Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тамгаа гардан авлаа

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2017.10.19-ний нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 87.5 хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон Хавдисламын Баделхан өнөөдөр /2017.10.20/ Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяраас тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Засгийн газрын референт Д.Нямдэлгэр нар, УИХ-ын тогтоолыг уншиж, шинээр томилогдож буй Сайд Х.Баделханыг БХБЯ-ны хамт олонд танилцуулав. Энэ үеэр БХБ-ын Сайд асан Г.Мөнхбаяр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, хийхээр төлөвлөсөн зорилтот ажлуудаа нэгтгэн дүгнэснээ шинээр томилогдсон Сайдад хүлээлгэн өгч ажлын амжилт хүсэв.

Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Хавдисламын БАДЕЛХАН

Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын албан тушаалд томилуулах саналыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд гишүүдийн 87.5 хувийн саналаар дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Нэр дэвшигч Х.Баделхан 1971 онд Өлгий сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976 онд Политехникийн дээд сургууль, 1990 онд Москва хотын удирдлагын академийг тус тус төгссөн. Инженер, улс төр судлаач мэргэжилтэй.

Тэрбээр 1976 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженерээр ажлын гараагаа эхэлж, 1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга, 1990-1991 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-д төрийн байгуулалтын хэлтсийн дарга, 1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ийн захирал, 1994-2000 онд Зам, барилгын “Жол” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, 2012-2015 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байв. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2017.10.19-ний нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 87.5 хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон.

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )