Хүн бүр жилдээ нэг мод тарих хуулиа биелүүлье

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 27

Монголд хууль гууль болдгын маш том жишээг энд дурдах гэж байна. Тодруулбал, “Ойн тухай” хуулинд Монгол Улсын иргэн бүр жил бүр нэг мод, аж ахуйн нэгж бүр таван мод тарьж байхаар заасан байдаг. Гэвч өнөөдөр хүн бүр жилдээ  нэг мод тарьж хуулиа биелүүлсэн үү гэвэл, юу л бол.

Мөн мод тарихтай холбогдсон бас нэг хуулийн заалт буй. Тэр нь “Газрын тухай хууль”-ийн 56.6-д зааснаар хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрынхаа 10 хувиас доошгүйг ногоон байгууламжтай байлгахаар заажээ. Гэвч өнөөдөр манай улсад эзэмшсэн газартаа эзэн сууж, моджуулах ажлыг албажуулж, хуулиар хүлээсэн үүрэг хэмээн сэтгэдэг хэчнээн хүн, албан байгууллага  байгаа бол. Тоолоод үзвэл тунч цөөхөн хүн гарах биз. Ингээд л бодохоор мянган сайхан хууль байгаад дагаж мөрдөхгүй бол цагаан дээр хараар бичсэн цаас төдий л зүйл болоод байгаа юм. Уг нь монголчууд хуулиа дагаж мөрддөг бол өнөөдөр бид тоосондоо даруулж, шороотойгоо хутгалдаж амьдрах нь арай л бага байх байлаа.

Хүн бүр хуулиа мөрдөөд жил болгон нэг мод тарьж ургуулдаг байсан бол Монгол орон маань тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын маань ногоон байгууламж өргөн хүрээг хамрах байлаа. Гэвч бид тэгэж чадсангүй.  Хөгжилтэй орнуудын жишгээс харахад хот суурины эдэлбэр газрын 20-иос доошгүй хувь нь ногоон байгууламж байдаг бол манай оронд энэ үзүүлэлт 2-3 дахин бага байна.

Ганцхан га талбайг моджуулснаар гайхамшгийг бүтээж болно

Нэг га талбайд мод сөөг, зүлэг тарихад 18 сая м3 агаар дахь утаа тортгийн 35.5 хувийг шингээж, агаарт дэгдсэн тоос, шорооны 64.5 хувийг намжаах, дуу, шуугианы 26 хувийг замхруулж, нарны хурц төөнөлтийн 10-15 дахин багасгаж, аагим халуун, цочир хүйтрэлийг 2-3 градусаар бууруулах нөлөөтэйг тогтоожээ. Үнэхээр гайхалтай. Байгаль орчноо хайрлаж, нөхөн сэргээж, мод сөөг тарьснаар орчин тойрноо хэрхэн эрүүлжүүлж болдогын тод жишээ энэ биз ээ. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top