Дундговь, Булган, Говь-Алтай, Завхан аймаг хамгийн түрүүнд алга болно

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

“Хот улс” гэхээр уншигч таны сэтгэлд одоохондоо Ватикан, Андорра, Монако, Сингапур гэсэн харь холын нэрс төсөөлөгдөж байгаа байх. Гэхдээ тун удахгүй, Монгол Улсыг ганц Улаанбаатар хотоор төсөөлдөг болно. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаа ингэж зөгнөж байна. Засаг захиргааны хамгийн бага нэгж болох сумууд аль хэдийнэ устаад эхэлчихсэн бол 2050-2060 оны үед эхний аймгууд үгүй болно. Төр засгийн эрх мэдэлтнүүдийн гаргасан шийдвэр бүр нь аймгуудыг устгаж мөхөөхөд чиглэгдэж байгаа тул аймгуудын мөхөлтэй бид дээр дурьдсан хугацаанаас ч өмнө нүүр тулж мэдэх юм.  

Аль хэдийнэ устаад эхэлчихсэн сумууд

Үндэсний статистикийн хорооноос хүн амын өсөлтийн хэтийн төлөвийг төрөлт дээр суурилан тооцоолж гаргасан. Уг судалгаанд Орхон, Дархан Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Баян-Өлгийг эс тооцвол бусад бүх аймагт хүн амын тоо буурах графикаар явж байгааг тодорхой тусгаж өгчээ. Гэтэл үнэндээ Дархан Уул гэдэг нь Дархан хот, Орхон аймаг нь Эрдэнэт хот, Говьсүмбэр бол Чойр л шүү дээ. Бүх аймгийн хүн ам аажмаар буурч байгаа гэсэн үг. Хүн ам харьцангуй цөөтэй Дундговь, Говь Алтай, Булган, Завханд хүн амын бууралт хамгийн хүчтэй ажиглагдах нь. Задалбал, 25 жилийн дараа 15 сумтай Дундговь аймаг 26 мянга хүрэхгүй, 24 сумтай Завхан 31 мянга, 16 сумтай Булган 36 мянга, 17 сумтай Говь Алтай 35 мянга гаруй хүнтэй болж хоцрох нь. Эдгээр аймгийн хүн амын ойролцоогоор 20-30 хувь нь аймгийн төвдөө суурьшдаг. Төвийн хүн амын бууралт сумын хүн амын бууралтаас удаан байгааг бодолцвол 2040 он гэхэд энэ үзүүлэлт 30-35 хувьд лавтайяа хүрнэ. Баахан тоо бодсон бичлэг болчих гээд байгаа ч бодохоос өөр аргагүй нь. Гэхдээ чилээхгүйн үүднээс ганцхан Дундговь аймаг дээр жишээ авъя. 2040 онд тус аймгийн 26 мянган хүн амын 8000 орчим нь Мандалговь хотод оршин сууж, үлдсэн 18 мянга нь бусад 15 сумандаа амьдарч байх нь. Хар аргаар шууд хуваачихад нэг суманд 1200 хүн. Гэтэл аймгуудад одоо ч мянга гаруйхан хүн амтай, аль хэдийнэ “үхмэл” болоод эхэлчихсэн сум олон бий. Иргэдийн ихэнх нь үр хүүхдээ төв суурин газар бараадуулах хүслээр жигүүрлэсэн ахмад настнууд байдаг. Иргэд нь цаг нөхцөөсөн, хэдэн малаас өөр эдийн засгийн ямар ч эргэлт үгүй сум олон байгааг бид бүгд мэднэ.    

