Зохиомол хээлтүүлэг хийсэн хангай үүлдрийн хониноос найман төл хүлээн аваад байна

2018 оны 04 сарын 21

Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Булган аймгийн цөм сүргийн салбар нэгжид үржүүлж буй нарийн ноост Хангай үүлдрийн эм хонинд гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн ажлын үр дүн гарч одоогийн байдлаар эхний 8 толгой төл хүлээн аваад байна. Нарийн ноост хангай үүлдрийн хонь нь Булган аймгийн Бүрэгхангай суманд хаваржиж байгаа бөгөөд төвийн мэргэжилтнүүд хуваарь гарган, малчны хотонд очиж төл хүлээн авахад мэргэжил арга зүйгээр ханган ажиллахаас гадна хурганы дулаан элгэвч оёж, малчин айлд өглөө.

 

 

Зохиомол хээлтүүлэг Монгол Улсад анх нэвтэрсэн түүх

Монгол улс нь хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангах, хүнс, хөнгөн үйлдвэрийн түүхий эдийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх арвин ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор зохиомол хээлтүүлгийн аргыг 1953 онд анх нэвтрүүлж 1958 онд  “Малын зохиомол хээлтүүлгийн төв станц”-ийг байгуулснаар Малын удмын сангийн үндэсний төвийг суурийг тавигдсан юм. Энэ онд тус байгууллагын 60 жилийн ой тохиож байна.

Манай улс /1965-1990 онд/ бүх аймагт салбар станциуд ажиллаж жилдээ 1.0 сая хонь, 40.0 гаруй мянган үнээ, 80 гаруй мянган ямааг зохиомлоор хээлтүүлж байсан өргөн хүрээтэй үржлийн ажлын үр дүнд урьд өмнө огт байгаагүй махны үүлдрийн үхэр, буржгар хурганы арьсны болон нарийн, нарийвтар ноост хонины үүлдрүүд, ноосны чиглэлийн ямааг шинээр бий болгосон.  Энэхүү ажлыг маш олон мал аж аж ахуйн мэргэжилтэн, эрдэмтэн, доктор, эрдэм шинжилгээний ажилтан нарын олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон байдаг.

Зохиомол хээлтүүлэг гэж юу вэ?

Бусдаас давамгай үржлийн үнэт чанар  бүхий шилмэл хээлтүүлэгчийн үрийг зохих технологийн дагуу авч,  хадгалаад хээлтэгч малын орооны үед үр тогтоох зорилгоор нөхөн үржихүйн эрхтэн системд зохиомлоор шахах арга ажиллагаа юм.

Мал, амьтан хээлтүүлэг хийх арга байдаг вэ?

  1. Дур зоргийн хээлтүүлэг
  2. Гардан хээлтүүлэг
  3. Зохиомол хээлтүүлэг

Энэхүү арга нь биотехнологийн шинжлэх ухааны хамгийн  хялбар, оновчтой, хямд арга бөгөөд гэрийн тэжээвэр амьтны удам зүйг сайжруулахад түгээмэл хэрэглэгддэг. Зохиомол хээлтүүлэг хийхдээ байгалийн буюу өөрын ороогоор  дааврын бэлдмэл ашиглаж ороог оруулж хээлтүүлэг хийж байна.

  • Биотехнологийн хамгийн хялбар оновчтой арга
  • Хямд арга
  • Генетик дэвшлийг түргэн хугацаанд түгээх арга
  • Үргүйдэл, сувайралтанд нөлөөлөхуйц нөхөн үржихүйн замын халдвараас сэргийлэх оновчтой арга
  • Үнээний саалийн хугацаа, ширгэлт, тугалалт гэх мэт аж ахуйн менежментийг зөв төлөвлөхөд тустай арга

Ямар мал, амьтан зохиомол хээлтүүлэг хийх боломжтой вэ?

  • Зохиомол хээлтүүлгийн аргыг одоогийн байдлаар үхэр, хонь, ямаан дээр хийхээс гадна хурдан удмын адуу дээр хийж байна.

Зохиомол хээлтүүлгийн дагуу тал:

  • Өндөр ашиг шимт хээлтүүлэгчийн үрийг олон жил ашиглаж маш олон тооны хээлтэгчийг хээлтүүлэх боломжтой.
  • Дур зоргын хээлтүүлэгт нэг бухыг сайндаа л 3-5 жил ашиглаж, хамгийн ихдээ 200 үнээ хээлтүүлэх боломжтой бол зохиомол хээлтүүлэгт ашиглах шилмэл бухны үрээр 750 мянган үнээг хээлтүүлэх боломжтой.
  • Үүлдэр угсаа сайн бухны үрийг ашигладаг тул үхэр сүргийнхээ удам угсааг сайжруулах давуу талтай.
  • Удам угсаа сайтай малтай болсоноор нэг малаас авах ашиг шим дээшлэнэ. Энэ хирээр ашиг орлого нэмэгдэнэ.
  • Үргүйдэл, сувайралтын үндсэн шалтгаан болох нөхөн үржихүйн замын эмгэг, халдвар тархахаас найдвартай урьдчилан сэргийлдэг.
  • Учир нь эрүүл мэндийн бүрэн үзлэгт оруулж, эрүүл гэдэг нь батлагдсан шилмэл хээлтүүлэгчээс ариун цэвэр, эрүүл ахуйн чанд дэглэмийн дор авсан үрээр нэг удаагийн хэрэглээний цэвэр багаж , хэрэгсэл ашиглан хээлтүүлэг хийдэнэ.
  • Үржүүлгийн бусад аргаас хямд зардалтай
  • Хээл авалтын хувь өндөр
  • Үнээг хээлтүүлсэн хугацаа тодорхой тул саалинд хамрагдах хугацаа, ширгэлт, төллөлт гэх мэт аж ахуйн менежментийг зөв төлөвлөхөд тустай арга.

Зохиомол хээлтүүлгийг ямар хүн хийх вэ?

Зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг малын нөхөн үржихүйн зохих мэдлэгтэй, дадлага туршлагатай,   хээлтүүлгийн техникч гүйцэтгэдэг. Мэргэжлийн байгуулгаас явуулдаг Анхан болон давтан сургалтанд хамрагдана байна. Хээлтүүлгийг 1 буюу 2 удаа хийдэг. Хээлтүүлэгт ашиглах гүн хөлдөөсөн үрийг 37 0С –д гэсгээж үрлэгээд ашиглана. Үрлэгээ хийж буй үрийн идэвхи хөдөлгөөний  микроскопонд үзэж үнэлгээ өгч байвал зохино.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top