөлбөрийг Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн "Цагийн ажил" төслийн туршлагаар хэрэгжүүлж, "Цагийн ажилтны дэвтэр"-ийг оюутны хөдөлмөр эрхлэлтийн карт болгох нь үр дүнтэй гэж үзэн хэрэгжүүлэхээр болсон байна..

Хэлэлцүүлгээр цаашид цагийн ажлын талаар баримтлах бодлогыг тодорхойлон гаргасан юм. Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж тус хэлэлцүүлгийг цаашид өргөн хүрээнд буюу Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хувийн хөдөлмөрийн биржүүдийн дунд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top