Тоо нь олширч, хүн ам нь цөөрөх аймгууд

Монгол Улс нийслэл хотын дараа орох засаг захиргааны том нэгж нь аймаг. 1921 оны Ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон монголчууд шинэ тутам байгуулагдсан улс орныхоо газар нутгийг эзэнтэй байлгах, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа баталгаажуулах арга болгон сонгож авсан засаг захиргааны нэгжийн хуваарилалт нь энэ. 1923 онд зургаан аймаг, 110 хошуунд хуваагдаж байсан бол 1932 онд 13 аймаг болгож, арай хожим Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дундговь, Сүхбаатар “өрх тусгаарласнаар” 18 аймаг болсон түүхтэй. Тэгвэл 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон гэсэн гурван аймгийг байгуулж, Улаанбаатараас өөр хотгүй болох шахсан. Аймгийн тоог ингэж нэмэгдүүлсэн ч хөгжүүлэх тал дээр маш хойрго хандаж ирлээ. Үүний үр дүнд аймгуудын хүн ам жил дараалан буурч байна.

Төрөлт буурах нь амьжиргааны төвшин, эдийн засгийн байдалтай холбоотой байдаг. Тэгвэл аймаг, орон нутагт төрөлт хот суурийн газрынхаас тотмол бага байгаа юм. Үндэсний статистикийн хорооны тайланд “1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Орхон, Ховд, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.6-4.2 пунктээр дээгүүр, бусад аймагт улсын дунджаас 0.3-13.4 пунктээр доогуур байсан” тухай дурьджээ. Гэвч аль аймагт хүн ам хичнээнээр буурсан гэсэн нарийн мэдээлэл авах боломжгүй аж. Энэ бол Статистикийн хорооныхны үндсэн арга юм. Бараа бүтээгдэхүүний үнийг тодорхойлохдоо “Өнгөрсөн долоо хоногийнхоос 0.2 хувиар өслөө” гэх мэтээр бичиж, мөнгөн дүн огт тавьдаггүй. Энэ нь тодорхой хугацааны дараа үнэ хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээлэл авах боломжийг үгүй хийдэг. Аймгуудын хүн ам маш хурдацтай буурч байна. Нийт хүн ам 65.6 мянгаар өссөний талаас илүү нь төрөлтийн хувь өндөртэй Улаанбаатар хотод ногддог. Гэтэл Нийслэлд жил бүр 30 орчим мянган хүн шилжиж ирдэг. Аймгуудын хүн ам жил бүр энэ хоёр тооны ялгавараар буурч байгаа гэсэн үг юм.

 

Улс доторх улс Улаанбаатар

 Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.4 хувьд 1.4 сая хүн оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэн, нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг “шингээж” байгаа юм. Эдийн засаг, улс төрийн гол төв болохынхоо хэрээр төрөлтийн хувь улсын дунджаас үргэлж дээгүүр байгаа бөгөөд шилжиж ирсэн иргэдийг оролцуулаад жил бүр дөрвөн хувиар өсч байна. ҮСХ-ноос гаргасан хэтийн төлөвт нийслэлийн хүн амыг 2040 онд 2.44 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Тэр үед Монгол Улсын нийт хүн ам 3.94 сая болно гэснийг хувьд шилжүүлбэл, нийт хүн амын 61 хувь нь ганцхан Улаанбаатар хотод төвлөрнө гэсэн үг юм.

 

Эрх баригчид хот улс байгуулахаар “ханцуй шамлажээ”

Нийслэлийн хүн ам эрчимтэй өсөхийн хэрээр шилжилт хөдөлгөөнийг багасгах аргыг хотын удирдлагууд санаачлан хэрэгжүүлэх болсон. Гэвч энэ нь татвар авах, шилжилтийн төлбөр авах, тодорхой хугацаанаас хойш шилжин ирэгсдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэхгүй байх гэх мэт хааж, боосон шинжтэй. Энэ нь Үндсэн хуульд заасан хүн амьдрах газар орноо сонгох эрхийг зөрчиж байгаа хэрэг. Зүй нь, төр санаачилга гаргаж, аймгуудад нийслэлд амьдарч байгаа мэт тэгш нөхцлийг бүрдүүлж ажиллах ёстой юм. Алслагдсан газар суурьшиж байгаа иргэд тээврийн зардлаас үүдэлтэй үнийн өсөлтийн золиос болж амьдардаг. Нийслэлд байгаа бараа бүтээгдэхүүнийг 10-20 хувийн нэмэгдэлтэйгээр худалдаж авдаг ч цалин, тэтгэвэрийн нэмэгдэл байдаггүй. Алслагдсан аймгуудын төрийн албан хаагчдад “Бүсийн нэмэгдэл” олгох талаар санаачилга гарч УИХ-аар хэлэлцэгдсэн ч хоосон яриа болоод өнгөрсөн. Бүсийн нэмэгдэл олгох асуудал УИХ-аар хэлэлцэгдэх үед “Хилийн бүс нутагт хүн амын 12 хувь нь л амьдарч байна” гэсэн жишээ дурьдагдаж байсныг ч анхаарахгүй орхиж боломжгүй.  

Христийн шашныг үндэслэгч Есүс нэгэнтээ “Баруун гар өгч байгааг зүүн гар бүү мэдэг” гэж сургасан нь бий. Төвлөрлийг бууруулах чиглэлд төр засгаас гаргасан шийдвэр баруун гараар нэгийг хийгээд зүүн гараараа устгаж байгаатай ялгаагүй байна. 1990-ээд оны эхээр гурван аймаг шинээр байгуулж, хот гэдэг засаг захиргааны нэгжийг үндсэндээ байхгүй болгосон. Өнгөц харвал, хотжилтыг сааруулах, аймгуудаа хөгжүүлэх гэж гаргасан шийдвэр гэмээр. Харин арай цааш нь өнгийгөөд үзвэл ердөө л улс төрийн зорилготой, сонгуулийн шинэ тойрог бий болгох тоглоом байх жишээтэй.

Баруун гараараа орон нутагт санхүүгийн эрх мэдэл олгоно гэсээр нийслэлийг эхний ээлжинд бие даалгасан. Ингэснээр нийслэлийн төсвөөс аймгуудад шилжүүлдэг байсан хөрөнгө үгүй болж, орон нутаг санхүүгийн хувьд улам хүндрэлтэй байдалд орлоо.

Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч төлөөллийн ардчиллыг хөгжүүлэх замаар  төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлсэн. Энэ нь орон нутаг дахь эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилготой. “Баруун” талаас нь харахаар төвлөрлийг сааруулахын утга учрыг ойлгоод байгаа юм шиг хэрнээ “УИХ-ын талыг нь нийслэлээс бүрдүүлэх ёстой” гэж зүтгэх. Ингэвэл УИХ дахь орон нутгийн лобби улам л хумигдана шүү дээ. Хотоос сонгогдсон гишүүн хотынхоо төлөө л ажиллана. Харин орон нутаг улам мартагдаж, мөхлийнхөө замд шуударна.

Аймгууд сөнөнө мөхнө гэж муу ёрлож байгаа ч юм биш. “Мал байгаа юм чинь бүр үгүй болно гэж юу байдаг юм бэ” гэх хүн ч гарах байх. Гэхдээ, мал маллахын эрхэнд орон нутагт амьдарна гэдаг нь эрт балрын үе рүү ухарна гэдэгтэй утга нэг. Төр засгаас аймгуудыг хөгжүүлэх талаар одооноос санаачилга гаргахгүй л юм бол гарцаагүй юм байдал үүсэх гээд байгаа учраас эртхэн сануулж байгаа  гэдгийг орон нутгийн иргэд ойлгоно биз ээ. 

