Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2018 оны 02 сарын 08

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйнингийг /2018.02.05/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Дэд дарга Ц.Нямдорж ноён Марк Кэйнингт суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж шинэ ажилд нь амжилт хүсээд Азийн сан нь хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээрээ дамжуулан Монгол Улсын хөгжил дэвшилд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.

Суурин төлөөлөгч Марк Кэйнинг “Манай хоёр байгууллага өнгөрсөн хугацаанд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, албан хаагчдын чадавхийг сайжруулах чиглэлээр түлхүү хамтран ажилласан. Манай сан одоо ч авлигатай тэмцэх асуудалд анхааран ажиллаж байна. Бид танай байгууллагатай хамтран анхлан суурийг нь тавьж байсан хувийн хэвшил дахь авлига болон соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна” гээд цаашид ямар чиглэлээр хамтран ажиллах талаар саналаа солилцохыг хүсэв.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн гишүүдийг сургах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг улам гүнзгийрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтой”-г онцлон тэмдэглээд хоёр талаас ажлын хэсэг байгуулж хамтын ажиллагааны чиглэлээр нарийвчлан тогтох саналаа илэрхийллээ.

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, Азийн сангийн Төрийн албанд засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх төслийн менежер А.Баянмөнх нар оролцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top