“Эв түнжинтэй салалт”

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 20

Европын Холбоо болон Их Британи “brexit”-ийг албан ёсоор хэлэлцэж эхэллээ. Британи улс Европын Холбооноос гарахад 7000 орчим асуудлыг зохицуулах хэрэгтэй байгаа аж. Гэсэн ч Ерөнхий сайд, “төмөр хатагтай” гэгдэж байгаа Тереза Мэйн хатуу байр суурь юунд ч ганхахгүй бололтой гэж ажиглагчид дүгнэж байна. Европын Холбооны төлөөлөгч нарыг ч айлгаж дөнгөж байгаа Т.Мэйн нэр хүнд Британидаа харин унах болжээ.

Нэгдсэн вант улсад болж байгаа эмгэнэлт үйл явдал болон парламентын сонгуулийн үр дүнгээс болж Тереза Мэйн рейтинг унаж байна. Хэдхэн хоногийн өмнө Лондоны Гренфелл цамхаг шатаж, олон хүн амиа алдсан эмгэнэлт хэргийн дараа Т.Мэйг эсэргүүцсэн иргэд жагссан билээ. Улс төрийн өрсөлдөгч нар нь үүнийг мэдээж ашиглахаар яарч байгаа. Ерөнхий сайдын байр суурь унаж байгаа нь Их Британи улс Европын Холбооноос гарах үйл явцад хэрхэн нөлөөлөх бол.

Британи улс энэ холбооноос гарахад паспорт, худалдаа наймаа, аюулгүй байдал, хил, хөдөө аж ахуйн асуудал зэрэг зохицуулах ёстой 7000 зүйл хүлээж байна. Харин Тереза Мэй “Европын холбооноос гарна гэсэн бол гарна. Биднийг энэ замд амжилт хүлээж байна” гэж удаа дараа мэдэгдсэн билээ.

Харин жилийн өмнө британичуудын шийдвэрт гайхаж байсан Европын Холбоо Британийг шийдвэрээ цуцлаасай гэж хүсч байна. Европын комиссын дарга Доналд Туск болон Британи ЕХ-ноос гарах болсноор энэ холбоонд чухал байр суурь эзлэх болсон Франц улс ч ийм байр суурийг илэрхийллээ. “Британичууд Европын Холбоондоо байж, урт удаан, жаргалтай амьдрах ёстой” гэж Европын комиссын дарга Доналд Туск хэлсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Британичуудад шийдвэрээ эргэн харах боломж байна” гэж Т.Мэйтэй Парист уулзаад хэвлэлийн хурал хийхдээ хэлсэн юм.

“Вrexit”-ийг сүйрэл гэж нэрлэж байгаа судлаачид британичуудын энэ шийдвэр эдийн засгийг нь удаашруулсан гэж үздэг. Нэгдсэн Вант Улсын Сангийн сайд Филип Хэммонд “Бид тодорхойгүй нөхцөл байдалд орлоо. Энэхүү хүчин зүйл нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна гэж олон улсын шинжээчид үзэж байна. Бид үүнийг анхааралдаа авч, төлөвлөгөөтэй ажиллах ёстой” гэсэн удаа бий. Мөн Шотландын удирдлагууд Тереза Мэйн Засгийн газрын ажил удааширсан байдалтай болсныг шүүмжилдэг. Британи улс Европын хамтрагчидтайгаа ашигтай хэлэлцээрт хүрч чадахгүй байгаа бололтой. Ойрын хоёр жилдээ л эдийн засаг нь ихээхэн тогтворгүй байх учир үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэйг Сангийн сайд хэлж байна.

ЕХ-ноос гарах хэлэлцээр улсыг нь хүндхэн байдалд оруулж мэдэх ч эхнээсээ баримталсан байр сууринаасаа ухарч болохгүй гэж Ерөнхий сайд Тереза Мэй зүтгэсээр. “Вrexit” нь Их Британийн гадаад бодлого болон эдийн засагт том өөрчлөлт авчрахын зэрэгцээ Европын Холбоог ч багагүй түгшээж буй.

“Вrexit” нь хуулийн дагуу хоёр жил үргэлжилнэ. Тереза Мэй энэ үйл явцыг Их Британийн эдийн засагт хохирол багатайгаар явуулахаа амлаж буй. Түүнчлэн Британи улс Европын Холбооноос гарсан ч хоорондын харилцаагаа хэвийн үргэлжлүүлэхийг зорьж байна.

Их Британи улс Европын Холбооноос гарах болсноор үүсээд байгаа сөрөг үр дагаврууд:

-Британийн араас Грек, Франц тэргүүтэй улс Европын Холбооноос тусгаарлах хүсэлтэй байна. Холбооны бусад гишүүд нь тэднийг дагалдах магадлалтай байгаа нь ЕХ-г сандаргаж байна.

-Англи хэл байр сууриа алдаж, франц хэл ЕХ-нд хүчээ бэхжүүлнэ.

-Британи дахь Европын улсуудын иргэд, ЕХ дахь британичууд хаана амьдрах эрхээ өөрсдөө сонгоно гэж Т.Мэй хэлж байгаа ч иргэншлийн асуудал ярвигтай аж.

-Их Британи 800 мянга гаруй ажлын байраа алдана.

-Британид төвтэй том компаниуд үйл ажиллагаагаа өөр улс руу шилжүүлж магадгүй.

-Британи улсын өрсөлдөх чадвар болон бизнес эрхлэх нөхцөл өөрчлөгдөнө.

-Холбооны гишүүн 27 улстай худалдааны маш ашигтай гэрээ хийх хэрэгтэй.

 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(66.181.179.71) 2017 оны 06 сарын 20

german ulsiin noyrholiig unagaah heregteu

0  |  0
Top