“ӨМХИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ИЙН ӨНӨӨГИЙН ТӨРХ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 27

Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг Хятадын санхүүжилтээр шинээр барих хэлэлцээрийг энэ хавар л дөнгөж хийгээд байна. Байгуулагдсан цагаасаа хойш хагас зууныг элээсэн Төв цэвэрлэх байгууламж нь ачааллаа дийлэхээ байж, бетонон хана нь цуурсны улмаас тэг зогсолт хийн засвар хийхгүй бол горьгүй болсон учраас тэр. Шинэ байгууламж баригдах хүртэл нийслэлчүүд өмхий үнэртэйгээ хамт зусах нь тодорхой. Тэгвэл элэгдэж хуучирсан өнөөгийн байгууламжийн маань байдал төрх яг одоо ямархуу байгаа вэ. Ачаалал өндөртэйн дээр засварын ажлыг дорвитой хийж чаддаггүй гэнэ. Шинэ Ерөнхий сайд томилогдох бүртээ эдний ажилтай танилцан, яаралтай шийдвэрлэх асуудлынхаа нэгт тавина, шийдэж өгнө гэж хэлээд явдаг ч тэр нь мартагдаад алга болдог байсан юм. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, эрвийх дэрвийхээрээ ажиллаж ирсэн төв цэвэрлэх байгууламжийнхан яаралтай засвар хийхгүй бол бохирыг шууд Туул гол руу нийлүүлнэ гэх сүрдүүлсэн маягийн мэдэгдлийг ч хийж байв. Арга ядсандаа тэр биз. Энэхүү үйл явдлын шуугиан нь тус байгууламж хоёр өдөр тэг зогсолт хийн, бетонон хананы цууралтаа зассанаар намжсан юм.

Төв цэвэрлэх байгууламжийн эргэн тойронд нь өмхий үнэр бүхэлдээ тархсан байх авч энэ хавийн иргэд аль хэдийнэ дасал болжээ. Төв цэвэрлэх байгууламжийн хашаанд ороход л амьсгал авахад тун бэрх. Ийм орчин ажиллаж буй ажилтнуудын эрүүл мэндэд ямар их хохирол учирч байгаа ойлгомжтой. Тус байгууламжийн албаны дарга Н.Одхүү “Манай үйл ажиллагаа хэвийн байгаа. Ирэх зургаадугаар сард бетонон ханаа засч, уснаас  хамгаалах түрхлэгээ түрхэнэ. Ер нь бетонон хэсгүүдийг засахад тун бэрхшээлтэй байдаг юм. Үргэлж усан дунд байдаг учраас тэр шүү дээ. Гэтэл бетонон хэсгүүд 40-50 жил, багадаа 20 жил болчихсон. Хэзээ дахин цуурахыг хэлэхэд бэрх. Бусад тоног төхөөрөмжийг жил бүрийн урсгал засварын ажлаар засахыг нь засаад, солихыг нь сольчихдог. Энэ жил гэхэд манайх нийтдээ 300 гаруй сая төгрөгийн засвар хийсэн. Тулгамдаж буй бас нэг асуудал бол үйлдвэрүүд бохирдол  ихтэй усыг шууд манайд нийлүүлж байгаа явдал. Үүнээс болж тоног төхөөрөмжид асуудал үүсдэг. Манайх бол зөвхөн ахуйн хэрэглээний усыг цэвэршүүлэх ёстой юм шүү дээ” гэлээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 400 гаруй үйлдвэрүүд бохир усаа урьдчилан цэвэршүүлэлгүйгээр эднийх рүү нийлүүлдэг. Үүнээс болж төв цэвэрлэх байгууламж нь бохирдлыг бүрэн цэвэршүүлж чадалгүй Туул голд цутгаж байна. Гэтэл Туул гол маань нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр. Цагтаа цэвэр цэнгэг байсан бол хамгийн их бохирдолтой голын тоонд зүй ёсоор орно. Төв цэвэрлэх байгууламжаас хоногт 160 мянган м.куб бүрэн цэвэрлэгдээгүй ус энэ голд нийлж, ойр орчимд байдаг арьс ширний үйлдвэрүүдийн “буянаар” Хатан Туул хангалттай их бохирдож байгаа. Үүн дээр амрах нэрийн дор хамаг хогоо хаяж, машинаа хэнэг ч үгүй угаадаг иргэдийн хувь нэмэр бас бий. Цэвэр усны нөөц дэлхий даяар хомсдох  аюул нүүрлээд буй энэ цагт гадаргын усаараа алт угаан ширгээж, гүнээ усаа ариун цэврийн өрөөний суултуураараа урсгачихдаг улс манайхаас өөр үгүй байх. Дэлхийн цэвэр усны нөөц 2025 онд, харин Ази тивийн усны нөөц 2018 гэхэд дуусна хэмээх судалгааны дүнг эрдэмтэд гаргасан байна. Харин манайхны хувьд хэтэрсэн их хэрэглээгээ хэмнэхгүй бол энэ хугацаанаас өмнө цэвэр усны нөөцөө шавхахад тун дөхсөн тухай томоохон эрдэмтэд хэдэнтээ хэлжээ. Анхлан улсын цэвэр усны нөөцийг тогтоох судалгааг 1977 онд зөвлөлтийн ах нар хийж, 230 мянган м.куб гэсэн дүнг гаргасан байдаг аж. Харин одоогоор хэдий хэмжээний нөөц байгаа талаар тодорхой тоо үгүй. Орон сууцад амьдарч буй нэг иргэн хоногт 230-350 л, гэр хорооллын иргэн 4-8 л ус хэрэглэдэг, түүнчлэн хэдэн айл хашаандаа гүний худаг гарган хэдий хэмжээний ус хэрэглэж байгааг тооцоолохгүй боломжгүй гээд бодохоор дээрх дүн хэд дахин багассан гэдгийг тоймлон үзэж болно. Энэ мэтээр бидний цэвэр усны нөөц хорогдсоор байна.

Зүй нь үйлдвэрүүд дэргэдээ жижиг хэмжээний ус цэвэршүүлэх  байгууламжтай байх ёстой бөгөөд түүндээ бохироо цэвэршүүлж, тодорхой стандартыг хангасан усаа төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх юм. Ингэснээр төв цэвэрлэх байгууламж усаа бүрэн цэвэршүүлэх боломж бүрдэнэ гэдгийг ТЦБА-ны дарга Н.Одхүү мөн хэлж байв.

Бидний ундны усны эрүүл аюулгүй байдал тус байгууламжтай асар их холбоотой. Гэтэл хуучирсан тоног төхөөрөмж, хүчин чадлын дутуугаас үүдэн усны бохирдлыг бүрэн цэвэрлэж чадахгүй байна.

 

Б.Бадамгарав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top