Ерөнхий сайд У.Хүрэлсүх Наурыз баярын мэндчилгээ дэвшүүллээ

 

2018 оны 3 дугаар сарын 22

Монгол Улсын нийт казах иргэд ээ,

Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ!

Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгож буйг билэгшээн өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдөр улс хотлоороо өргөн дэлгэр тэмдэглэдэг олон зуун жилийн түүхтэй  дорно дахины ард түмний уламжлат  шинэ жил-Наурыз баярын сайхан өдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, суралцаж, нийгмийн бүх салбарт ажиллаж байгаа  нийт казах иргэд Та бүхэндээ  Монгол Улсын Засгийн газар болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, түмэн олноороо эрүүл энх,  эгэл хотлоороо амар амгалан,  дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Наурызын баяраар “Наурызын өдөр дайснаа хүртэл уучил”, “Мууг сайнаар дайл” гэсэн өвөг дээдсийн сургаалыг ёсчлон биелүүлж,  эв эеийг эрхэмлэн, ахас дээдсээ хүндлэн дээдэлдэг сайхан уламжлалтай.

Амьдралын үндсийн үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлст томоохон ач холбогдол өгдөг гүн гүзгий утга агуулгатай. Тиймээс  7000 жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн, дэлхий дахины дөч гаруй орны  300 сая хүн өргөн хүрээнд, ёс төгөлдөр тэмдэглэж байна.

Тийм ч учраас энэхүү баярыг  НҮБ-ын Соёл, шинжлэх ухаан, боловсролын асуудал хариуцсан байгууллага (ЮНЕСКО) биет бус соёлын үнэт өвд бүртгэж, жил бүрийн гуравдугаар сарын 22-ыг Олон улсын Наурызын баяр болгон тэмдэглэхийг тунхаглан зарласан билээ.

Манай орны төр засаг болон төрийн бус байгууллагууд ч томоохон ач холбогдол өгч, энэ өдрийг Баян-Өлгий аймагт амралтын өдөр болгохыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулж, Наурыз баярыг жилээс жилд уламжлал шинэчлэлийг оновчтой хослуулан үр өгөөжтэй тэмдэглэх болсныг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Улиран өнгөрч буй “Алтан унжлагат” тахиа жил бидэнд үр өгөөжөө өгсөн, бас ухаарал үлдээсэн жил байлаа. Улсын эдийн засаг 5 хувиар өсөж, амьдрал ахуй сайжрах эхлэл тавигдлаа.

Буянт мал сүрэг 66 саяд хүрч, гадаад валютын нөөц 3.2 тэрбум долларт хүрч өслөө. Монгол Улсын экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төсвийн орлого  өмнөх жилүүдээс  эрс нэмэгдэж, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл нь сэргэж эхэлсэн нь та бидний хичээл зүтгэлийн үр дүн юм.

Айлчлан ирж буй нохой жилд энэхүү ололтоо бататгаж, улам ихийг бүтээж,  улс орны эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах,  тэтгэвэр тэтгэмжийг өсгөх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх болно.

Үүнд ажилч хичээнгүй, хөдөлмөрч казах түмэн Та бүхэн багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эртний уламжлал, удам судраа түшин, буурал дээдсийн үеэс өнөөг хүртэл зузаан түүхийг бүтээж яваа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч  казах түмэн,  эх орон төрөлх аймаг, орон нутгаа  хөгжүүлэхийн төлөө, ихийг бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн  байдгийг Наурыз баярын энэхүү билэгт сайн өдөр тэмдэглэн хэлэхэд  таатай байна.

Цаашид Засгийн газар, МАН казах иргэдийн талаарх бодлогыг анхаарлынхаа төвд байлгаж ажиллах болно.

Уламжлалт Наурыз баяраа тэмдэглэж буй нийт казах иргэддээ шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, Ахтаан найрагчийн Агига бүргэд шиг эр зоригтой, домборын аялгуу шиг цог золбоотой, домогт Толбо нуур шигээ арвин тансаг дастархантай, идээ цагаа элбэг дэлбэг байж, амьдрал ахуй тань дэвжин дээшлэхийн ерөөл дэвшүүлье.

Та бүхний ажил, амьдрал ямагт өөдрөг байж, санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж, буян заяа тань зүйл бүрээр  дэлгэрэх болтугай.

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

насаа [ 122.201.24.34 ]      |     2018 оны 3-р сарын 22 -нд, 08:54 минутанд

Сайхан байна. Аз жаргалтай ард түмний Ерөнхий сайд ийм арга хэмжээнд оролцсон нь сайхан байна. Бас Казах түмэндээ баяр хүргэе. казакууд ажилсаг, эвсэг, сайхан түмэн шүү.

ЗОЧИН [ 103.57.95.140 ]      |     2018 оны 3-р сарын 22 -нд, 07:58 минутанд

ДУУЧИН АРИУНААГИЙН ТӨРСӨН ӨДӨР ОЧООД , НАУРЫЗЫН БАЯРААР БАС НАЙРЛААД НАЙР НААДАМТАЙ ,ЦАГ ЗАВ ИХТЭЙ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙХ Ч САЙХАН ЮМАА . . .

Go to top of page