Хуульч, эдийн засагчид хамтран хөгжиж байна

2017 оны 03 сарын 17

Хууль, эдийн засгийг улс нийгмийн хоёр гол багана гэлцдэг. Амьдрал дээр хууль, эдийн засгийг салгаж авч үзэх боломжгүй. Шинжлэх ухааны түвшинд 1950-иад оноос "эрх зүй ба эдийн засаг” гэсэн салбар дундын ухаан бүрэлдэж, дэлхий нийт энэ салбарын үр шимийг хүртэж байна.

Харин манай улс сайн эрх зүйн орчин, хараат бус шүүхгүйгээр эдийн засгийг хөгжүүлэх, мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх бололцоогүй, мөн эдийн засгийн тогтолцооны дэмжлэггүйгээр ямар ч хууль үл гүйцэлдэх зүйл болж, хууль засаглах ёсонд сэв суулгадаг гэдгийг сайтар ойлгоогүй явж байна.

Энэ орон зайг нөхөх үүднээс "Хуульч-эдийн засагчдийн нэгдсэн клуб”-ыг Монголд анх удаа хоёр салбарын судлаач, мэргэжилтнүүд 2017 оны 2 дугаар сард байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус клубийг санаачлагч, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж "хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцох, энэ чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, цаашдаа хууль-эдийн засгийн судалгааны шинэ чиглэлийг манай улсад хөгжүүлэхэд клубийн гол үйл ажиллагаа чиглэгдэхийг” нээлтийн үеэр онцолсон билээ.

2017 оны 3-р сарын 16-ны өдөр болсон клубийн 2 дахь удаагийн уулзалтыг Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг нээсэн бол клубийн гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хууль, эдийн засгийн харилцан уялдаа, манай улсад тулгамдаж буй асуудлаар гишүүдийн дунд чөлөөт ярилцлага хийж, харилцан туршлага солилцлоо.

Цаашид клуб сар бүр манай улсад тулгамдаж буй асуудал, эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн илтгэл хэлэлцүүлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулна.

Хуульч, эдийн засагчид хамтран хөгжиж байна

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
411(103.11.195.34) 2017 оны 03 сарын 17

Амжилт хүсье

0  |  0
Top