”Аз жаргал төв”-өөс охид зөвлөгөө авна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 29
 Дорнод аймгийн төвд нэгэн шинэхэн төв үүд хаалгаа нээжээ. "Аз жаргал төв" нэртэй тус төвийн үйл ажиллагаа ЕБС-ийн өсвөр үеийн охидод нөхөн үржихүйн боловсрол олгож, зөвлөгөө мэдээлэл өгөн, үе тэнгийн сургагч багш нараар дамжуулан сургалт явуулахад чиглэгдэх аж.
 2016 онд Дорнод аймаг “Хүүхдээ сонсох өдөр”-ийг сар бүр зохион байгуулан тухайн үед хүүхдүүдээс гарсан санал санаачлагыг шат дараатай хэрэгжүүлж эхэлжээ. Дээрх санаачлагын үр дүнд охидод эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх “Аз жаргал төв” ийнхүү үүд хаалгаа нээжээ.   "Аз жаргал төв"-ийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 56 сая төгрөгөөр тохижуулжээ. Түүнчлэн, энэ онд орон нутгийн төсвөөс хүүхэд багачуудад зориулан 129 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгээд байна.
 Тус төвийн үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Дотно зөвлөгч төв”, үе тэнгийн сургагч багш “Y-peer” төв, Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Ирээдүйн босго” төвүүдийн идэвхтэн сурагчид, эмч, мэргэжилтнүүд хуваарийн дагуу хариуцан ажиллах юм. Төвийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Дорнод Засаг дарга М.Бадамсүрэн, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Хүүхдийн төлөө Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан зэрэг холбогдох агентлагийн мэргэжилтнүүд, баг, сургуулийн  нийгмийн ажилтнууд оролцон баяр хүргэж үг хэлжээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top