“Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого, чиглэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2017 оны 09 сарын 04

Ерөнхийлөгчийн дэргэдэх  Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Тамгын газар,  Монголын  хүмүүнлэгийн үндэсний  хороо хамтран “Төрөөс хүмүүнлэгийн  талаар баримтлах бодлого, чиглэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр зохион  байгууллаа.

Хэлэлцүүлэгт  Ерөнхийлөгчийн хүмүүнлэгийн  бодлогын  орон  тооны бус  зөвлөх С.Пүрэвсүрэн Хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлого, цаашдын  зорилтын талаар илтгэл тавьж Монголын  хүмүүнлэгийн үндэсний хорооны үйл  ажиллагаа болон  туршлагын талаар танилцууллаа.

 Монгол Улс Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг  иргэний ардчилсан  нийгмийг цогцлоох” эрхэм зорилго  тавьсан боловч өнөө болтол хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлого, дэмжлэг туслалцаа үгүйлэгдсээр байна. Түүнчлэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг  нийгмийн  халамжтай хольж,  хутгаж ойлгодог талаар хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжилж байв.

Тиймээс  хүмүүнлэгийн  чиглэлээр төрөөс баримтлах нэгдсэн бодлого, чиглэлийг  боловсруулан бүх нийтийн  үйлс болгон хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.

Мөн үндэсний хэмжээний хүмүүнлэгийн сан байгуулан хандив тусламжийг нэгтгэн төвлөрүүлж хуваарилалт, хүргэлт, түгээлтийг зохицуулалтаар хангах, Хүмүүнлэгийн үйлс нийгмийн  найрсаг  харилцааг хангахад хэвлэл  мэдээллийн  оролцоог идэвхжүүлэх, хүүхэд  залуучуудын  дунд хүмүүнлэгийн  үйл  ажиллагаа, хүмүүжлийн ажлын  чанар үр дүнг сайжруулах  шаардлага тулгарч байгааг чухалчлав.

  Хэлэлцүүлэгт төр, захиргааны  байгууллагууд, Элчин  сайдын  яамдууд, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн  төлөөлөл оролцсон байна. Тухайлбал, БНХАУ, БНСУ-ын  Элчин  сайдын яам,  Норвегийн олон  улсын  хөгжлийн  төв, оюутан залуучуудын төлөөллүүд өөрийн орны хүмүүнлэгийн бодлого, үйл  ажиллагааны  туршлагаас хуваалцлаа. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top