Трамп: Путинд маш их баярлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дипломат ажилтнуудыг нь Оросоос гаргасанд Путинд талархаж байгаагаа илэрхийллээ. Америкийн 755 дипломатыг гаргасан нь тус улсад төрийн ажилтнууддаа гаргадаг зардлаа багасгах боломж өглөө гэж Трамп үзэж байгаа аж. Харин Төрийн департаментынхан нь Ерөнхийлөгчийнхөө байр суурь, мэдэгдлийг шүүмжилсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны ярьснаар, тус улс дахь Оросын дөрвөн Консулын газрын нэгийг нь хаах аж. Оросын эсрэг авсан шинэ хориг арга хэмжээнийх нь хариуд Путин ОХУ дахь АНУ-ын дипломат ажилтнуудын тоог цөөлсөн билээ. Үүний дараа Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон ОХУ-д ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд хариуг нь барина гэж мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Трамп чив чимээгүй байсан юм. Тэгвэл өчигдөр тэрбээр ам нээж “Би Путинд маш их талархаж байна. Манай улсын зарлага багаслаа. Бид дипломат ажилтнууддаа гаргадаг зардлаа багасгахыг хичээдэг. ОХУ-ын Ерөнхийлөгч бидэнд үүнийгээ хэрэгжүүлэхэд тусаллаа. ОХУ-аас ирсэн дипломатуудаа эргүүлэн буцаах ямар ч үндэслэл алга” гэжээ. Трамп ОХУ-тай дайсагнах хүсэлгүй байгаа аж. Тэрбээр хоригийн хариуд хориг тавих ямар ч бодолгүй байгаагаа хэлсэн бол АНУ-ын Конгресс Орост хариу барихаар төлөвлөж байна. Үүнд нь ирэх есдүгээр сарын нэгнээс АНУ дахь Оросын гол Консулын газрыг нь хаах арга хэмжээ орж байгаа бололтой. Энэ талаар ОХУ-ын “Коммерсантъ” сонин дипломат албаны эх сурвалжаас үндэслэн мэдээлсэн байна.

Ийнхүү АНУ-ын дотоодод санал зөрөлдөөн үүсээд байгаа юм. Оросын эсрэг яаран хориг тавьж, хоёрын улсын харилцаанд сэв суулгасан Конгресстоо сэтгэл дундуур байгаа Трамп Путинд талархсан мэдэгдэл хийсэн нь түшмэдийнх нь дургүйцлийг төрүүлжээ. Магадгүй тэд Ерөнхийлөгчийгөө эсэргүүцсэндээ одоо л нөхцөл байдлыг түүний эсрэг ашиглахад эвтэйхэн боллоо. ОХУ-д тавих хоригтоо Трампаар гарын үсэг зуруулахаар шахсан эрх баригчдыг ажиглагчид Ерөнхийлөгчийгөө унагах алхамдаа хүрэхээр мэрийж байна гэж дүгнэсэн билээ. Дотооддоо санал зөрөлдсөнөөс болж угийн шулуухан Трамп ямар ч мэдэгдэл хийхэд бэлэн байгаа. Түүний болчимгүй үйлдлүүдийг нь огцруулах шалтгаан болгон ашиглаж, импичмент зарлах төлөвлөгөө ч АНУ-ын дотоодод нь байгааг судлаачид өгүүлдэг.

Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч Путин АНУ-ын зүгээс ирж байгаа бүх түрэмгийллийг улс төрийн дотоод тэмцэлтэй нь холбоотойг хэлдэг билээ. Трампыг чадах гэсэн бүлэг хүн түүнийг ОХУ-тай харилцаатай, сонгуульд ялахдаа тусламж авсан гэж буруутгаж байна гэж Путин хэлж байсан юм. Холбооны мөрдөн товчоо зөвхөн Трамп ч бус түүний хамтран ажиллагсад болон охин, хүргэнийг нь ОХУ-тай холбоотой гэж шалгаж буй.

Ямартай ч дэлхийн энэ хоёр том гүрний удирдагчид хоорондоо маргалдах хүсэл огт алга. Зөрчилдөөнөөс зайлсхийж, хамтран ажиллах хүсэлтэй байгаа тэдний энэ зорилгод нөлөөлөх гадны хүчин зүйл багагүй бий.

Гэхдээ сүүлийн хэд хоног АНУ Орост бус БНАСАУ-д анхаарлаа хандуулж байна. Тус улсын пуужингийн туршилтууд нь АНУ-ыг чиглэж байгаад бухимдсан Трамп дэлхий өмнө нь харж байгаагүй зүйл болно гэж Ким Жөн Уныг сүрдүүлсэн бол Ким дарга АНУ-ыг эсэргүүцэхэд улсынхаа бүх сүр хүчийг зориулна гэсэн юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд нь Хойд Солонгосыг устгана гэсэн утгатай мэдэгдэл хийж гал дээр тос нэмээд байгаа билээ.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )