ШЕЗ-ийн Ажлын албаны хагас жилийн тайланг хэлэлцлээ

2017 оны 07 сарын 03

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны 2017 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайланг өнгөрсөн баасан гаригт (2017.06.30) "Баяндөхөм” сургалтын төвд хэлэлцлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, В.Оюумаа, Ажлын албаны нийт бүрэлдэхүүн оролцсон тайлангийн хурлыг Гүйцэтгэх нарийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан удирдаж, нэгжийн удирдлагууд хагас жилийн ажлаа тайлагнасан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан чиг үүрэг, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хагас жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнасны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд нэгжийн удирдлагуудаас асуулт асууж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Тухайлбал, нэр хүндээ хамгаалуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хэдэн шүүгч хандсан, "Шүүгч сонгон шалгаруулах журам”-д заасан "Бэлтгэл сургалт”-ын бэлтгэл хэр хангагдаж байгаа талаар гишүүд тодруулж асуусан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны хагас жилийн тайланг хэлэлцлээ

    Тайлангийн хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан хэлсэн үгэндээ "Ажлын албаныхан их сургуулийн нэг ангийнхан мэт сэтгэгдэл төрүүллээ. Ийм шижигнэсэн залуу боловсон хүчин шүүхийн шинэтгэлд тус болохуйц бодол санаа, төлөвлөгөөгөө Шүүхийн ерөнхий зөвлөлөөр хэлэлцүүлэх бүрэн боломжтой.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг орон нутгийн шүүгчид сайн ойлгодоггүй. Үүрэг даалгавар өгдөг, ажил чиглүүлдэг байгууллага гэсэн ойлголттой байдаг. Шүүгчдийг хамгаалдаг, ажиллах нөхцөлийг нь хангадаг байгууллага гэж ойлгуулахад Ажлын алба санаачилга гаргаж ажиллах нь зүйтэй.

Шүүхийн шинэтгэлийн үр дүн гарч байгаа. Орон нутгийн болон дүүргийн шүүхэд ажиллаж байгаа төрийн захиргааны ажилтнууд, шүүгчийн туслахуудын зан харилцаа доголдолтой байгааг хүмүүс хэлдэг, анхааруулдаг. Үүнээс болж шүүхийн шинэтгэлд сэв суулгамааргүй байна. Тиймээс шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлагад анхаараасай гэж хүсч байна” гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хагас жилийн тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Top