”Ногоон байгууламжийн өвчин, хортонтой тэмцэх ажлыг сайжруулах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2017 оны 09 сарын 19

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааг улам сайжруулж шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авах зорилгоор ногоон байгууламжийн ажилбар бүрээр хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Ургамал хамгааллын хүрээлэн, Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Ургамлын өвчин судлалын лаборатори, Шавьж судлалын лаборатори, Ой хамгааллын лабораторийн эрдэмтэд болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн ач холбогдол нь тухайн чиглэлийн мэргэшсэн эрдэмтэн судлаачдыг судалгаа хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн цаашид хийх ажилд зөвлөмж гаргаж мэдээллийг нийтэд түгээх зорилготой юм.

Ургамал хамгааллын хүрээлэн нь 2013 оноос эхлэн Захирагчийн ажлын албатай хамтран ажиллаж байгаа бөгөөд 2017 онд Хотын төвийн 14 гудамж, цэцэрлэгийн 152000м2 талбайн 166876ш мод, бутны хортон шавьжийн устгал хийгдсэн байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид өнгөрсөн онуудад хийсэн ажлаа дүгнэж цаашид авах арга хэмжээний талаар судлаачид өөрсдийн байр суурийг илэрхийлж харилцан ярилцав.

Хэлэлцүүлгээс дараах зөвлөмжийг гаргав:

  1. Хортон шавьжийн тархалт нь тухайн жилийн цаг агаар орчны нөхцөлөөс шалтгаалдаг учраас тэмцлийн ажлын уялдуулж давтамж тоог нэмэгдүүлэх.
  2. Нийтийн эзэмшлийн талбайн хортон устгалыг нийтэд нь хамруулдаг байх. Аж ахуй нэгж албан байгууллага, зуслангийн бүсэд хортон шавьжийн хор нөлөөг ойлгуулж тэмцлийн ажлыг өргөн цар хүрээнд зохион байгуулах.
  3. Нийтийн эзэмшилд шар цаас, гэрлэн баригчийг суурилуулах, жилийн туршид судалгааны мэдээллийг авч шинжлэх ухааны байгууллагатай хамтран ажиллах.
  4. Навчит, шилмүүст модны модлогын хортон, бактери, вирусийн гаралтай өвчлөлтийн судалгааг хийлгэх. Хортон бүрийн биологийн тохиромжтой хугацаанд тэмцэх арга, стандартыг боловсруулж дагаж мөрдөх.
  5. Модлог ургамлын өвчлөлтийг багасгах хүрээнд зөв хэлбэржүүлэх, гол ишний хаталт явагдаж байгаа модны тоон мэдээллийг гаргах.
  6. Мөөгөнцрийн гаралтай өвчлөлтийг багасгах хүрээнд нутгийн овог Bacillus subtilus үйлдвэрлэх хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хамтран ажиллах.
  7. Шинээр таригдаж байгаа тарьц суулгацын өвчлөлт, стандартын шаардлага хангасан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх мэргэшсэн баг ажиллуулах.
  8. Ард иргэд, хот тохижилтын газарт, дүүрэгт ногоон байгууламжийн өвчин хортны тэмцлийн ажлыг сайжруулах сургалт зохион байгуулах, сурталчлах.
  9. Хотын ногоон байгууламжид бохирдолтыг шүүдэг нарс, арцны төрлийн ургамлыг ихээр тарималжуулах, шар хуайсны тарилтыг багасгах.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top