Эрх баригчид ийм маягаар орон нутгийг боомилсоор байвал монголчуудын хойч үе удахгүй үхэр, хонио ялгахгүй шушмайнууд болж хувирна. Одоо ч эхний шинж тэмдэг нь мэдэгдэж байгаа шүү дээ. Үгээрээ нүүдлийн соёл иргэншил яриад үйлдлээрээ хот улс байгуулах үр дүн дагуулаад байх юм бол бид “Хөгжлийн” гэсэн гоё нэртэй 20-30 жилийн төлөвлөгөө боловсруулж яах юм бэ.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
агаа(183.177.98.82) 2017 оны 12 сарын 14

Битгий ийм тэнэг юм бичиж бай

0  |  0
Иргэн(202.9.43.94) 2017 оны 12 сарын 13

Монгол улсыг эзгүүрүүлэх далд санаа. Монголын Мафжсан төрийн бузар далд санаа байна. Монгол улсын тусгаар тогтнолыг доройтоход хүрэгсэн Монгол төрийн мафжсан улс орноо хулгайлагч зохион байгуулалттай луйварчин төртэй хатуу хариуцлага тооцох ёстой. Огцорсон болон шинэ болсон хулгайч ерөнхийлөгчөөс нь эхлээд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

0  |  0
lord(66.181.182.187) 2017 оны 12 сарын 13

BUSCHILSEN HOGJLIIN BODLOG IIM BOLGOJ BAIGAAM OOROOR HELBEL ALAGVHILJ BAIGAAM

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 12 сарын 13

Tord dandaa um uzeegui bolovsrolgui, uls ornoo boddoggui hymyys songodogiin gai shyydee, Aimgiin zasag darga nar 30 aad jil yuch hiisengui eeljil darga ner vaad l duusaa , eroosoo hogjsongui. Mongold mergejliin statistikiin gazar baidagt hymyys ni yuch hiihgui, toriinhon ni uls orniihoo strategiin baidal yamar hemjeend baigaag medehch hyn baihgui ,,,zovhon UB-t bygseer ayul bolvol amarhan ezlegdeh hemjeend ochson baina daa, aimshigiin dohio !!!!

0  |  0
пр(66.181.181.119) 2017 оны 12 сарын 13

Есусийн сургаалыг ойлгохгуй бол битгий жишээ ав малаам дор монгол

0  |  0
Иргэн(139.5.219.210) 2017 оны 12 сарын 13

Маш зөв асуудал хөнджээ. Манай төр засаг хүн амаа бүр тодруулбал улс үндэстнээ яаж хөгжүүлэх талаар бодлого гэж яг үнэндээ алга!!!

0  |  0
ООО(49.0.213.36) 2017 оны 12 сарын 13

ЭНЭ ҮЙЛ ЯВЦАД ХЭН Ч ЯЛАНГУЯА МИНИЙ МЭДЭХГҮЙ ДҮҮЖЛҮҮРИЙН БООЛ JUDUUD МЭДЭХГҮЙ ЗААХГҮЙ ТЭР Т1-ИЙН ААВ (MESSIAH) ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ ХУЦДАГ ИШЛЭЛ АВАХ ХҮНЭЭ МӨН ОЛЖ ДЭЭ F F F THAT !!!

0  |  0
ОО(49.0.213.36) 2017 оны 12 сарын 13

ХӨДӨӨ НУТАГ САЙХАН УДАХГҮЙ ХҮМҮҮС ХОТООС ХӨДӨӨ СОНГОХ БАЙХ ҮҮНД ДЭД БҮТЦИЙГ БАГА УЛСЫН ХЭМЖЭЭНД ТУЛТАЛ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ БҮГД НУТАГТАА БҮГНЭ. ОДОО БОЛ БИД ЗҮҮН БАРУУНААСАА НИЙЛЖ ЦУС ХОЛИЛДОН ШИНЭ МОНГОЛ ГАРГАЖ АВЧ БАЙНА

0  |  0
yaandaa yaana(66.181.179.74) 2017 оны 12 сарын 13

manai turd dandaa tolgoi myytai hvmvvs gardag ychir egch opnii ireedvi arilaad bga yum

0  |  0
ork(66.181.178.167) 2017 оны 12 сарын 13

huduunii haltaruudiig hotoos zailuul

0  |  0
Top