Адуу газар малтаж, хойд хөлөөрөө хэвлийгээ өшиглөөд байвал түгжирсэний шинж

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 05

Тод манлай уяач Д.Онон хийгээд ардын уламжлалт эмчилгээг дээдлэгсдийн гарын авлага болсон “Хятад мал эмнэлгийн онолын суурь, зүү төөнөлөг” номноос цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Би энэ удаа өвчнийг магадлан тогтоох дорно дахины дөрвөн чухал аргын нэг ажиглаж шинжлэх аргын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Дорно дахины анагаах ухаанд үзэх, сонсох, асуух, тэмтрэх зэргийг дөрвөн шинжилгээ хэмээн үздэг. Өвчнийг зөв оновчтойгоор магадлан тогтоох болон сэргийлэн засахад дээрх аргууд тун чухал юм. Хятадын мал эмнэлэг дэх дөрвөн шинжилгээний арга бол арга, билиг, цул сав, гүйдэл, судал, хий цус, шим, биеийн шингэн зэргийг суурь болгож судлан хураангуйлаад шаарыг нь хаяж, шимийг үлдээн, хуурамчийг хаяж, үнэнийг нь үлдээн өвчний байдлыг магадлан, ялган таньж эмчлэн засахад найдвартай үндсэн баримт болгодог аж. Дорнын мал эмнэлгийн онолоор малын бие нэгэн бүрэн бүтэн цогцос бөгөөд өвчилсний дараа зарим өвчилсөн цул сав буюу хэсэгт өвчний хувиралт илрэхээр барахгүй, бусад арвин өвчний хувиралт гарна хэмээн үздэг гэнэ. Жишээлбэл: элэгний сүв нүдэнд нээгдэнэ. Нүд нь улайж хавдах, нулимс гоожих нь гол төлөв элэгний халууны илрэл. Түүнээс бусад дэлүү, уушги, бөөр зэрэг цул эрхтэн өвчлөхөд хүрвэл мөн адилаар өвчний хувиралт гарна. Үүнийг дотор гэм гадна илрэл гэдэг байна. 

Адуу: Эрүүл адуу бол толгойгоо сунгаж хөдлөлгүйгээр нэлээд удтал зогсох бөгөөд хойд хоёр хөлөөрөө ээлжлэн амардаг. Заримдаа хэвтэж хүн амьтан ойртмогц түргэн босно. Хэрэв өвчилбөл янз бүрийн шинж байдал илэрнэ. Жишээлбэл: чих нь соотойж, сүүл нь годойж, шүд нь зуурч, шүлс нь гоожиж, гуравдугаар зовхи нь цухуйж байвал зогсоо өвчин. Гэдэс нь өвдөх, тогтворгүй болох, газар малтаж, хойд хөлөөрөө хэвлийгээ өшиглөх ба баахад /дүлэх/ хүчдэж байвал түгжирсэний тэмдэг. Хатгалтын шинж нь гэнэт зогсож хамраас нь сэвс гоожиж, амьсгаадах, чичирч дагжих ба их хөлөрвөл гэдэс ходоод хагарсны тэмдэг. Үргэлж хатгалгын шинж үзүүлж, хэвлий уруугаа харах ба гэдэс нь өвдөж хоржигнож шингэнээр баавал гэдэсний татагналт, бүх бие нь чичирч, тос шиг хөлс гарч тантар, төнтөр алхаж халуун хийгээр амьсгалж байвал наршсаны тэмдэг. Хүзүү толгойгоо сунгаж, идээ шиг нус гоожих, тэжээл ус залгихад хүчдэх, тасралтгүй ханиах, эрүүний булчирхай хушгын чинээ болон хавдан хатуурах бол багалзуур төвөнхийн үрэвсэл, сахуу, төвөнхийн усан хаван болно. Хүзүү толгойгоо сунгаж, хөдөлж бөхийхөд хүчдэж, нуруу нь хөшүүн байвал хүзүүний хэрлэг болно.

“Юань улсын адуу эмнэх хураамж”-д адуу луусыг өвчилсний дараах хөдөлгөөний хэлбэр дүрсний хувиралтыг нарийн тодорхой тэмдэглэсэн байна. Энэ нь өвчнийг шинжилж тодотгоход чухал ач холбогдолтой. Үүнд: “шүдээ зуурч, толгойгоо унжийлгавал зүрхэнд эмзэгтэй, амьсгаа нь тэнцвэргүй бол уушгинд эмзэгтэй, олон дахин хөрвөөж байвал дэлүүний цор, шүлс гоожуулж байвал цөсөнд эмзэгтэй, сөгдөж өвчүүгээ хазаж байвал гэдэсний түгжралт, оцойж шээх маяг олон үзүүлбэл давсганд эмзэгтэй, тонгочих буюу туйварч байвал гүйдэл судалд эмзэгтэй, гэдэс хоржигнож баас алдвал гэдэсний татагнал” гэж аль нэг гүйдэл судал, цус савд эмзэгтэй байхыг дурдаж гаргасан бөгөөд эмзэглэж байх шинж чанарыг ч тодотгожээ. Мөн түүнчлэн “сүүлээ годойлговол бүдүүн гэдсэнд эмзэгтэй, сүүлээ муруйлгавал нарийн гэдсэнд эмзэгтэй, шээс шивэрвэл давсганд эмзэгтэй, хэвтээд босохгүй бол яс шөрмөсөнд эмзэгтэй” гэсэн нь эмзэглэх байрыг ялгаж танихад нь чухал билээ. Энэхүү “адуу эмнэх хураамжийн, доголон өвчний тухай өгүүлэл”-д “доголохдоо толгойгоо өргөвөл, гэм нь далны хэсэгт буй, доголохдоо толгойгоо хазайлгавал гэм нь богтост буй, доголохдоо толгойгоо бөхийлгөвөл гэм нь сагагны доод хонхорт буй, урд хөлөө хөдөлгөхөд хүчирдвэл гэм нь атгаанд буй, өлмийгөөрөө гишгэвэл гэм нь шилбэний ясанд буй, уруу буухаас халширвал гэм нь цээжинд буй, хатуу замаар явахаас халширвал улдсаны тэмдэг” гэж тэмдэглэсэн нь доголох өвчнийг шинжлэхэд ихээхэн хэрэглэгдэж байна.

Адуу луусны гадар байдлаар өвчний хүнд, хөнгөн, аюултай эсэхийг ялгаж болно. Жишээлбэл: цог сүлд нь сул дорой, амьсгаадах нь сул доор бол аюултай, явахдаа гуйвж амаа ангайн амьсгалж байвал аюултай, олон дахин хөрвөөж байснаа гэнэт зогсвол аюултай /дотор эрхтэн хагарах/, хөлрөх нь зогсохгүй бол зүрхэнд аюултай, хамарнаас сэвс гоожвол аминд аюултай /ходоодны хурц тэлэлт буюу ходоод хагарах/ байхын шинж тэмдэг болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ooooooo(202.179.31.79) 2017 оны 01 сарын 05

Aduu haluuldah gej yaridag

0  |  0
Top