Яармагийн гүүрийн бүтээн байгуулалт энэ оны 11 сард дуусна

2018 оны 04 сарын 21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Яармагийн шинэ гүүрийн барилгын ажлын явцтай /2018.04.20/ танилцлаа. Энэ нь 250,2 урт,  20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болох юм. Үндсэн гэрээгээрээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээлгэж өгөх юм байна. Гэхдээ ажил 70 хувьтай явж байгаа тул 7 дугаар сарын 11 буюу наадмын өмнө шинэ үндсэн гүүрээ ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээх зорилго тавьжээ. Мөн хуучин гүүрийг засах ажилд орж, 11 дүгээр сар гэхэд хоёр гүүрийг хөдөлгөөнд оруулахаар төлөвлөн ажиллаж буйг ажил гүйцэтгэгчид хэлж байлаа. Төлөвлөсөн ажил графикийн дагуу, 24 цагаар, яг цагтаа явж байгаа аж.

Хотын дарга С.Батболд технологийн горим, хугацааны хувьд яаж явж байгааг энэ үеэр тодрууллаа. “Гүүрийн ажил технологийн дагуу, нэлээд шахуу, шаргуу явж байгаа. Энэ оны гуравдугаар сарын 20-ноос гүүрийн бэлтгэл ажил эхэлсэн. Үндсэн хэсгийг наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэдгийг Зөвлөх компанийн хяналтын багийн ахлагч хэлж байв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн дундуур урсдаг Туул гол дээгүүрх гүүр 1960-аад оны эхээр ашиглалтад орсон. Бараг 60 жилийн насжилттай. Яармаг, Сонсголон, Баянзүрхийн зэрэг хуучин гүүрүүдийг иж бүрнээр шинэчилж байна. Зайсангийн гүүр үлдэж байгаа. Хотын төв дэх гүүр учраас Зайсангийн гүүрийг нэлээд гоёмсог хийхээр зураг төсөл гаргасан. Үүнийг хот өөрийн төсвөөр хийх бодолтой байгаа. Ингэснээр Туул гол дээгүүрх гүүрэн байгууламж бүгд шинэчлэгдэнэ.

Яармагийн гүүр бол нийслэл рүү баруун урдаасаа ордог хамгийн том гарц төдийгүй Улаанбаатар хотыг Олон улсын нисэх онгоцны буудалтай холбодог. Мөн бид Яармагт Улаанбаатар хотын бизнесийн шинэ төвийг цогцлоохоор болж байгаа. Энэ нь уг гүүрийн ач холбогдлыг улам нэмж байна. Шинэ гүүрийн шавыг бид өнгөрсөн жилийн тавдугаар сард тавьсан. 2017 оны зун, намар эрчимтэй ажилласан. Графикийн дагуу 2019 оны нэгдүгээр сард ашиглалтад өгөх боловч барьж буй компаниудын амлаж байгаагаар үндсэн гүүрээ энэ оны наадмын өмнө ашглалтад оруулъя. Туслах гүүр, замуудаа 10 дугаар сард оруулъя гэж байгаа. Ингэснээр 10 дугаар сар гэхэд нийслэлчүүд цоо шинэ гүүртэй болно гэсэн үг. Баянзүрхийн гүүрийн ажил 4 дүгээр сарын 5-нд эхэлсэн. Энэ зундаа гүүрийн тулгуур, дам нуруу тавих ажил хийнэ. Энэ ажлууд бүгд 2019 оны өвөл гэхэд дууссан байхаар төлөвлөөд байна.

Яармагийн гүүр Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмэхээр гүүр болно. Дан гүүр биш, уулын арын замаас орж ирсэн давхар гүүр болно. Цаашаа гуравдугаар цахилгаан станцын уулзвар, хотын төв, Гурвалжингийн гүүр рүү явах туслах гүүрүүдтэй болно. Ажилд нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хяналт тавиад ажиллаж байна” гэж ярилаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top