Төрийн дээд одон медалиар шагналаа

2017 оны 02 сарын 24

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр 130 хүнийг төрийн одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулан өгсөн юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Та бүхэн өөрсдийн эрхэлсэн салбартаа бусдыгаа тэргүүлж төр засгаараа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнагдаж байгаад баяр хүргэе. Энэ шагнал та бүгдийн цаашдын ажил хөдөлмөрт тань эрч хүч, урам зориг өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Эрхэм та бүхэнд удахгүй гарах гэж буй алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.  

Сар шинийн босгон дээр СХД-ийн тавдугаар хорооны өндөр настан С.Алтанцэцэг, ЧД-ийн ОСНААУГ-ын Ерөнхий инженер М.Дашзэвэг нарын 23 хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, ЧД-ийн 19-р хорооны өндөр настан Н.Чулуунбаатар, Үндэсний үнэт цаас ХХК-ийн хуульч Д.Балдандүгэр нарын найман хүн Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, ХУД-ийн долоодугаар хорооны иргэн өндөр настан Д.Буянравжих, БЗД-ийн 48-р сургуулийн багш Б.Эрдэнэчимэг нарын 67 хүн Алтан гадас одонгоор, Батдалай ХХК-ийн ажилтан Ц.Манал, ХУД-ийн есдүгээр хорооны иргэн өндөр настан Ё.Цэдэнбал нарын дөрвөн хүн Цэргийн гавьяаны одонгоор, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын мэргэжилтэн Н.Оюунцэрэн, ЧД-ийн 16-р хорооны иргэн өндөр настан А.Эрдэнэбаатар нарын 29 хүн Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уулын ТӨМӨР(103.229.123.251) 2017 оны 02 сарын 24

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар одон медалиар шагнагдсан хүмүүст тэр одон мелалийг нь өөрийнхөө карманаас өгч байгаа юм шиг царайлсан хурган дарганцаруудаа гэж...Ичих булчирхай нь илжирчихсэн томилгооны хувалзууд...мөнч өрөвдөлтэй харагдах юмдаа. Хийж бүтээснээрээ бахархах үйлстэй шагналын эздэд баяр хургэе!

0  |  0
Top